Нийгмийн халамж, хөнгөлөлтөд 50 тэрбумыг зарцуулжээ

 Монголын Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний таван сарын байдлаарх нийгэм, эдийн засгийн мэдээллийг хүргэлээ. Тэдний мэдээлснээр улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 513 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа бөгөөд 242 нь эмэгтэй байна. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2018 оны эхний таван сард ажилгүй 34.7 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 7.2 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 28.9 мянган иргэнийг ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хассан байна. Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэн 1.9 мянга, ажилд зуучлагдан орсон иргэн 1.4 мянгаар өсч, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 4.0 мянгаар буурсан байна. Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзвэл өмнөх улирлаас 300.000-500.000 төгрөгийн цалинтай ажиллагч 13.9 мянга, 500.000-700.000 төгрөгийн цалинтай ажиллагч 11.8 мянга, 1.500.000 төгрөг, түүнээс дээш цалинтай ажиллагч 0.7мянгаар нэмэгдсэн байна. Нийт ажиллагсдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл уул уурхай олборлолтын салбарт сарын дундаж цалин хамгийн их буюу 2,4 сая төгрөг харин урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага буюу 609.1 мянган төгрөг байна.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ОРЛОГО 12.1 ХУВИАР НЭМЭГДЛЭЭ

Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний тавдугаар сард 921.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 99.7 тэрбум, зарлага 857.7 тэрбум болж, өмнөх оны мөн үеэс 97.4 тэрбум төгрөгөөр тус тус өслөө. Нийгмийн даатгалын сангийн орлого оны эхний тавдугаар сард 201.5 тэрбум, зарлага 178.0 тэрбум болж, өмнөх сараас орлого 10.8 тэрбум төгрөгөөр, зарлага 2.2 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр Нийгмийн халамжийн сангаас энэ оны эхний таван сард 163.8 мянган хүнд 58.0 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 20.8 мянгаар буурч, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 3.5 тэрбум төгрөгөөр өсчээ. Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2018 оны эхний таван сард 55.0 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 2.1 мянга, олгосон тэтгэврийн хэмжээ 6.8 тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийгмийн халамжийн үйлчилгээ, хөнгөлөлтөд оны эхний таван сард 345.3 мянган хүн хамрагдсаны 73.4 хувь нь нийгмийн халамжийн хөнгөлөлт, нөхцөлт мөнгөн тусламжинд хамрагдсан иргэд, 21.2 хувь нь ахмад настан, 4.2 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 1.1 хувь нь алдар цолтой ахмад настай иргэд, 0.1 хувь нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан иргэд байна. Нийгмийн халамжийн үйлчилгээ болон хөнгөлөлтөд 50.0 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 4.9 тэрбум төгрөгөөр өсчээ.

ХУГАЦАА ХЭТЭРСЭН ЗЭЭЛИЙН ӨРИЙН ҮЛДЭГДЭЛ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 10.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСЧЭЭ

Мөнгөний нийлүүлэлт 2018 оны тавдугаар сарын эцэст 17.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 801.6 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 4.1 их наяд төгрөгөөр өссөн байна. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө тавдугаар сарын эцэст 935.9 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 1.7 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 60.5 тэрбум төгрөгөөр өссөн байна. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл тавдугаар сарын эцэст 15.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 503.9 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 2.3 их наяд төгрөгөөр өсөв. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2018 оны тавдугаар сарын эцэст 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 13.1 тэрбум төгрөг болж,өмнөх оны мөн үеэс 61.9 тэрбум төгрөгөөр өсчээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.1 хувийг эзэлж, өмнөх сараас 0.2 пункт, өмнөх оны мөн үеэс 1.0 пунктээр буурсан байна.

ТӨСВИЙН ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН НИЙТ ТЭНЦЭЛ 45.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ ГАРЛАА

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ оны эхний тавдугаар сард 3.3 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрлээ. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 705630562017 оны эхний таван сард 412.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байсан бол 2018 оны эхний таван сард 45.4 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.

ИМПОРТЫН ХЭМЖЭЭ 45.5 ХУВИАР ӨССӨН БАЙНА

Монгол Улс 2018 оны эхний таван сард дэлхийн 131 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 5.1 тэрбум америк доллар, үүнээс экспорт 2.9 тэрбум, импорт 2.2 тэрбум ам.долларт хүрлээ. Гадаад худалдааны тэнцэл 2017 оны эхний таван сард 1.0 тэрбум ам.долларын ашигтай гарч байсан бол энэ оны эхний таван сард өмнөх оны мөн үеэс 301.8 сая ам.доллараар буурч 706.4 сая ам.долларт хүрчээ. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээгээр 2018 оны тавдугаар сард үхрийн хоёр метрээс дээш урттай ширний дундаж үнэ Хөвсгөл аймагт хамгийн бага буюу 5.0 мянган төгрөг, Сүхбаатар аймагт хамгийн өндөр буюу 35.0 мянган төгрөг байна. Адууны ширний дундаж үнэ Хөвсгөл аймагт хамгийн бага буюу 5.0 мянга, Улаанбаатар хотод хамгийн өндөр буюу 22.0 мянга, бусад аймагт 10.0-18.0 мянган төгрөг байна. Ямааны нэг килограмм цагаан ноолуурын үнэ Дорнод аймагт хамгийн бага буюу 50.0 мянга, Баянхонгор аймагт хамгийн өндөр буюу 113.0 мянган төгрөг байна.

ТАРИАЛСАН ТАЛБАЙ УЛСЫН ХЭМЖЭЭНД БУУРЛАА

Улсын хэмжээнд энэ оны зургаадугаар сарын 1-ний байдлаар 382.1 мянган га талбайд тариалалт хийснээс үр тариа 313.0 мянга, төмс 10.2 мянга, хүнсний ногоо 4.8 мянга, тэжээлийн ургамал 14.2 мянга, техникийн ургамал 39.5 мянган га-д тариалсан байна. Өмнөх оны мөн үеэс тэжээлийн ургамал нэмэгдэж, харин нийт тариалсан талбай 65.2 мянган га, үүнээс үр тариа 44.7 мянга, төмс тариалсан талбай 1.7 мянга, хүнсний ногоо 223.5 га-гаар буурсан байна.

Б.ПҮРЭВДУЛАМ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.