Монголд үйлдвэрлэсэн автобус үйлчилгээнд гарлаа

“ERDU” ХХК-ийн зохион бүтээсэн “Ж-800″ маркийн автобусаа өчигдөр Сүхбаатарын талбайд үйлчлүүлэгчдэдээ хүлээлгэн өглөө.  28 хүний суудалтай тус автобусыг Монгол Улсын зөвлөх инженер, Цахилгаан тээвэр компанийн захирал Д.Жаргалсайханы санаачлагаар бүтээжээ. Тэрбээр “Манай улс эх орондоо автобус үйлдвэрлэнэ гэдэг маш том амжилт. Бид цаашид зөвхөн автобус бус дунд оврын ачааны тэргийг үйлдвэрлэх болно” хэмээсэн.  Энэ удаа “Ж-800″ маркийн автобусыг туршилтаар явуулж буй. Харин дараагийн удаа хэд хэдэн автобус үйлдвэрлэхээр болжээ. “ERDU” компанийнхан дэлхийд тэргүүлэх технологийн ололтыг Монгол Улсдаа хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, машин үйлдвэрлэлийн бааз суурийг бэхжүүлэхийг гол зорилгоо болгожээ.  Автобусанд тоормосны шинэ систем суурилуулсан бөгөөд Евро стандартын хурд сааруулах системтэй гэдгээрээ онцлогтой. Мөн дөрвөн дугуйндаа дискэн тоормостой юм байна. Энэ нь одоо явж буй автобуснаас ялгарах давуу тал нь юм. Мөн түлш бага зарцуулдаг, утаа бага ялгаруулдаг юм байна.  Д.Ангараг


URL:

Сэтгэгдэл бичих