МҮБХ допинг хэрэглэсэн том цолтнуудыг нуухын учир юу вэ

5b23447f355425.74062453Монгол бөхийн спорт яг хаана ингэтэл цадигаа алдаж, уламжлалыг умартаж, ёс бусын жишээ болчихов оо.

Энэ асуултыг бөх сонирхогчид маш олон янзаар тайлбарладаг. Өнөөдөр бөхчүүдийн олонх нь найраа хэмээх авлигын сүлжээг дамжиж өндөр цолонд хүрч байгаа гэхэд хилсдэхгүй болов уу. Үнэн хүчтэй, уран мэхтэй бөх олон бий. Гэвч Улсын Их баяр наадам, Цагаан сар зэрэг томоохон тэмдэглэлт баяруудын араас бөхийн сэргээш, найраа, хэрүүл маргааны тухай үнэн, худал нь мэдэгдэхгүй цуурхал гардаг нь бараг зуршил болжээ.

Бүр сүүлдээ баяр наадмын үеэр бөхчүүд том цүнх үүрч явдаг. Гэхдээ цүнхэн дотор нь хувцас хэрэглэл нь байдаггүй, найрааны мөнгөө шууд аваад явж байдаг гэх яриа бий. Олон жилийн турш бөхчүүд өөрсдөө энэ авлигатай тэмцэж байгаа. Харин чухамдаа яг хэнтэй, хэрхэн тэмцэхээ мэддэггүй гэвэл илүүтэй зохих биз ээ.

Сүүлдээ бүр хэн мөнгөтэй нь арслан цол руу хүртэл явдаг болсон гэх. Гэвч бид энэ удаад найраа буюу бөхийн авлигын талаар голчлон өгүүлэхгүй.

Үүний оронд Эрийн гурван наадмын шударга, үзүүштэй, олныг баясгах чанарыг үгүй хийж буй сэргээшийн асуудлыг хөндөхөөр шийдлээ. Манай бөхчүүд мэдлэггүй юу, эсвэл сэргээшийн шинжилгээг аргалж дөнгөнө гэж бодсондоо тэр үү наадам бүрийн дараахан асуудал дэгдээдэг болсоор удаж байна.

Хамгийн сүүлд гарсан жишээгээр л гэхэд, хэд хоногийн өмнө Шадар сайд Ө.Энхтүвшин Үндэсний бөхийн 7 аваргыг хүлээн авч уулзсан. Тэрбээр эдгээр аваргад хандаж Монголын ард түмний Үндэсний их баяр наадам болох гэж байна. Төр, түмнээ хүндэтгэж баяр наадмын үеэр маргаан хийхгүй байхыг анхааруулаад Бөхийн холбооны маргаан баяр наадамд нөлөөлөх учиргүй гэдгийг сануулав.

Мөн допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг улсын баяр наадамд барилдуулахгүй байх, мөн оноолт, ам авахад найраа хийдэг явдлыг таслан зогсоох нь зүйтэй гэжээ. Ингээд допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдэд наадмын дэвжээ хаалттай болох нь ээ. Тун оновчтой шийдвэр. Магадгүй эндээс бодит үр дүн ч гарч мэднэ.

Гэвч “магадгүй” гэсэн нь их учиртай. Юу гэвэл, 2017-2018 онд допингий шинжилгээнд орсон бөхчүүдээс “эерэг” үзүүлэлттэй хэд хэдэн хүн гарсан. Тухайлбал, “Допингийн эсрэг үндэсний хяналт-1” төслийн хүрээнд нийт 43 бөх допингийн шинжилгээнд хамрагдаад байна.

-2017.12.09-нд 16 бөх шинжилгээ авахад аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбарын нараас

-2017.12.17-нд 4 бөхөөс шинжилгээ авахад улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш нараас

-2017.12.29-нд 11 бөхөөс шинжилгээ авахад улсын заан Б.Пүрэвсайханы шинжилгээнээс хориотой бодис илэрснийг олон нийтэд мэдээлсэн.

Өөрөөр хэлбэл, дээрх бөхчүүд ирэх наадмаар зодоглохгүй нь ээ. Энд улсын цолтон гурав байгааг та анзаарч байгаа биз ээ. Тэгвэл эдгээрээс гадна нийт 9 бөхөөс допинг илэрсэн гэдгийг МҮБХ-ноос мэдэгдсэн. Тодруулбал, 2018 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр гурван бөхөөс, хоёрдугаар сарын 15-нд зургаан бөхөөс шинжилгээ авахад тус бүр нэг бөх хориотой бодис хэрэглэсэн байжээ.

Гэвч эдгээрийн нэрийг өнөөг хүртэл зарлаагүй байгаа. Хэдийгээр тэднээс “Б” сорил авах ёстой лаборантуудын хэлснээр, “А” сорьц хамгийн найдвартай хариуг өөртөө агуулдаг аж. Харин МҮБХ тэднийг нуун дарагдуулсаар.

Эх сурвалжийн мэдээлснээр, эдгээр 9 бөх дотор улсын том цолтой арслан, гарьд нар бий. Тиймээс л тэдний нэрийг дарагдуулаад өнгөрөхөөр зүтгэлж байгаа гэнэ.

Яахав, үүний цаана бөхийн нэр хүнд, наадмын баяр баясгалан гээд олон асуудал байх ч зарчмын хувьд тариа шахуулж, хиймлээр хүч тэнхээ нэмэгдүүлсэн этгээдүүдэд Монголын Их баяр наадмын дэвжээ хориотой байх учиртай.

Erennews.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.