МБС-ын Үнэлгээний төвд ямар хариуцлага тооцох вэ, С.Чинзориг сайдаа

Untitled-1_dGm88qHӨнгөрсөн долоо хоногт бүрэн дунд боловсрол эзэмшсэн ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль төгсөгчид улсын шалгалтаа өгч ажил амьдралын шинэ хуудсыг сөхлөө.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хувьд шалгалтын материал, шалгалтын явцтай холбоотой ямар нэг будилаан, маргаан гарсангүй. Одоо тэндний хувьд ЭЕШ-аа амжилтай өгөх л үлдэж байна. Харин мэргэжлийн боловсролын сургууль төгсөгчдийн хувьд эргэлзээтэй, будилаанхан шалгалтаа өгсөн байна.

Тухайлбал, Мэргэжил сургалтын төв, Политехник Коллежид бүрэн дунд боловсрол эзэмшиж байгаа суралцагчдаас авах улсын шалгалтын материал задлах болон засах явцад багагүй зөрчил илэрсэн байна. Энэ нь МБС-ын Үнэлгээний төвөөс ирүүлсэн шалгалтын материалтай шууд холбоотой аж. Шалгалтын материал боловсруулсан мэргэжилтнүүдийн алдаанаас болж төгсөгчид болон багш нарын өнгөрсөн хугацааны хөдөлмөр талаар болох дөхлөө гэдгийг багш нар хэлж байна.

Зургадугаар сарын 6-ны өглөө МБС-ын Үнэлгээний төвөөс ирүүлсэн материалыг задалж шалгалтаа авах гэж байхад тус төвөөс утасдаж Химийн шалгалтын А, Б хувилбарын 2 нүүр бүхий материалыг орхигдуулсан тул е-mail хаягаар явуулснаа хэлснээс эхлээд улсын шалгалтын явц будилаантаж эхэлсэн байна. Шалгалт дуусаад оюутнуудын шалгалтын материалыг засах явцад хувилбаруудын хариулт түлхүүр үгүүдийг хольж хутгасан, хэдэнтээ давтагджээ.

Маргааш өглөө нь буюу 7-нд Мэргэжлийн боловсрол, сургалтын Үнэлгээний төвөөс “Сонгох хичээл” –ийн даалгаварт мөн л алдаа гарсныг имэйл-ээр мэдэгдсэн байна. Биологийн хичээлээр Б хувилбарын 26-р даалгаврын харгалзуулах хариултын дэс дугаар алдагдсаны улмаас шалгуулагчдад ойлгомжгүй байдал үүссэн тул даалгавар дээрх шалгуулагчдад хариултыг зөв хийснээр тооцож, оноог бүрэн өгөх. Физикийн хичээлээр Б хувилбарын 29-р даалгаврын сонгох хариултуудад зөв хувилбар байхгүй гэж үзэн энэ даалгавар дээрх шалгуулагчдын хариултыг хийснээр тооцож оноог бүрэн өгөх. Нийгэм судлалын хичээлээр даалгаврын хариултын хүснэгтэд 12 дугаарыг давхардуулан бичиж, 13 дугаарыг орхигдуулсан тул 13-р даалгаврын хариултыг зөв хийснээр, Б хувилбарын 21-р даалгаврын сонгох хариултын А дугаар бичигдээгүй ойлгомжгүй байдал үүссэн тул энэ даалгавар дээрх шалгуулагчдын хариултыг зөв хийснээр тооцож оноог бүрэн өгөх гэсэн шийдвэр гарсныг бичсэн байсан.

Үүгээрч зогсохгүй Англи хэлний тараагдсан материалыг МБС-ын Үнэлгээний төвөөс эргүүлэн татан авч алдаатай байсныг засварлаж эргүүлэн хүлээлгэн өгсөн байх юм. Энэ мэтчилэн Мэргэжлийн боловсролын Үнэлгээний төвийнхөн сургуулиа төгсөж байгаа оюутнуудын ирээдүйд хүйтэн хөндий хандчихжээ. Ингэж дүгнэх шалтгаан хангалттай байна. Оюутнуудын шалгалтын материалыг бэлтгэх мэдлэг боловсрол үнэхээр хүрэхгүй байгаа бол мэддэг чаддаг Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яаманд нь энэ ажлаа өгчих л дөө. Оюутан залуусыг ирээдүйг үзэгнийхээ үзүүрээр будилуулж суухаа боль.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт Мэргэжлийн боловсролын Үнэлгээний төвийнхөн улсын шалгалтаа хэрхэн будилуулсан, олон мянган хүүхэд, багш нарын хөдөлмөрийг үгүй хийснээ мэдэгдсэн болов уу. Хэрэв мэдэгдсэн бол ямар арга хэмжээ авах, улсын шалгалтыг мэргэжлийн байгууллагад нь хариуцуулах эсэхийг хэрхэн шийдэхийг харах үлдэж байна.

Ж.Ариун

  

Times.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.