Л.Энх-Амгалан, Л.Мөнхбаатар нарын томилуулсан П.Ганхүү “Эрдэнэс Монгол”-ыг хувийн өмч гэж эндүүрэв үү

e10c05a81b165ac1db28ffa1173afde0Монголын эдийн засгийг тулж, төрийн өмчит томоохон уул уурхайн компаниудыг удирдлагаар хангаж, менежментийг нь шинэчлэх ёстой “Эрдэнэс Монгол” компанийн өнгөрсөн нэг сар орчмын хугацаанд үйл ажиллагаа царцаж, албан хаагчид нь хөлдөө ч, албандаа ч тушаатай болсон гэвэл уншигч та гайхах уу.

Тэгвэл гайхах хэрэггүй. Учир нь, хариултыг нь тодорхой мэдээллээр хүргэе.
П.Ганхүү нь “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал болохоосоо өмнө Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан. Хэдийгээр тэрбээр агентлагийн орлогч захирлын албанаас дээш гараагүй ч эрчим хүчний салбартаа бол мэргэшсэн боловсон хүчин гэдгээрээ салбарынхандаа танигдсан. Тиймээс ч, МАН-ын удирдлагууд тухайн үед Эрчим хүчний сайдаар хэнийгээ томилох талаар тохиролцож, арай хийн санал нэгдсэн Т.Энхтайван, Ц.Цэнгэл нарыг нь Авлигатай тэмцэх газраас “Ашиг сонирхлын зөрчилтэй” гэж үзсэнээр гэнэтийн тохиолдлоор тэрбээр Эрчим хүчний сайдад нэр дэвшиж байв. Тэр дундаа, шинээр хоёр ч хүн рүү утас цохиход утас нь салгагдсан байсан тул ойрын эх сурвалжаас буюу УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн хатгаасаар МАН П.Ганхүү дээр тунаж буусан гэдэг яриа ч тухайн үед төрийн ордонд гарч байлаа. Ийн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын сонгуулийн ерөнхий менежерээр ажиллаж байсан унаган багын найз нь болох П.Ганхүү УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан гэх шинэ ивээгчтэй болсон байдаг.
“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал болоход нь ч мөн л дээрх хоёр УИХ-ын гишүүн түүний ивээс, гишгүүр болж өгсөн. Тэгвэл үүний учир шалтгаан юу байв хэмээн сонирхож үзэхэд тус компанийн дотоод үйл ажиллагаа зогсолтод орчихоод байгаа гэдэг таагүй мэдээлэлтэй тулж байв. Учир нь тэрбээр бүтцийн өөрчлөлт нэрээр өөрийн буюу эрчим хүчний

\салбарын мэргэжилтэн болон Хөвсгөл аймгийн харьяалалтай хүмүүсийг дэргэдээ аваад эхэлсэн. Тодруулбал, Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга асан Д.Чимэддоржийг Бизнесийн хөгжлийн газрын захирлаар, Эрчим хүчний яамны мэргэжилтэн асан Н.Ууганчимэгийг бүр Хүний нөөцийн хэлстийн даргаар, нутаг нэгт буюу Хөвсгөл аймгийн харьяат Баасанбаярыг Захиргааны хэлтсийн даргаар томилсон байна. Үүгээр ч зогсохгүй, өөрийн дэргэд орон тоо хэтрүүлэн Идэр, Батчулуун нарын хоёр гурван хүнийг зөвлөхөөр томилжээ. Угтаа өнөөдөр “Эрдэнэс Монгол” компанийн бүтцийг багасгах тухай асуудал Төлөөлөн удирдах зөвлөлийнх нь шинэ үүрэг чиглэл болсон байтал П.Ганхүү захирал дур мэдэн ийн өөрийн хүмүүсийг орон тоо хэтрүүлэн ажил албатай болгож чадсан нь сонин. Харамсалтай нь, энэ бол төгсгөлийн өөрчлөлт биш.
Тэрбээр бүтэц өөрчлөх нэрээр дахин эрчим хүчний салбарын болон Хөвсгөл аймгийн харьяат танил найз нөхдөө “Эрдэнэс Монгол” компанид шахах, томилох, арван жил бэлтгэгдсэн хүний нөөцийн бодлогыг нь сөхрүүлэх төлөвлөгөө гаргачихсан суугаа нь нууц биш юм. Тиймээс ч өнгөрсөн долоо хоногт болсон Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар түүний энэхүү хувийн эрх ашигтаа хөтлөгдсөн гэнэтийн шийдвэрийг авч хэлэлцэж, дахин тодорхой үйлдэл гаргахгүй байхыг сануулсан тухай мэдээлэл өдгөө учир мэдэх албаныхны дунд яригдах болсон байна.
Гол нь энэхүү увайгүй алхамтай нь холбоотойгоор “Эрдэнэс Монгол” компанийн олон улсын гэрээгээр дагнаж мэргэшсэн хэд хэдэн албан хаагч ажлаа өгөх шийдвэр гаргасан гэдэг мэдээлэл ч бидэнд бий. Эхнээсээ гараад эхэлсэн гэдгийг ч дуулгая. Учир нь, “Эрдэнэс Монгол” бол Монголын төрийн мэдлийн уул уурхайн компаниудыг менежмент хийгээд бодлогын хувьд удирдаж буй цорын ганц толгой компани. Тэд ингэж ч ажиллаж ирсэн. Гэтэл компанийнх нь удирдлага хувийн ашиг сонирхолдоо эсвэл орон нутгийнхаа харьяаллаар томилгоо хийгээд эхлэхээр хэн итгэж ажиллах вэ дээ. Хэтрүүлэн хэлбэл Монголоо бодож сэрж, Монголоо бодож шийдвэр гаргах үүрэгтэй захирлынх нь үйлдэл. тэгэхээр итгэлийг нь хөсөрдүүлсэн байж таарах нь. Ердөө сар хүрэхгүйн хугацаанд тэрбээр “Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагааны идэвхийг унагаж, 1072 хувьцааныхаа ногдол ашгийг хүлээж, олон улсад хувьцаа гаргах эсэхийг нь харуулдаж буй монголчуудын итгэл найдварт дээрх хариултыг өгөөд сууж байна гээд бодоод үз дээ. Тэгсэн атлаа дээрх амин чухал сэдвүүдээр нь хуралдаж, судалж шийдвэр гаргах нь бүү хэл ганц үг ган хийхгүй өрөөндөө томилгоо зурсан шигээ суугаа нь юуны учир вэ.
Энэ талаар асуухад дахиад л УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан болон УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нарын эрх ашиг, ашиг сонирхол яригдана. Учир нь, тэд бол түүний удирдлага бөгөөд томилгоонд хөтөлсөн “эзэд” нь. Магадгүй дээрх зүй бус томилгоо, уул уурхайн салбарыг эрчим хүчний ганцхан тулах цэгтэй гэдгээр харж буй П.Ганхүү захирлын гинжилсэн гинжний үзээрээс атгасан ч байж мэднэ. Гинжний үзүүрээс татахад хөдөлдөг маягаар бодвол шүү дээ. Үүнд нь итгэсэндээ П.Ганхүү захирал “Эрдэнэс Монгол” компанийг хувийн өмч гэж эндүүрсэн ч юм билүү, хэн мэдлээ.
Угтаа бол “Эрдэнэс Монгол” компани өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс Оюутолгой”, “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Мон-Атом”, “Эрдэнэс Шивээ энержи” ХХК, “Эрдэнэс метан” ХХК, “Эрдэнэс Ашид” ХХК, “Эрдэнэс Ассет менежмент” ХХК-иудын 50 буюу түүнээс дээш хувьцааг эзэмшдэг. “Оюутолгой” ХХК-ийн Монголын талын 34 хувь ч үүнд хамаарна. Мөн тус компани 2017 онд гэхэд 481.8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Энэ жилийн тухайд дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ өсөхтэй зэрэгцэн өнгөрсөн оны ашгаа нугалах стратеги төлөвлөгөөг баталчихаад сууж байгаа. Гэтэл тэдгээрийг нь хэрэгжүүлж, дараа дараагийн жилүүдийн стратегийг тодорхойлох учиртай гүйцэтгэх удирдлага нь ийн ойрын томилгоо хийсэн шигээ сууж байх нь зөв үү. Иймд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан болон УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нарын хэн хэн нь Хөвсгөл нутгийн МАН-ын нөлөө бүхий ахмад улстөрчийг урдаа барьж, П.Ганхүүг “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирлаар томилуулсан шигээ эргүүлээд татаж авах шийдвэр гаргах хэрэгтэй бололтой. Үүгээр ч зогсохгүй Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилуулсан Л.Ганболд нь ч төрийн албаны туршлагагүйн дээр хувийн ашиг сонирхлоор нутгийнхаа хөгжилд хандаж буй тухай шүүмжлэлд олонтаа өртөх болсон. Эндээс харахад Л.Энх-Амгалан, Л.Мөнхбаатар нарын санал болгосон томилгоо төрд гэхээс илүүтэй хувь хүмүүст нь, ашиг сонирхол бүхий бүлэг хүрээлэлд л тустай байна уу гэхээс улсад ч, төрд ч тустай байх нь нэгэнт үлгэр болсон бололтой. Бод, сайн бод, УИХ-ын гишүүд ээ. Үгүй ядах нь ээ, “Эрдэнэс Монгол”-ын ард Л.Энх-Амгалан, Л.Мөнхбаатар, П.Ганхүү гэсэн гурван хүний эрх ашиг бус нийт монголчуудын буюу гурван сая гаруй Монгол Улсын иргэний амин чухал боломж бий гэдгийг бодоорой.

Үндэсний шуудан сонин


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.