УИХ-ын гишүүн Б.Батбаярын хүү луйвар хийж татвар төлөгчдийн мөнгөнөөс тэрбум төгрөг халааслажээ

“УИХ-ын гишүүн болохын ач холбогдол юунд байна гэж та бодож байна вэ” гэсэн асуултад олон хүн идэж уухын тулд гэж хариулсан судалгаа бий. Тэр судалгааг нотлох гэсэн мэт манай парламентын гишүүд болон тэднийг тойрон хүрээлэгчид мөнгө төгрөг идэж шамшигдуулсан асуудалд орооцолдсоор байна. УИХ-ын гишүүн Д.Дондог, А.Тлейхан зэрэг даруухан гишүүдийн ойр тойрныхон “дуугүй хүний доодох нойтон” гэдэг үлгэрийг үзүүлж байгаа юм. Харин саяхнаас УИХ-ын гишүүн Батж.Батбаяр буюу Мо даргын хүү Б.Баттулгын төсвөөс нэг тэрбум төгрөг “хуссан” асуудал босч иржээ. Тэрээр “Спейшл” компанийнхаа нэрээр  БОАЖЯ-наас зарласан агаарын бохирдлыг шинжлэх тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт оролцож бараг луйварын аргаар шалгарсан ч эвдэрхий тоног төхөөрөмж нийлүүлж төсвийн нэг тэрбум төгрөгийг үрэн таран болгосон гэнэ. Энэ тухай Өдрийн шуудан сонинд мэдээлэхдээ “Тендерийг гардан зохион байгуулсан БОАЖЯ-ны Төрийн захиргаа удирдлагын дарга Д.Бямбааг ажлаас нь халсан ч эвдэрхий тоног төхөөрмж нийлүүлсэн УИХ-ын гишүүн Батж.Батбаяр болон түүний хүү Б.Баттулга нарт ямар ч хариуцлага тооцоогүй байна” хэмээн онцолжээ. Нэг тэрбум төгрөг гэдэг их мөнгө тэр тусмаа татвар төлөгчдийн “тамирын мөсийг долоох шахаж” байж олсон мөнгө гэдгийг мартаж болохгүй. Энэ их мөнгөөр юу хийж болохыг эрхэм гишүүн хүүтэйгээ сууж байгаад тооны машинд бодоод үзээсэй. Ядаж зам нь там болсон Баянхонгорынхонд зориулсан бол бас яая гэхэв. Мо даргад монголоо гэсэн сэтгэл дутаж дээ, яах аргагүй.


URL:

Сэтгэгдэл бичих