Эрүүл мэндийн ҮЭ ганцаарчилсан тоглолт хийв үү?
Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлэн жагсав. Тэд ийн жагсах болсон шалтгаанаа Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд С.Чинзориг үл тоон гацааж, өнөөдрийг хүртэл нэг ч алхам хийгээгүй учраас түүнийг огцрохыг шаардаж жагсаж байгаа юм хэмээн тайлбарлажээ.
Гэтэл МҮЭХ-ноос мөн өнөөдөр мэдэгдэл гаргаж ирэх есдүгээр сарын 1-нээс ажил хаялт зарлах болсноо албан ёсоор зарлажээ. Учир нь МҮЭ-ийн холбооны Ерөнхий Зөвлөлийн тэргүүлэгчид өчигдөр буюу зургадугаар сарын 20-нд хуралдаж Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 3.2 дахь заалтыг хэрэгжүүлэх хүрээнд байгуулсан Нэмэлт хэлэлцээрийн 9 дэх заалтын биелэлтийг шаардаж үүсгэсэн хөдөлмөрийн хамтын маргааны явцад ажил хаях, зохион байгуулах эрх хуулийн хүрээнд үүсч байгаа тул төрийн албан хаагчдын холбогдох мэргэжил үйлдвэрлэлийн ҮЭ-ийн холбоодын 2018 оны есдүгээр сарын 1-нээс ажил хаялт зохион байгуулах саналыг харгалзан, ажил хаялтын бэлтгэлийг хуулийн хүрээнд ханган зохион байгуулахыг нийт гишүүн байгууллагын удирдлагуудад чиглэл болгожээ.
МҮЭХ-ны удирдлага ийм хамтын шийдвэр гаргасаар байтал салбар холбоодынх нь нэг болох Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо бие даан өөр агуулгатай шаардлага тавин, ХНХ-ын сайдыг огцруулахаар улс төрийн шинжтэй тэмцэл хийж байгаа ажээ. Уг тэмцлийг удирдан зохион байгуулж байгаа Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны тэргүүн Б.Мягмар МҮЭХ-ны Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгч бөгөөд тэрээр өчигдөр тэргүүлэгчдийн хуралдаа оролцож ирэх есдүгээр сарын 1-нд ажил хаях шийдвэрийг хамтран гаргасан юм байна. Үйлдвэрчний эвлэлийн төв байгууллага нь шийдвэрээ гаргачихаад байхад салбар холбоо нь ийнхүү богинын зайн ганцаарчилсан тоглолт хийж байгаа нь олон нийтэд ойлгомжгүй байдал үүсгэж байна.
URL: