Цээж хорсолтыг хэрхэн эмчлэх вэ

1446446996_8sgp974o83156vrlr2e28hs49Цээжээр халуун оргиж түлэгдэх шиг болон хорсох хичнээн таагүй билээ. Цээж хорсох таагүй өвчнийг олон хүн өөр мэдэрдэг. Цээж хорсонгуут хүмүүс аяга ус яаралтай авч, сод хийж хутгаад ганц амьсгаагаар залгина. Зүгээр болчих шиг боллоо. Тэгээд л ажлаа хийсээр одно. Гэтэл маргааш нь дахиад цээж хорсоно. Та содтой усаар зөвхөн шинж тэмдгийг арилгаж байгаа болохоос биш өвчнийг анагааж байгаа хэрэг биш гэдгээ мэдэх үү? Сод бол эм биш. Зүгээр л давсны хүчлийн үйлчилгээг багасгаж байгаа юм. Байнга сод уувал гэдэс дотор нүүрсхүчлийн хий үүсч, энэ нь ходоодны салстыг сэдрээж өвчнийг улам гааруулдаг. Цээж хорсох нь ихэнхдээ хоол боловсруулах замын ноцтой өвчний илрэл байдаг.

Яагаад?

Ихэнхдээ цээж хорсох нь буруу хооллосноос эхтэй. Ялангуяа их ажилтай, эсвэл яаруу сандруу хүмүүс сууж тайван хооллохын оронд явдал дундаа иддэг. Энэ нь даамжирсаар өвчинд хүргэнэ. Цээж хорсох үндсэн шалтгаануудын нэг нь илүүдэл жин. Хүн их идсээр ходоод нь сунадаг. Мөн таргалж эхэлнэ. Улмаар гэдэс доторх даралт тун өндөр болдог. Энэ бүхэн мөн цээж хорсохын эхлэл. Дээр нь архи их уух, кофе уух, шоколад их идэх, хийжүүлсэн ундаа юм уу халуун ногоотой хурц хоол их иддэг бол эрт орой хэзээ нэгэн цагт цээж хорсоно. Цээж хорсох механизм туйлын энгийн. Хүн хоол идэхэд улаан хоолойгоор дамжин ходоод руу ордог. Хоол ходоод руу орох үед улаан хоолой ба ходоодны дунд байрлах хавхлаг нээгдэж хаагдаж байдаг. Энэ хавхлаг дутуу хаагдсанаар ходоодны хүчил улаан хоолой руу орж ирэн түлнэ. Ингээд цээж хавиар түлэгдэж хорсох эвгүй мэдрэмж төрдөг.

Ямар арга хэрэглэх вэ?

Хэрэв цээж хорсох явдал олонтаа давтагдаж, та өөрөө эмчилгээ хийлгэхгүй байгаа бол ойрын хугацаанд ходоодны шархлаа үүсч мэднэ. Тиймээс сод уухын оронд эмчид очоорой. Цээж хорсох өвчнийг хоолны дэглэм барьснаар эмчилдэг. Ихэнхдээ хүнсний ногоо, бүдүүн ширхэгтэй үр тарианы бүтээгдэхүүн зэргийг иддэг. Ер нь цээж хорсох өвчтэй болохгүйн тулд их идэхээс сэргийл. Хүн их идэж таргалснаас дотор эрхтнүүд өөхөлж багтаж ядан улмаар гэдэс доторх даралт өндөр болдог. Энэ нь ходоодны хавхлагууд гүйцэд хаагдахад саад учруулдаг. Эсвэл тарган биш байлаа ч цээж хорсолт үүсгэдэг хүнсний зүйлс, тухайлбал архи, кофе, шоколад, хийжүүлсэн ундаа, халуун ногоотой болон өөх тостой хоол зэргийг багаар хүртэж сурах хэрэгтэй. Мөн аль болох ойр ойр, бага багаар иднэ. Унтахын өмнө хоол идэж огт болохгүй. Жингээ байнга хянаж, архи тамхийг мартвал зохино. Заримдаа сүү цээж хорсохыг дардаг боловч өвчнийг нь биш шинж тэмдгийг нь дардаг гэдгийг бүү март. Гэхдээ содыг бодвол хоргүй.


URL:

Сэтгэгдэл бичих