М.Цэемаа “Хилийн боомтод 2 хоносон нь…”

31655

Говийн нунтаг шороорхог салхи нүүр нүдгүй нүдсэн зэвэргэн өдөр улсын хилийн боомт дээр япон жипний хүчээр замын цас шаврыг тоолгүй давхисаар хүрч очлоо.Жолооч үүрэглэж замаас гарч давхисныг эс тооцвол өөр ямар ч саадгүй явсаар хилийн боомтын хэдэн эсгий гэрийн гадна ийнхүү зогсож хотоос яваа бидний хэдэн хүн бууж,хөшиж орхисон биеэ тэнийлгэж, хувцас хунараа засаж янзлаад,тамхи татах нь тамхиа татацгааж, ирсэн газрыг тухтайхан эргүүлж тойруулан хачирхан харцгаана.

Замын зуурт тааралдах ан амьтан уулс усны сонин содонг харж,уншсан сонссон энэ тэрхнийг ярилцсаар яваад миний хувьд хэр хол хэр удаан явснаа ч анзаарсангүй.

Ямартаа ч хаяа хярхаг нь харагдахгүй өргөн уудам нутгаа сэтгэл дотроо сэм бахдан хувь заяандаа өөрийн эрхгүй баясан баярлаж,үе үесхэн нүдний зовхи норж явсныг нуух юун.Хараа алдраам урт урт талаар давхиж явахад нүдний үзүүрт хар сүүлт,хулангийн цөөвтөр сүрэг цахилж одох нь зэрэглээ хэмээх байгалийн урсмал бичвэр дээр “до,рэ,ми” хэмээн тоншоод орхих лугаа санагдана.

Хэт холын “мундаг сайхны” тухай бус хаяа хамартаа байгаа бор толгод, хөх хөндийхөө тухай хөөрөлдөн явахдаа олон жилийн өмнө нэг судлаач багш хүний хэлснийг санаад эмзэглэх сэтгэл төрсөн сөн.Сумын сургуулийн багшаас их сургуулийн багш болтлоо амьдралын олон даваа гүвээ нугачааг туулсан өвгөн багш маань “манайхан ер нь төрөлхийн хар ухаантай сүрхий улс ч гэлээ нэг л хайхрамж муутай байх шиг санагддаг “хэмээн ярьсан нь үнэний хувьтай.Хөдөөний жирийн өвгөнөөс Химилай хаана байдгийг та мэдэх үү гэвэл бараг надаас илүү тоо баримт хэлдэг байхгүй юу?.Харин танай гадаах толгойг юу гэдэг юм бэ гэхээр …аан энэ хойд толгой юу гэх жишээний хэмээн санаа алдсан сан.

Ноолуур,ноос,түүхий эдээ ачиж аваад “ах дүүсийн уулзалтын хил” хэмээн нэрлэгдэх боловч нидэртээ түүхий эдийн панз наймаа үсрэгэхээр уулздаг уулзалтын боомт “Гашууны овоо”хорь хоногийн хугацаатай нээгдэж ,энэ хавийнхан хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхөх шахуу болсоор хэдэн оныг баржээ.Буусан буудал гэрийн хаалга зогсоо чөлөөгүй онголзож ,хоол хош,наймаа панз ярьсан согтуу хөлчүү улс тасралтгүй хөлхөнө.Очсоны маргаашийн үүрээр буудал гэрийн гадна согтуу хүний сөөнгө хоолойгоор хашгирахаас эхлээд хятдууд чанга чанга ярих сонсогдов.Хамт очсон залуу сэрж уутан хөнжлөөсөө толгойгоо цухуйлгаснаа “хэн бэ? Хэн орилоод байгаа юм бэ?.Яагаад орилоод байгаа новш вэ ? хэмээн нойроо харамлан хараал урсган өндийв.Миний буусан гэрт байгсад надаас бусад нь бүгд танилууд бололтой.

Цай буцалж гэрээр галын дулаан илч,цайны таатай үнэр тугэхэд энд тэндгүй унтсан хүмүүс сэрцгээн хөнжлөөсөө толгойгоо цухуйлган зарим нь хүйтэн уух юм сураглаж,зарим нь өндийн чүдэнз шаржигнуулан сэгсэрч тамхи асаах нь дийлэнхдээ эрчүүд ажээ.Нойр дутуудуу,шартамхай,царай нь баргар бүрсгэрдүү .

Нэлээд болсны хойно ихэнх нь босцгоож,овоо дуу шуу орж урьд оройны хэрэг явдал,тоглоом хаашаа эргэсэн,хир их уусны тухай ярьцгаан гэнэхнээр пир пархийн инээлдэж хөгжилдөцгөөнө.

“Чи чинь шөнө яасан олон босдог юм бэ? Хамаг хөнжил гудас сандаачиж хаяад хөлдөж үхэх дөхлөө байна” хэмээн жонгиносон дуугаар ярих хүнийг харвал нарийн зууван шаранги царай ширвээ хар сахалтай туранхайвтар хүн.Олон жил оринги өвчин хуучдаа баригдсан уу гэмээр эцэнхийдүү энэ хүнийг Дэрэм гэдэг ажээ.”Юундаа даардаг байнаа хм…Манай говь чинь танай хангайг бодвол нараа дэрлэн налайдаг галтай зуух шиг дулаан өег газар байхгүй юу хэмээн хүний өөдөөс хэдэн үг хэлчихдэгтээ эрэмшингүйх тарган бор залууг Оргих гэдэг болохыг тэдний ярианаас мэдлээ.

Гэрийн хаяагаар архины лонх,тамхины татаад хаясан ишнүүд,хөзрийн цаасан савнууд хөглөрч тун чиг эмх замбараагүй хэн.Дөнгөж л үүр хаяарч байгаа ч хилийн энэ хотхоны шинэ өглөө,”ажлын шинэ өдөр” ирэх нь энэ.

Хуурай загийн илчинд гэр дорхиноо дулаацаж,эдлэл хогшлуудын нүүр тавцан хөлрөнгөтөөд уур манан хадаж байтал гэрийн хаалга сэвхийн онгойж хоёр хүн жавар дагуулан орж ирэх нь харваас хятдууд байлаа.Сайн оо? Оргио ирсэн уу… зууранхайтсан этгээд аялгаар арай ядан хэлээд хоймроод доогуурчлан харснаа….аяа Оргио нихо…хэмээн шар шүд гарган арзайн инээж зуухнаас хойш хэвтсэн хүмүүсийн ор дэрийг зайчлан гар сунган хоймор өөд тэмүүлэх нь “ өнөө дотор хүний нарийн ухааны нэг хэсэг худал зулгуйдах”-ын илрэл үү гэлтэй.Хувцас нимгэнтэй хоёр хятад зуухны хүхээ хавилцаа гараа ээн бээвийн зогсох нь жавхаа муутай дуу.Орж ирсэн хоёр хятдын настайвтар нь гал тогооны эзэгтэй тийш найр тавингуй харж “тамхи уу” хэмээн шувууны зурагтай хятад үсэг бүхий тамхи хувцасныхаа энгэрийн халааснаас гаргаж ирээд сарвайв.”Тамхи уу” байхдаа яах вэ дээ хэмээн бодсон би хожим нээрэн л уух юм даа хэмээн өөрийн эрхгүй бодсон шүү.Хятдууд тамхийг угсруулан зууж Оргиог хүлээх завсраа хэд хэдийг татаад ишийг нь зуухны хүхээний орчим хаях нь нүдэнд содон.Тамхины иш хаях юу ч биш бүр байн байн шүлсээ хаях нь “сэжиг хүрэм”. Ахуйн соёл гээч юм үгүй улс бололтой.Эргэн тойрныхон нь ч тоох шинжгүйд би бүүр гайхлаа.Манайхан чинь “ ямартаа ч атугай шүлсээ гал голомт руугаа хаяад байхааргүй л улс .Явсан суусан газраа хятдуудыг бодвол арай л хямга замбараатай шиг санагдав.Гэрт байгаа хүмүүс орж ирсэн 2 хятдаас “Баяннуурын Лю ирсэн үү,Хэбэйгийн Зо ирсэн үү” хэмээн асууцгаах нь энд байн байн ирж наймаа панзыг овоохон үсэргэдэг нь харагдана.

Үдийн хойно гэрт хоногсод уван цуван царай баргар сэтгэл гонсгор ирцгээж,нэг л дуу муутай,гал тогооны эзэгтэйн хийж өгсөн цайг шор шорхийлгэн хий сорж санаа алдах шиг сууцгаана.Өдрийн ихэнцийг хилийн шалган нэвтрүүлэх боомтон дээр дугаарт зогсон өнгөрөөж уйдаж цуцсан хүмүүс байх.Ядахдаа онгойсон болгоноор нунтаг шороо чихэн шороогоор шуурч,жаахан л зав зай гарвал ачаандаа хойд хоёр дугуйн дээрээ босохоо шахсан пургон \орос бага оврын ачааны тэрэг\-ууд уухичин дайрцгааж хр…ярхийн шүргэлдэж,олон хоног дараалалд зогссондоо уурссан жолооч нар нь хараал тавьж,заримдаа бүр гар зөрүүлэхийг нь яана.Монголчуудаа гэж хэзээнээс нааш нэгдэж нийлнэ гэдэг гонжийнжоо улс дээрээс нь яаруу адгуу нь нэмээд бас болоогүй ээ шалганы эрх мэдэлтнүүдийн хүнд суртал “бурхангүй газрын бумба галзуурчихаад” ирэгсэдийн “дээшээ тэнгэр мөн ч хол” байх ажээ.

“Жаниа эгчээ манай фракцийнхан бууз иднэ.Төмөрөөгийнхөн цуйван захиалж байна лээ хэмээн захиалга хэлэх сөөнгө хоолойтой бүдүүн эр гэрийн зүүн хойд хоймор эзлэн унтдаг гудас хөнжлөө дэлгэн “за даа нөгөөдүүлийг иртэл жаахан хажуулъя даа” хэмээн хэвтээд нам гүм.Миний буусан гэр буудлын эзэгтэйг Жаниа гэх.Их багагүй л “Жаниа эгч” –ээ гэцгээнэ.

Жонгинуур дуут хижээл эр Дэрэм “…оочер гэж най алга. Ингэсээр байтал түрүүчийн “нээлт “ шиг хил дээр гацсаар наадмын өмнө