Цуурхал бидний амьдралд

Хүмүүс хоорондоо өдөр бүр, цаг минут тутамд харилцан мэдээлэл солилцож дамжуулж байдаг. Ингэхдээ өөрийн үзэл бодол, сэтгэлийн хөдөлгөөнөө нэмэн баяжуулж агуулгыг нь өөрчлөх нь ч бий. Үүнийг манай Монголчууд ам дамжсан яриа, цуу яриа гэж нэрлэдэг. Тэгэхээр цуу яриа магадгүй хүн төрөлхтөн үүссэн үетэй холбоотой ч байж мэднэ.

Мэдээж санаатайгаар худал хэлж төөрөгдүүлэх явдал байдаг ч тэрхүү мэдээллийг хүлээн авч буй хүн гүйцэд ойлгоогүй, эсвэл тухайн хүний мэдлэг, туршлага, ажил мэргэжил, нас, итгэл үнэмшил, шашны байр суурь зэрэг олон хүчин зүйл нь тухайн мэдээллийг хүлээн авч ойлгох, мөн цаашлан дараа дараагийн хүмүүст дамжуулахад нөлөөлдөг байж болох талтай. Цуурхал тарахад нөлөөлдөг нэг хүчин зүйл нь аливаа зүйлийн тухай таамаглал магадлалууд байдаг.

“Тэр нөхөр тэгж ярьсан гэнэ. Албан тушаал дэвших гэж байгаа юм байх” гэж ярьвал дараагийн хүн нь “Тэр нөхөр албан тушаал дэвшсэн гэнэ, цалин мөнгө нь ахиу л байж таарна” гэж нөгөөдөө хэлэхэд нөгөөх нь мөн л дараагийн нэгэнд “Цаад хэн чинь албан тушаал дэвшээд хэдэн юм хурааж цуглуулсан гэнэ шүү” гэж ярихад хүрдэг. Энэхүү магадлал, таамаглалыг нийтэд хамгийн их хүртээмжтэйгээр тараадаг зүйл бол Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох сонин, сэтгүүл, FM, радио зэрэг байдаг.

Дөнгөж саяхны нэгэн жишээг дурдъя. Хувийн хэвшлийн нэгэн мэдээллийн сувгаар “Таксины жолоочид эхний км тутамдаа 1000 төгрөг, харин 2 дахь км тутамдаа 600 төгрөгөөр үйлчилж иргэдийн халаасыг хоосолж байна” гэж мэдээллэсний дараа иргэдийн дунд таксиг 1000 төгрөгөөр явдаг болсон гэх цуу яриа үүслээ. Үүнээс болж Микрийнхний гол өрсөлдөгч болох Хайлааст, 7 буудал руу нэг хүний 500-аар хүргэж үйлчилдэг Таксичид үнээ 2 дахин өсгөн 1000 төгрөгөөр үйлчлэх болсон.

Ихэнх тохиолдолд Цуу яриаг үүсгэж байгаагаа хувь хүн, хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрөө тэр бүр ухамсарладаггүй. Тэр телевизээр ингэж өгүүлжээ гэхэд л гүйцээ. Сонсогч, үзэгчдийн хувьд мэдээллийн эх сурвалж, худал үнэний талаар эргэцүүлэх хүсэл тэр бүх төрөөд байдаггүй. Тэгж ярьж байна лээ гээд цааш нь дамжуулж эхэлнэ. Цуурхлын ийм шинжийг улс төрчид заримдаа ашиглах явдал гардаг. Учир нь цуурхал маш хурдацтай зардал багатайгаар тархдаг өвөрмөц үзэгдэл.

Үүний цаад шалтгаан нь юунд байна вэ? Хүмүүсийн ам цангаж байсан, хүлээгдсэн, сонирхолтой сэдэв, мэдээллүүд нь яригдаж байгаатай л холбоотой байдаг. Хүн амын хамгийн өргөн давхрааг хамарсан мэдээллийн хэрэгслээр дамжвал бүр ч хурдан байдаг. Эргээд цуу яриа нь цаг хугацааны явцад замхран алга болдог шинж чанартай боловч хэт хүчтэй хурцадмал шинжтэй цуу яриаг таслан зогсоолгүй даамжруулах нь нийгэмд айдас, уур бухимдал үүсгэж, үймээн самуунд хүргэх аюултай байх нь ч бий.

Тиймээс хурцадмал шинжтэй цуу яриаг шат шатанд нь таслан зогсоох хэрэгтэй. Хурцадмал гэдэг нь хүн амын нилээд хувьд тархсан, тэр нь сэтгэл хөдлөлийн сөрөг шинжийг агуулж байгаа тохиолдол юм. Гол арга зам нь баримтаар няцаах. Мэдээж энэ бол бидний шийдвэрлэх түвшнээс давсан асуудал учраас холбогдох алба, байгууллагууд үүнд санаа тавьж ажиллана.

Цуу яриа гэхээр зөвхөн улс төр, нийгэм-эдийн засгийн түвшинд хүлээн авч, ойлговол асуудлыг нэг талаас нь харсан болно. Бидний өдөр тутмын ажлын байр, амьдардаг гудам гэх зэрэг бичил болон дунд шатны байгууллагууд, газруудад ч гэсэн адил байж л байдаг. Тухайлбал, хамтран ажилладаг эмэгтэйчүүд тань атаархахдаа таныг зүй бус аргаар албан тушаалд хүрсэн эмэгтэй гэж цуурч байвал, мөн энэхүү цуурхал нь танд тун их эгдүүцэл төрүүлж байвал та тийм биш гэдгийг нь нотлоод өгөх хэрэгтэй гэсэн санаа юм. Үүнийхээ дараа та өөрөө ч гэсэн цуу яриа үүсгэхгүйг хичээх хэрэгтэй. Учир нь та өөрөө цуурхлын хор хохирлыг биеэрээ амссан хохирогч шүү дээ. Эх сурвалж, үнэн баттай эсэх, батлагдсан нотлогдсон эсэхийг мэдэх, мөн давс хужир нэмэлгүйгээр цааш дамжуулах нь нийтийн сэтгэл санааг амар түвшин байлгахад оруулж байгаа таны хувь нэмэр юм.

Нийтэлсэн: Сэтгэл судлаач: Г.Бөртэ-Үжин


URL:

Сэтгэгдэл бичих