Боловсрол ба медал

31800

Дээр Молор-Эрдэнэ докторын лекцийг сонсож байтал медальд дарагдсан хүүхдүүдийн тухай сонин юм хэлж байна. Нэг тв-д яриа хийхээр очтол үзэгч хүүхдүүд нь хүзүүнээсээ хөлөө хүртэл битүү медальтай, нэг нь бүр хөлнөөс нь ч доош гарч, энгэртээ эвхэж тэврээд орж ирсэн аж. Нээрээ л зургийг үзвэл манлай уяачийн олон жил сойсон морь мэт. Наадахаа больж үз гэж хүүхдүүдэд захисан сурагтай. Хааяа ширүүдээд баахан дайсантай болдгоос биш голтой юм хэлдэг энэ хүний үгийг тэр хүүхдүүд ойлгосон болов уу яасан бол.

Ер нь боловсролын үүрэг хүнтэй уралдахад хэдэд жагсаж байгаагаас үл хамааран, хувь хүний ертөнцийг бие даасан өөрийн гэсэн үнэ цэнэ, утга учраа олтол хөгжүүлж, өөрийг нь нээж, хөтөлж өгөхөд байдаг бололтой. Зарим нэг сүрхий хүүхдийг эс тоовол даанч манай боловсрол, хүмүүжлийн орчин улам нөгөө тийш яваад байгаа юм шиг санагдана. Одоо сойлго бүр багаас, бүр хавтгай эхэлдэг болж, хугацаа нь уртсаж, төрөл нь олширчээ.

Цэцэрлэгийн шинэ жил, бас хүүхдийн баяр боллоо. Төрөл бүрийн урлагийн номер, олны хөлд үймж ядарсан хүүхдүүдээс заримыг нь концертын төгсгөлд циин цциин циин гээд л сүржин ая явж, микрофоноор нэрийг нь дуудаад ламинатороор бүрсэн цол, урдаас авчирсан хөх алаг оосортой төмөр медаль, мөн л ард урдаас ирсэн чихэр чипс боосон гялгар уутын хамт гардуулна. Цол цолын дундаас хамгийн абсурд, хамгийн хөгийн нь “Шилдэг хүүхэд”. Хурдан уншигч, тооны аварга гэх мэт бол бас яая гэхэв. Хүүхэд хэмээх хэзээ ч хооронд нь харьцуулж, сайн мууг нь үнэлэх аргагүй дор бүрнээ өвөрмөц ертөнцийг 4, 5хан настайгаас нь тэгээд эрэмбэлээд ялгаад эхэлнэ. Шилдэг хүүхэд байдаг бол шилдэг хүн бас байх нь. Хэдэн зуунаар, мянганаар судалж бага багаар тайлж ирсэн энэ ойлголтын өмнө Монголчууд хөнгөхөөн сайн мууг нь шийдсэн тэмдэг нэр зүүнэ… хамар ам бие хааг нь харж шийдээгүй байлтай. Шилдэг болсон хүүхэд нь хөөрхий нялх юм чинь би шилдэг гэж бодно. Бусад нь би шилдэг биш гэж бодно. Ингээд “би хэн бэ”, “хэн болох вэ” биш “би хэрхэн шилдэг болох вэ” гэдэг уралдаан эхэлнэ. Зарим нь хүнээс илүү гарч байж л өөрийгөө хүндэлдэг болно. Зарим нь бүр эрт хожигдож шийдээд хар нялхаараа өөртөө итгэх итгэл, хүсэл тэмүүлэлгүй муу сурлагатан болох араандаа орно.

Ингээд дунд сургуульдаа орно. Аль сургууль хэний хүүхдийг хамгийн олон медальтай болгож чадсан эсэхээ үзнэ, эцэг эхэд нь хэлэх үгтэй, харуулах юмтай, төлбөрөө нэмсэн ч орох элсэгчтэй. За ингээд шилдгүүд маань шилдэг их сургуулийг сайн оноогоор цохиод авчихна. Яваандаа гайгүйнүүд нь гадаад дотоодын шилдэг их сургуульд тэтгэлэг аваад гарчихна. Төгсөөд ажлын байранд гарна. Шилдэг ажилтан болно. Одоо юм хөгжөөд бүр нарийн болж, зөвхөн шилдгүүдийг тодруулах, ламинатор биш сүрхий жаазтай цол чимэг хэвлэх, сүржин сайхан цол бодож олох төрийн бус байгууллагууд хүртэл үүссэн. Төр нь бол угаасаа хүний хөдөлмөрийг цалингаар биш одон тэмдэгээр үнэлдэг аргатай.

Ийм олон шилдэгтэй, өсөхөөс аваад үхэх хүртэл шилдгийн даллагатай. Тийм байтал юунд улс орон маань улам бүр шилдэг бусын эгнээ рүү ухарна вэ? Хаа нэг газар юу нэгэн буруу ухагдаж, буруу үйлдэгдээд байна биш үү?

Энэ асуултад хариулт эрэхэд туслах нэг багаж санаанд бууж байна. Англи хэлээр doing, being гэсэн хоёр ойлголт хувь хүний хөгжлийн хэлэлцүүлэгт их гарч ирдэг. Doing нь “би юу хийж байна” гэж өөрийгөө харах, being нь ер нь би хэн бэ гэдгээ илүү харна. Эхнийх нь хувьсал хөдөлгөөнтэй, дараагийх нь харьцангуй тогтмол ойлголт. Энд хөндсөнчлөн чи шилдэг, чи мундаг, чи толгойтой гээд байхаар хүүхэд юу хийж байгаадаа биш би хэн бэ гэдэгтээ, аливааг чадаж байгаа би, бусдаас илүү би гэдэгтээ их ороогдох болж ирдэг. Гэтэл улс орны хөгжил гэдэг шилдэг бие хүмүүс(being)-ийн нийлбэр биш, бодит үйлдэл(doing)-үүдийн үр дүн бололтой. Үйлдэл хэзээ хамгийн үр дүнтэй вэ гэвэл хүмүүс тэрийг хийж байхдаа аз жаргалтай, түүндээ дурлаж хийж байхад. Өөрөөр хэлбэл дор бүрнээ бусдаас илүү гарах гэж, эсвэл шагнал авах гэж биш харин бусдаас үл хамааран хийж буй ажлынхаа процесст дур сонирхолтой, итгэл үнэмшилтэй байхад. Медаль авах, олимпиадад түрүүлэх, нэгт жагсах, хамгийн сайн гэгдэж байгаа сургуульд сурах. Мэдээж бүх хүүхэд тийм биш ч дандаа ийм уралдаан дунд босоо тэнхлэгт сэтгэж сурсан хүүхдийг том болсон хойно нь за тэр хүнээс илүү дутуу яах вэ, чи яг юу хиймээр байгаа юм бэ гээд асуухаар хариултаа мэдэхээсээ мэдэхгүй нь олон таарах вий. Харин тоог медаль авахын төлөө биш 1+1=2 хэмээх өөрийнх нь нууцад дурлаж, өөрийн сонирхол, эрмэлзлээр сурсан хүн бол ажил мэргэжлээ ч тийм хандлагаар сонгодог болж магадгүй.

Боловсролын менежмент хийсэн болох, шинэ жилээ арга хэмжээ дүүрэн болгох, сургуулийн нэр хүндээ авч явах… томчуудын элдэв амбиц дор медалиар дарж, шилдгээр цоллож өсгөхдөө бид хүүхдүүдээ юу хиймээр байгааг нь ажиглаж, нээн хөгжүүлж, doing-ээ олоход нь туслахгүй байна. Энэ нь макро түвшинд бол манай нийгмийг проферциональгүй, өмнөх ажилдаа чин сэтгэлийн хандлагагүй, шилдгийн цагаан цацаг харагдахаа байчихаар л нүхэндээ орж байгаа тарвага шиг мотивацгүй болчихдог тийм бөөн being-ийн нийлбэр болгон хувиргаж байх шиг. Мэдээж хүний нийгэмд амьдарч байгаагаас хойш өрсөлдөөн, ялалт ялагдал байх. Гэхдээ хэн нь хэнээсээ илүү дутууд хамаг ач холбогдлыг өгөхөөс түрүүнд хүүхэд бүрийн өвөрмөц ертөнцийг хүлээн зөвшөөрч нээн хөгжүүлмээр. Медаль бол сонирхлыг нь нээж олсон хойноо тэрийг нь хөгжүүлэх арга хэрэгсэл төдий байхаас биш боловсролын зорилго байх ёсгүй. Хүүхэд нас өөрийн үнэ цэнээ медалийн тоогоор харж, насандаа гарсан генерал шиг тэрийгээ энгэр дүүрэн унжуулаад тэвэрч явах нас биш.

Сурагчийн чинь, хүүгийн чинь, охины чинь хүүхэд нас хүзүүнээс нь унжсан олон медальд татагдаад бөхийгээгүй байгаа? Ургаж, өсөж, тэмүүлж байх нас даа, уг нь.
#Болушка


URL:

Сэтгэгдэл бичих