Хүн хүний гар дамжсан хиртэй хадаг шиг “Хотгор шанага”-ын уурхайн зарагдсан түүх

15286851455b1de2590a6eeЗураг дээр: Одоогийн АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Алтангэрэл тухайн үед “Хотгор шанага”-ын Солонгос талын хөрөнгө оруулагчтай гэрээнд гарын үсэг зурж байгаа нь

Увс аймгийн Бөхмөрөн сумын төвийн зүүн  хойд тал Ачит нуурын хажууханд Ямаатын голын хойд эрэг дээр талын шанага шиг хотгор газарт нүүрсний орд газар бий. Түүнийг “Хотгор шанагын” нүүрсний уурхай гэдэг.“Хотгор шанагын” нүүрсний уурхайг стратегийн орд газарт багтах их нүүрстэй газар гээд л хүн бүр шуугиад байдаг. Улс төрчид хүртэл энэ уурхайг өндөр үнээр зарсан гээд л  улс төржүүлэн ярих болсоор цөөнгүй жил болж буй. Ингээд бодохоор Таван толгойн нүүрсний уурхай шиг л том орд байгаа мэт хүмүүст сэтгэгдэл төрж, төсөөлөгдөнө. Гэтэл үнэн хэрэгтээ“Хотгор шанага” уурхайн газар дээр яваад очиход дэд бүтэц хөгжөөгүй, алс холын сумын төвийн хажууханд хааш хаашаагаа хэдхэн метрийн урттай талбай байдаг юм билээ. Шуудхан хэлэхэд, манай оронд үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн жижигхэн нүүрсний уурхайнуудын нэг юм  байна лээ. Үйл ажиллагаа явагдаж байгаа эсэх нь үл мэдэгдэх энэ жижигхэн нүүрсний  уурхай сүүлийн жилүүдэд олны анхаарлын төвд орох болсон.  Бүр улстөрчдийг намнах, “буудах” хэрэгсэл болон хувирсан. Одоогоос таван жилийн өмнө Монгол Улсын баруун хойд хязгаарт орших “Хотгор шанага” уурхайн талаарх мэдээлэл өмнөд Солонгос даяар   шуугиан тарьсан байдаг. 2013 онд БНСУ-ын телевизээр тус уурхайтай холбоотой нэвтрүүлэг цацагдсан нь өнөөдөр ч олны анхаарлын төвд байсаар байна. Жишээ нь, “Хотгор шанага” нүүрсний уурхайн лицензийг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан И Мён Баг худалдаж авсан гэх мэт мэдээлэл хөвөрсөөр байгаа билээ. Харин манай улсад сүүлийн хэдэн сар “Хотгор шанага” уурхайг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ах нартайгаа нийлж зарсан гэх дуулиан шуугиан гарч, улстөрчид энэ талаар мэдэгдэл хийх болсон.  Үүнтэй холбоотойгоор “Хотгор шанага” уурхайн тухай мэдээ, мэдээлэл цөөнгүй удаа хэвлэлээр гарч байгаа боловч хэн анх энэ уурхайн лицензийг худалдаж авч байсан, анх зөвшөөрлийг нь ямар хүн олгосон, хайгуул, ашиглалтын лиценз олгогдож эхэлснээс хойш энэ уурхай хэн хэний гар дамжсан, ямар үнээр зарагдаж байсан, уурхайн лиценз ямар замаар солонгосчуудын гарт очсон талаархүнэнд нийцсэнмэдээлэл огт дурдагдахгүй байгаа билээ. Тэгвэл нэрт зохиолч Ч.Лхамсүрэн агсаны  алдарт “Хүрэн морь”  найраглал дээрх “Хэн нэгний гар дамжсан

Хиртэй халтар хадаг шиг

 Хүрэн зээрд морь

 Хүйтэн гарыг дамжсаар

 Хөнөөлт дайсны унаа болов”  гэдэг  шиг ёстой л хүн хүний гар дамжин, хиртэй хадаг шиг л зарагдаж ирсэн “Хотгор шанага” уурхайн түүхийг уншигч та бүхэнд баримттайгаар хүргэж байна.

“Хотгор шанага” уурхайн лицензийг анх Ашигт малтмалын газраас Ардчилсан намын гаралтай хүмүүс авсан байдаг юм байна.  Хамгийн анх Улсын Бага Хурлын гишүүн асан П.Улаанхүү, Болгар Улсын Элчин сайд асан Л.Дүгэржав нар уг уурхайн лицензийгэзэмшиж байжээ. 2001 оны долдугаар сарын 04-ний өдрийн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг тухайн үеийн Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын  Геологи, уул уурхайн кадастрын албаны дарга Х.Хэрлэн гэгч “Хотгор шанага” ХХК-ийн захирал Л.Дүгэржавт  зөвшөөрлийг нь өгсөн байдаг.

Л.Дүгэржав гэж хэн бэ

 “Хотгор шанага” компанийн захирал асан, “Хотгор шанага” нүүрсний уурхайн хамгийн анхны эзэмшигч Л.Дүгэржав гэдэг нь Увс аймгийн Тэс суманд төрсөн юм байна. Тэс сумандаа наймдугаар анги, Улаангомд хотын ерөнхий боловсролын сургуульд  аравдугаар анги төгсөөд Болгарт газрын тосны өрөмдлөг, олборлолтын инженерийн ангид суралцсан түүхтэй. 1991 онд “Монгол орны цэвдгийн доорх усны судалгаа” гэдэг сэдвээр эрдмийн зэрэг хамгаалж доктор болсон байдаг. Түүнийг өмнөд туйл судлаач гэдгээр нь хүмүүс андахгүй мэддэг билээ. Антарктид тивийн Амундасен Скоттод байдаг газарзүйн тэг цэгт  төрийн далбаагаа мандуулж ирсэн байдаг. Антарктитид судалгаа хийдэг анхны  монгол эрдэмтэн гэх Л.Дүгэржав “Хотгор шанага” уурхайг эзэмшиж байсан түүхтэй аж. Түүнийг Ц.Элбэгдорж Болгар Улсад суух элчин сайдаар томилж байсан билээ. Өөрөөр хэлбэл, Л.Дүгэржав Ардчилсан намын гаралтай хүн. Бүр Увс аймагт Ардчилсан намаас УИХ-д нэр дэвшиж, өвдөг шороодож байсан түүхтэй.

П.Улаанхүү гэж хэн бэ

Улсын Бага хурлын гишүүн асан, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд асан, АН-ын гишүүн П.Улаанхүү  “Хотгор шанага” уурхайн хувийг эзэмшиж явсан байдаг. Тэрбээр Улсын Бага Хурлын гишүүн байхдаа “Улаанбаатар хотын нэр өөрчилье. Энэ нэр Оросуудын зүгээс коминтерний шахалтаар өгсөн хэт хувьсгалжсан нэр” гэж санаачлага гаргаж байсан гэдэг. Одоогийн мөрдөгдөж байгаа үндсэн хуулийн эхийг боловсруулж байсан цөөн хүмүүсийн нэг.1989 оны арванхоёрдугаар сарын 28-нд Ардчилсан социалист хөдөлгөөнийг байгуулсан түүхтэй. Тэрбээр Улсын бага хурлын гишүүн байхдаа “Тусгаар тогтнолыг тунхаглан зарласан арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг тэмдэглэж, амралтын өдөр болгоё” гэж саналаа хэлж байсан юм. Тэгтэл гишүүд эсэргүүцэж эхэлсэн л дээ. Тэгэхээр нь Ардчилсан нам хурал хаяж байлаа. Монголын парламентын түүхэнд анх удаа хурал хаясан үйл явдал болж байв” хэмээн ярилцлага хэвлэлд өгсөн байдаг. П.Улаанхүү нь “Ситинет” компанийн гүйцэтгэх захирлаар өдгөө ажиллаж байгаа юм байна лээ. Л.Дүгэржав, П.Улаанхүү нар “Хотгор шанагын” уурхайг  Ардчилсан намын ҮБХ-ын гишүүн Б.Алтангэрэлд зарсан байдаг. Өөрөөр хэлбэл, нэг намын ах нар нутгийн дүү “Баруун Монгол энержи” компанийн захирал Б.Алтангэрэлд “хотгор шанага” уурхайг зарсан түүхтэй аж. Гэхдээ дээрх уурхайг хэдэн төгрөгөөр яаж зарсан,  ямар замаар өөрсдийн болгож авсан зэрэг нь одоогоор тодорхойгүй.

“Хотгор шанага”-ын уурхайг  солонгосчуудад зарсан гэгдээд байгаа Б.Алтангэрэл гэж хэн бэ

Б.Алтангэрэл нь 1968 онд Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн. Харчин овогт Бэгзсүрэн гэх хүний хүүхэд юм байна. Б.Алтангэрэл  “Хотгор шанага” компанийн захирал билээ. Өдгөө олны хэл аманд өртөөд байгаа “Хотгор шанага”-ын уурхайн 49 хувийг Болормаа гэх эмэгтэйн хамт эзэмшиж байгаа аж. Харин үлдсэн 51 хувь нь  “Korea Coal” корпорацийн мэдэлд очсон билээ. Б.Алтангэрэл Увс аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдтэй байнга уулздаг гэх. Ойр дотно танилцаж, ах дүүс болдог гэдгийг эх сурвалж онцолж байсан. Ийм л журмаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай Б.Алтангэрэл холбогдсон түүхтэй ажээ. Одоо харин Увс аймгийн Ардчилсан намын гишүүн, бүр намынхаа  ҮБХ болчихсон яваа.

Ардчилсан нам Засаг барьж байх үед Б.Алтангэрэл “Баруун Монгол энержи” компани  захирлаар ажиллаж байсан. Тус компани  Увс аймгийн Улаангом хотод 60 мВт-ын дулааны цахилгаан станц барих зөвшөөрөл авсан байдаг. 120 сая еврогийн өртөгтэй эл дулааны цахилгаан станцыг барих ажлыг эхлүүлсэн байдаг.

Бэгзсүрэнгийн Алтангэрэл “Хотгор шанагын” уурхайг  хэрхэн зарсан бэ гэдгийг АТГ-аас шалгаж байгаа. Энэ талаар АТГ-ын мөрдөн байцаах хэлтсээс өгч байгаа мэдээллээр “Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт байх “Хотгор шанагын” уурхайг  БНСУ-ын нэгэн компанид зарсан гэх асуудлыг шалгаж байна. Одоогоор хэрэг мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байна.  “Хотгор шанага” уурхайн 49 хувийг эзэмшигч Б.Алтангэрэл “Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, түүний хоёр ах, түүний зөвлөх К.Дэмбэрэл нар “Хотгор шанага” уурхайг зарсан асуудалд огт холбоогүй. Миний бие Ч.Хүрэлбаатарын ах нараас мөнгө зээлсэн. Өөрийн эзэмшлийн уурхайн тодорхой хувийг тэдний нэр дээр шилжүүлж мөнгө зээлсэн. Ингээд уурхайн 51 хувийг зарсны дараа мөнгийг нь эргүүлж өгсөн асуудал байгаа” гэх утга бүхий мэдүүлэг өгсөн гэлээ.

2010 онд “Korea Coal” корпораци 26 тэрбум вон буюу 52 тэрбум төгрөгөөр тус ордыг худалдаж авсан аж. Дээрх мөнгөний 4.5 тэрбум төгрөгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хоёр ахад өгсөн байдаг гэнэ. Ч.Ганболд, Ч.Гантулга нар ч АТГ-т ямар бизнес хийж, түүнээсээ олсон мөнгөө Б.Алтангэрэлд хэрхэн зээлсэн тухайгаа компанийнхаа дансаар орж гарсан гүйлгээ, Б.Алтангэрэлд хэрхэн мөнгө өгсөн талаарх баримт зэргийг нэгтгэн өөрсдийгөө өмгөөлөх баримт болгон гаргаж өгсөн гэнэ. Хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Монголын баруун хязгаар Бөхмөрөн суманд орших “Хотгор шанага”-ын уурхай ингэж л хүн хүний гар дамжиж, зарагдсан байдаг юм байна. Тэгэхдээ бүр Ардчилсан намын гишүүдийн гар дамжиж явсаар Солонгосын компанийн мэдэлд очжээ.

Б.Сайнсанаа

Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих