Ц.Лувсан: ОХУ-аас худалдаж авсан 1000 вагоны 587 нь үйлчилгээнд явж байна

31596

Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Ерөнхий хорооны орлогч, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа нарыг ОХУ-д 1992-1995 онд үйлдвэрлэгдээд 20 гаруй жил үйлчилгээнд яваад дахин ашиглах боломжгүй хэмээн актлагдсан 977 вагоныг эрх мэдлээ урвуулан ашиглан Монгол Улсад оруулж ирсэн тухай зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. Энэ талаар УБТЗ нийгэмлэгийн зүгээс байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийлээ.
УБТЗ-ын тээвэр зохион байгуулалтын албаны дарга Ц.Лувсан хэлэхдээ “ОХУ-аас худалдаж авсан 1,000 вагоны 587 нь л өнөөдрийн байдлаар Монгол Улсад орж ирээд УБТЗ-аар үйлчилгээнд явж байна. Эдгээр вагонууд 22 жил тээвэрт аялсан, 1-2 жил ашиглаагүй зогсож байсан вагонууд юм. Эдгээр вагонуудад бид Монгол Улсын стандартын дагуу техникийн оношилгоо, засвар хийсэн. Вагон бол өргөн хэрэглээний, олон жил ашиглагдах зүйл. Тийм учраас вагоны аюулгүй байдал төмөр зам дээр системчлэгдсэн байдаг. Вагоныг засварт гүйлтээр болон хугацаагаар оруулдаг дүрэмтэй. Стандартын хувьд ачааны вагон Монгол Улсын төмөр замын тээвэрт 30-32 жил ашиглах заалттай. Уг вагонууд 1992-1995 оны хооронд үйлдвэрлэгдэж ашиглалтад орсон. Монгол Улсын тээвэрт 3-7 жил ашиглах бололцоотой байсан. Эдгээр вагонуудад бид ШУТИС-ийн металл сорьцын лабораторитой хамтарч ашиглалтын нөөцийн туршилтын ажил хийлгэсэн. Дунджаар 15.5-17.9 жил ашиглагдах нөөцтэй байна гэсэн дүгнэлт гарсан. Мөн гагнуур, эдэлгээ хэвийн байна гэсэн дүгнэлт гарсан.
УБТЗ-д өөрийн эзэмшлийн 1,347 хагас вагон байдаг. Үүний 750 вагоныг нүүрс зөөх хангалтад явуулдаг. Ингээд цаана үлдсэн 650 орчим хагас вагоныг орон нутгийн болон экспортын бусад ачилтад өгөхөөр цаана нь экспортын энэ олон сая тонны захиалгыг хангах боломжгүй болж байна.

Иймээс УБТЗ-ын удирдлагууд болон хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооноос гарсан шийдвэрийн дагуу 1,000 вагон худалдаж авах ажлыг зохион байгуулж, тээвэрлэлтэд эхнээс нь маш шуурхай нийлүүлснээр өнөөдөр тээвэрлэлт сайжирсан. Өнгөрсөн онд бид тээвэрлэсэн ачаагаа энэ жил өсгөхөөр төлөвлөн ажиллаж байна. Жил болгон УБТЗ-ын тээвэрлэлт 2-3 сая тонн ачаагаар нэмэгдэж байгаа нь зайлшгүй хагас вагон нэмэгдүүлэх шаардлагатай болгож байгаа юм. Анх бид 1,000 вагон оруулж ирэхээр төлөвлөж байсан бол нийгэмд үүссэн сөрөг үр дагавраас болж одоогоор 587 вагоноо л авчихсан байна. Үлдсэн нь орж ирээгүй байгаа.
Мөн энэхүү 587 вагоныг худалдаж аваад, оруулж ирж засвар үйлчилгээ хийсэн бүх зардал нь 16.2 тэрбум төгрөг болсон. Тэгвэл өнөөдрийн байдлаар эдгээр 587 вагон 16.9 тэрбум төгрөг УБТЗ-д оруулчихаад байна. Тэгэхээр бид жил хүрэхгүйн хугацаанд 587 вагоныг ашиглаад 700 сая төгрөгийн ашиг олчихсон байна. Энэ вагонууд өөрийн өртгөө хагас жилийн хугацаанд нөхчихсөн гэсэн үг. Энэ ажил Монгол Улсын эдийн засагт томоохон хэмжээний өсөлт авчирсан гэдгийг онцлон хэлмээр байна.
Цаашид бидэнд дахиад 1,400 ширхэг хагас вагон шаардлагатай байна. Ямар учиртай гэхээр манай 347 хагас вагоны ихэнх нь олон жил ашиглагдсан. Эдгээрийг нөхөх шаардлагатай байна. Түүнчлэн, олон том ачилтын захиалга байнга орж ирж байгаа. Захиалгыг бүрэн хангахын тулд 1,400 ширхэг хагас вагон шаардлагатай байгаа гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэв.

http://undesten.mn/50608.html


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.