ГУРВАНТЭС СУМАНД ЖАСТИН КАПЛАГИЙН БАЛАГ ҮРГЭЖИЛСЭЭР БАЙНА ГЭВ

olloo_mn_1528363327_151390 (1)Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэд өнөөдөр нутгийнхаа газар шорооны төлөө тэмцэж буйгаа илэрхийлж мэдээлэл хийлээ.

Тодруулбал, тус сумын иргэдийн төлөөлж ирсэн Л.Сүрэнхүү, Т.Дүүмаам, Э.Сэржмядаг нар “Тост, Тосон бумбын нуруу, Хөвд, Хуршуутын голоо аварья” сэдвээр мэдээлэл хийсэн юм. Өнөөдрийн байдлаар суманд хууль бус, зах замбараагүй ажиллаж байгаа уул уурхайн нөлөөнд хүчтэй автаж, хамгийн сайхан байгальтай, нутгийн иргэдийн ундны эх үүсвэр болсон хоёр Баянбүрдэд аюул нүүрлэх болжээ.

Говь цөлийн бүсийн эмзэг экосистем, нэн ховор, ховор амьтад бүхий Тост, Тосон бумбын нуруу орчмын нутаг дэвсгэрийг Улсын тусгай хамгаалалтад авсан боловч “Сауд Гоби коэл транс” ХХК-ийн эзэмшлийн талбайнууд хамгаалалтын бүсэд оролгүй үлдсэн байна. Иймд Гурвантэс сум уул уурхайн үйлдвэрлэлд нэрвэгдэж, Тост, Тосон бумбын нуруу орчмын нутаг дэвсгэр, нутгийн иргэдийн ундны эх үүсвэр болсон Баянбүрдүүд ширгэхэд хүрээд байгаа тухай хэлсэн юм.

Гурвантэс сумын иргэн Л.Сүрэнхүү “2017 оны гуравдугаар сараас эхлэн “Сауд Гоби коэл транс” ХХК-ийн хоёр тусгай зөвшөөрөл хууль бус олгогдсон гэж үзэж нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсан. Хэрэг хянан шийдвэрлэж дуустал энэ компанийн үйл ажиллагааг түр зогсоож өгөх, хууль бус материал их байгаа учраас шинжээч оруулж өгөөч гэсэн хоёрхон хүсэлтийг тавьсан боловч өнөөдрийг хүртэл шүүх хурал 20 гаруй удаа хойшилсон.

Биднийг ингэж тэмцэж явж байх зуур малын бэлчээр, уух усгүй болгож байна. “Сауд гоби коул транс” ХХК нь Жастин Каплагийн компани. Үүнээс гадна УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Б.Чойжилсүрэнгийн компанийн үйл ажиллагааны дүнд Монголын 33 их говийн нэг Хөхөлцгийн говь устаж үгүй болох гэж байна. Мөн энэ компаний тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах асуудалд Худалдаа Хөгжлийн банк тээг тавьж байгаа. Учир нь “тус компани манайд их хэмжээний зээлтэй учраас үйл ажиллагааг нь цаашид саадгүй явуулж өгнө үү” гэсэн шалтгаанаар гуравдагч этгээдээр оролцсон.

Тэгээд зогсохгүй Худалдаа Хөгжлийн банкны зүгээс шүүх хурлыг хаалттай явуулах тухай удаа дараа хүсэлт гаргасан.  Хууль бус үйлдэл ихтэй болохоор хаалттай явуулахыг хүсч байгаа нь ойлгомжтой. Бид Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд, БОНХАЖЯ, Ашигт малтмалын газар, Уул уурхайн яам гээд бүх л газар хандаж үзлээ. Бидэнд ээлтэй хариу ирээгүй, бидний эсрэг шийдвэр гаргадаг. Хууль мөнгөтэй эрх мэдэлтэй уул уурхайн компанид үйлчлэхээ больжээ. Шүүхийн шийдвэрийг хүлээсээр байтал хоёр Баянбүрд мөхөх аюул нүүрлэлээ. Сумын иргэд тэр чигээрээ усгүй болно гэсэн үг ” хэмээлээ.

Ингээд түүнээс цөөн асуултад хариулт авлаа.

-“Сауд гоби коул транс” компани ямар зөвшөөрөлтэй юм бэ. Одоо үйл ажиллагаа явуулдаг юмуу?

-Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй. Хугацаа нь дууссан байсан ч өнгөрсөн жил үйл ажиллагаа явуулах эрхээ сэргээлгээд өнөөдөр байдлаар ажиллаж байна. Өнгөрсөн оны гуравдугаар сараас үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд одоо Хөвд, Хуршуутын голоос бараг 1 км хүрэхгүй зайтай газар зам засах, уурхайн талбайгаа тойруулан ухах зэрэг ажлыг эхлүүлсэн. Хууль бус үйл ажиллагаа явуулдаг компани.

-Гурвантэс сумын нутаг дэвсгэрийн хэд нь лицензтэй вэ? 

-Нийт нутгийн 70 гаруй хувьд лиценз олгосон байгаа юм. Дээрх шүүх хурлын шийдвэрийг харсаар байтал хоёр сайхан бүрд ширгэж үгүй боллоо. Уул уурхайн нөлөөллөөс болж Алтайн нурууны урд талын цэг болох Тост, Тосон бумбын нурууны экосистемийн хэв шинж, аюул эрсдэл орсон бөгөөд ус, бэлчээр, ан амьтад, биологийн олон янз байдал бидний амьдрах орчинд өөрчлөлт гарч болзошгүй болоод байна.

-Б.Чойжилсүрэнтэй та нар уулзаж байсан уу?

-Уулзаагүй. Манай суманд очиж байгаагүй хүн. Гэвч тэрбээр хайгуул хийхийг сумын иргэд зөвшөөрч байгаа, харин хотоос очсон хүмүүс янз бүрийн юм ярьж дунд нь хор хутгалаа гэх мэтээр ярьсан байна билээ. Яс юман дээрээ нутгийн иргэдийн олонх нь зөвшөөрөхгүй байгаа. Одоо бүр Б.Чойжилсүрэнгийн компани хэн хүнд мөнгө төгрөг тарааж байна. Хүмүүсийн эдийн засгийн ядуу байдлыг ашиглаж хүмүүсээр гарын үсэг зуруулж авч байна. Өндөр цалинтай ажилд оруулж өгнө гэж хуурч байна. Ер нь уул уурхайн хууль бус үйл ажиллагаанд байгаль дэлхий, ус гол мөрөн ч хамаагүй байдаг гэдгийг муухай харуулж байна даа.

О.Сайхан


URL:

Нэр: c3j8vb5w4dxctv36cxct5x4wd Огноо: 11 August 2018

Title

[...]Wonderful story, reckoned we could combine several unrelated information, nevertheless truly worth taking a look, whoa did one particular understand about Mid East has got more problerms also [...]

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.