Нутгийн чулуу

31592

Төв аймгийн Баян сум. Манай суманд нэг үеэ бодвол алт, төмрийн хүдэр, нүүрс, бетум зэрэг ашигт малтмалын

 хайгуул хийгдэж зарим нь олборлож эхэлжээ. Төмрийн хүдрийг машин машинаар нь зөөж байна. Хуучин сумын төв байсан Хамар усанд геологийн анги барилга байшин бариад төвхнөчихөж. Баян-Эрхэтийн бетумын орд, Төгрөгийн нүүрсний уурхай үйл ажиллагаагаа явуулж гурван ч газар алтны шороон орд ухаж бас нөөцөөрөө Монголд томдоо орох алтны шинэ орд Цантад илэрчээ.

Одоо яаж ашиглахаа сумын ард түмэнтэйгээ хамтарч ярих хэрэгтэй болоод байна. Элэгний рашааны уулнаас үзмэн мана гэдэг чулуу олдож хууль бус хулгайн чулуучдын шуналыг хөдөлгөөд удлаа. Атгын чинээ үзмэн мана олсон хүн 60-70 сая төгрөгөөр зардаг гэнэ. Мана чулууны олборлогчдыг нутгийнхан “Манын хулгайчууд” гэдэг юм. Элгэний уул тэр аяараа үзмэн хүрэн чулуутай, уулын ар, өвөр судгийг ухна.

Мана чулууг ухаж гаргаад Өмнөговь аймгаар дамжуулаад хил гаргаж зардаг гэнэ. Суманд байгаа ганц цагдаа бензиний мөнгөгүй, Засаг дарга “Ланд” унасан чулууны хулгайчуудыг яаж гүйцэх вэ. Өмнөговиос чулууны мэргэжилтэн гэж нэг хятад чулууг дуранбайгаар хараад л худалдан авах үнээ хэлдэг гэнэ. Аз нь дайрсан манын хулгайч нэг чулуу олоод л шууд “Ланд-105”-ын үнээр өгч, авч байхыг харсан гэж байгаа хүмүүс байх л юм. Манын хулгайчид чулууг ухаж олборлоод таван жил болж байгаа боловч манай сумын энэ хонхроос нэг ч айл мана зарж баяжаагүй л байх юм. Тал нутгийн өөр нэг эрдэнийн чулууны баялаг бол манай нутагт хаа сайгүй асгарсан байдаг алаг чулуу буюу өнгийн чулуу.

Элгэн, Наран, Ботгон, Төгрөгийн говьд эрдэнийн чулуу өнгө алаглан дэвсээстэй байдаг. Ёстой есөн өнгийн солонго шиг өнгийн чулуу бий. Миний нутгийн чулуу маань үнэд оржээ. Микро автобус хөлөглөсөн чулуучингууд ирээд л ундааны лааз барьчихаад л өдөржин мөлхөж чулуу түүгээд явах юм. Нэг кг чулууг 70 мянган төгрөгөөр хятадад зардаг гэнэ. Чулуу түүж байгаа хүмүүстэй уулзлаа. Өнгийн чулууг түүхэд мэргэжил, мэдээлэл туршлага хэрэгтэй.

Хэдэн монгол дагуулсан нэг хятад, бас нэг өвөр монгол явах. Түүсэн чулуу нь засч ажил болголгүй шууд өнгөлөөд ээмэг, бөгж зүүлт болж байвал өндөр үнэтэй. Харин цав цагаан чулуу бол бүүр өндөр үнэтэй гэх. Чулуугаар юм хийдэг чулуучингуудын дарга хятад (инжаан) дархан, өвөрмонгол орчуулагчтай уулзлаа. Хятадад ердөө таван зоосны үнэтэй, хямдхан ээмэг, бөгж, зүүлт зүүхээс өөр хөрөнгөгүй 500 сая охид бүсгүйчүүд байна шүү. Тэднийг гоёх эрдэнийн чулуунууд танай тал нутагт хэвтэж байна шүү.

Манай нутагт танай чулуу шиг олон охид бүсгүйчүүд байна шүү. Гоёлыг бидний инжаанууд хийж өгөхөд баяжина ваа гэх. Хятадын ядуу охид бүсгүйчүүдэд тал нутагийн чулуу хуванцар шил шаазангаас хамаагүй илүү үнэд хүрдэг гэнээ. Үнэхээр тэд нэг лааз чулууг 70 мянган төгрөгөөр авах нь юу ч биш, сайн өгч чадвал ширхэг чулууг нэг хоёр \юань\ зоосоор авна гэдэг юм билээ. Би багадаа эрдэнийн чулуугаар тоглож хонь мал шидэж явж дээ. Тэр чулуу маань үнэд орж. Чулуугаа зарсан ч улс орон минь хөгжинө гэж бодсон ч сум орон нутагт ямар ч татвар төлөхгүй хятад дугуулсан монголчууд авч хил давуулаад байна гэхээр хармын сэтгэл төрөөд явчихна.

Үзмэн мана илрээд таван жил, алаг чулуу үнэд ороод гурван ч жил болж байгаа боловч түүсэн олсон, авсан зарсандаа өлзийгөө өгсөнгүй ярина. Манын хоёр ч хулгайч гэр бүлээрээ том осолд оржээ. Нутгийнхаа чулууг зааж өгдөг нэг нөхөр машинаас хөмөрч бэртээд хүнд гэнэ. Манай нутгийн Мааньт. Баянхангай. Ёлхорсүрэн, Дэлгэрцогт хангай чулуу, ан амьтандаа даан ч их харамч даа. Болгоомжтой л оролдоорой доо.

Г.Дашрэнцэн


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.