ЗАСГИЙН ГАЗАР ЯЛАХ УУ, “НҮХТ ТУР” ЯЛАХ УУ

31682

Маргааш Засгийн газрын тохируулагч агентлаг Үндсэний хөгжлийн газарт холбогдох шүүх хурал болох гэж байна. Гэнэт товлогдсон энэ хурлын нэхэмжлэгч нь “Нүхт тур” компани. “Нүхт тур” гэдэг бол МИАТ-д катерингийн үйлчилгээ үзүүлдэг компани. Уг нь өмнө нь “Нүхт тур”-ынхан гомдол гаргасныг хоёр ч удаа үндэслэлгүй хэмээн буцааж байжээ. “Нүхт тур”-ынхан 2009 онд МИАТ-д хоол нийлүүлэх гэрээ хийж ажилласан бөгөөд энэ нь хоёр жилийн хугацаатай байжээ.

Гэсэн ч энэ хугацаанд МИАТ-д нийлүүлдэг хоолны чанарт сэтгэл дундуур олон гомдол гарч байжээ. Ингээд 2014 онд МИАТ-ын катерингийн тендер зарлагдахад тус компани эхний шалгаруулалтад бичиг баримт бүрдүүлж өгөөгүй байдаг юм. Тендер ч ном журмын дагуу болдгоороо болж “Gate gourmet” гэдэг гаднын хөрөнгө оруулалттай компани шалгарч байлаа. Гэсэн ч анхан шатны баримт бичиг бүрдүүлэлтэд ч оролцоогүй “Нүхт тур”-ынхан заргалдаж эхлэх нь тэр. Шүүхээр далайлган заргалдсаар шийдвэрийг өөрсдийн талд гаргуулж байсан “Нүхт тур”-ынхан өдгөө “Улаанбаатар-Сөүл”, “Улаанбаатар-Токио” чиглэлийн нислэгийн нэг хоолны үнийг 15 ам.доллар тогтоогоод байгаа.

Ингэж тендерт оролцоогүй мөртлөө катерингийн үйлчилгээг үргэлжлүүлэн хийх болсон “Нүхт тур”-ынхан амташсан хэрээ арван гурав дахихын үлгэрийг өнөөдөр үнэн болгож байна. Учир нь тэд энэ удаа Засгийн газрын тохируулагч агентлагтай заргалдаж буй. Мөн л зарласан тендерт оролцоогүй байж зарга хийж байгаа нь энэ ажээ. Учрыг өгүүлэхэд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар Хөшгийн хөндийн катерингийг концессийн гэрээгээр барих тендер зарлажээ. Энэ тендерт “Нүхт тур”-ынхан тухайн үед оролцох санал өгөөгүй байсан юм.

Гэсэн ч тэд урьдын адил зарга заальхай хийн Үндэсний хөгжлийн газрыг шүүхэд өгөөд буй нь энэ юм. Ингэхдээ ИНЕГ-ын удирдлагаас авсан бичгээ үндэс болгон ярьж явдаг юм. Товчхондоо ИНЕГ-ын удирдлагуудаас 2016 онд авсан бичгээрээ Засгийн газрын тогтоолыг хүчингүй “болгож” МИАТ үзүүлдэг чанаргүй үйлчилгээгээ олон жил үргэлжлүүлэх хүсэл агуулж байгаа шууд ойлгогдож байгаа юм. Нэг ёсондоо зүй бусаар монополь тогтоохыг санаархаж байгаа нь тэр. Шударга өрсөлдөхөөс зайлсхийсэн үйлдэл гэдэг өөрөө сонирхол татахгүй байхын аргагүй зүйл байдаг.

Үйл явдлыг тодруулбал, тэд энэ оны нэгдүгээр сарын 17-нд нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдолдоо “Байгаль, аялал жуулчлалын “Нүхт Тур” ХХК нь Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын ерөнхий төлөвлөгөөний дагуу 5-6 байгууллагаас манайх шалгарсан тул Иргэний нисэхийн ерөнхий газраас 2016.07.27-ны өдрийн 01/2514 тоот албан бичгээр катерингийн барилга барих газрын кадастрын зураг, гэрээ хийх зөвшөөрлийг манай компанид олгож, Төв аймгийн Сэргэлэн сумын дөрөвдүгээр багын газар нутагт катерингийн үйлчилгээний барилгын газар олгогдож кадастрын зураг гарсан болно”, “Ийнхүү бид бэлтгэлээ хангаж гэрээ байгуулахыг хүлээж байтал Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газраас шийдвэр гаргаж 2017.11.28-ны өдөр “Концессын төсөл сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын урилга” зарлаж уралдаан шалгаруулалтын нэр нь “Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий Катерингийн барилгыг барьж, үйлчилгээ үзүүлэх төсөл” нэртэй концессын сонгон шалгаруулалтын зарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарласан байна.

Үндэсний хөгжлийн газраас концесс зарласан шийдвэр гаргасны улмаас манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна” гэжээ. Ямар нэгэн шалгаруулалт явуулсан эсэх нь тодорхойгүй нэгхэн даргын гарын үсэг бүхий алга дарам цаасаар далайлган Үндэсний хөгжлийн газрын зарласан тендерийг хууль бус хэмээн маргаж байгаа компани гэдэг нь эндээс харагдана.

Гэсэн ч тэд шүүхээр өөрсдийн хүссэн шийдвэрийг гаргуулж дөнгөсөн байдаг юм. Ийн нэг даргын зөвшөөрлөөр түрий барин сонгон шалгаруулалтыг давж, Засгийн газрын шийдвэрийг сөрж чадсан асуудлыг нь иргэний мэдээллийн мөрөөр Үндсэн хуулийн Цэц хянан үзээд Цэцийн дарга Д.Одбаяр Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригтод Шүүхийн үйл ажиллагааг Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрт нийцүүлэх тухай бичиг илгээжээ. Тус бичигт Үндсэн хуулийн 45 дугаар зүйлийн 2-т “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу УИХ хүчингүй болгоно.

Засгийн газар УИХ Үндсэн хуульд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд Үндсэн хуулийн Цэцэд хандаж шийдвэрлүүлж болох нь нээлттэй байна” гэсэн байдгийг дурджээ. Ингээд Захиргааны хэргийн шүүх дээр “Нүхт Тур” ХХК-ийн гаргасан гомдлыг шүүх хэлэлцэж шийдвэрлэсэн нь буруу практик болсныг онцолжээ. Ингээд “Монгол Улсын Дээд шүүхээс Захиргааны хэргийн шүүхийн энэхүү буруу практикийг залруулж Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтын дагуу дээрх хуулийг зөв хэрэглэх албан ёсны тайлбар гаргах буюу холбогдох шийдвэрүүдийг хянан үзэх зэргээр шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг үүгээр мэдэгдэж байна” гэсэн бичгийг өнгөрсөн сард явуулсан байдаг билээ.

Гэтэл дахиад л шүүх хурлын тов зарлуулж амжсан “Нүхт тур”-ынхны жишээн дээр шүүх байгууллага шударга байх зарчим нь хаашаа одов гэж асуумаар байна. Уг нь нэгэн хувийн компанийн хууль бус шийдвэр гаргуулахыг шахсан гомдол шүүх дээр албажиж Үндсэн хуулийн Цэц хүртэл явсан нь эмгэнэлтэй юм. “Нүхт Тур” ХХК-ийн захирал Д.Хоржав нь 80 гарсан настай хүн байдаг гэдэг. Энэ хүн компаниа шударга өрсөлдөөнгүйгээр монопольчлохын тулд Монголын шүүх засаглалыг хүчгүйдүүлж чадаж байна. Мөн энд бас нэг асуудал яригдаж буй нь түүнтэй хамба лам Д.Чойжамцыг холбоотой байдаг гэдэг. Нэг үгээр арыг нь хамгаалдаг бололтой. Монголын бурхан шашны тэргүүн тэрбээр олон том өндөр албан тушаалтнуудын хүндэтгэлийг хүлээж, заримыг нь захиж дааж явдаг байх. Харин энэ нөлөөг нь ашиглан хувийн компани хууль зөрчиж, Засгийн газрын шийдвэр, цэвэр өрсөлдөөний зарчмыг алдагдуулж байгааг дэмжиж буй нь муухай байна.

С.Нацаг

Эх сурвалж: 24tsag.mn

http://www.24tsag.mn/a/162810


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.