Сэргээш хэрэглэчихээд, эмчилгээ хийлгэсэн гэх жудаг бөхчүүд дунд дэлгэрч байна

5b39b327537fd6.26324341Улсын цолтой л болж байвал допингийн асуудал юу ч биш байна гэж бөхчүүд боддог бололтой. Учир нь жил бүр дор хаяж хоёр бөх допинг хэрэглэсэн хэмээн шалгуулж байгаа юм. Энэ нь өдгөө бараг бөхчүүдийн уламжлалт хэрэглээ болоод байгаа гэхэд хэлсдэхгүй. Энэ жил зарим мөн л энэхүү уламжлалаа дагах бололтой.

Тодруулбал, Өнөөдөр хоёр бөхөөс допинг илэрсэн талаар эх сурвалж мэдээллээ. Хоёр бөхийн нэг нь шинжилгээний хариуг эсэргүүцэж “Б” сорьцоо шинжлүүлэхээр болсон байна. Шинжилгээний хариу энэ сарын таванд гарах бөгөөд тухайн үед нэрсийг зарлаж магадгүй аж.

Ямартай ч сүүлийн 18 жилийн турш Үндэсний их баяр наадмаар шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авч байгаа. Энэ хугацаанд 20 гаруй бөхөөс сэргээшийн жагсаалтад хамаарах бодис илэрснийг албан ёсоор зарласан. Сүүлийн үед цөөн хэдэн бөх дээр дүрэм айхтар хатуу үйлчилснийг эс тооцол сэргээш хэрэглэсэн бөхчүүдэд 20 гаруй жилийн турш нэр төдий хариуцлага тооцож ирсэн. 2009 оны наадмын дараа улсын заан Б.Соронзонболд, улсын начин Ц.Сумъяабэйс нарын хүртсэн чимгийг хурааж байв. МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, дэд тэргүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Данзан, нарийн бичгийн дарга Б.Цогтбаатар нар 2016 онд сэтгүүлчдэд хандах үеэрээ,”2002 онд анх допингийн зөрчил гаргасан бөх бол аварга А.Сүхбат. Тухайн үед МҮБХ-ны тэргүүлэгчид түүнд ямар хариуцлага тооцуулах талаар хуралдаж байхад шүүхээс манай хуралдааныг зогсоох захирамжийг А.Сүхбат өөрөө барьж орж ирсэн. Тэгээд тэр хүн улс даяар дуулиан тарьж, өөрт нь арга хэмжээ тооцох боломжид нөлөөлсөн. Тэрнээс хойш нэлээд олон бөхөөс допинг илэрсэн. Энэ нь анх А.Сүхбатад хариуцлага тооцоогүйгээс болсон гэсэн үг” хэмээн ярьсан байдаг.

Тухайн үед нь яагаад ингэж зарлаагүйгээ харин эрхэмүүд тайлбарлаж чадаагүй. Энэ бол сэргээш хэрэглэсэн бөхөд шийтгэл оноох асуудалд ялгавартай, үзэмжээр хандаж ирсэн нэг баримт. 2012 онд бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж Улсын арслан Х.Мөнхбаатар, улсын начин Б.Сугаржаргал нар сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон талаар мэдээлэл хийх үеэр Х.Мөнхбаатар арслан хэвлэлийн хурлын зааланд орж ирж, бөх, тэргүүн хоёр шившигээ дуудалцаж байсныг ард түмэн мартаагүй. Сэргээшийн асуудалд том цолтой бөхчүүд нь ч, бөхчүүдийнхээ эрх ашгийг ялгаваргүй хангаж, спортын зарчмыг сахиулах ёстой холбоо нь ч ийм хариуцлагагүй, мэргэжлийн бус хандлага гаргасаар ирсэн. Ийм буруу жишгээс болж залуу бөхчүүдийн дунд сэргээшийн хэрэглээ нэгэнт хяналтаас гарчихаад байна.

Заалны барилдаан тогтмол үздэг хүмүүс яагаад нэг аймгийн бөхчүүдийн хүзүү жигдэрсэн юм шиг шархтай явдгийг гайхаж яриад л өнгөрдөг.

Хэрвээ допингийн хариуцлагын асуудлыг нэгэнт ярих гэж байгаа бол бөхчүүдэд допингийн хэрэглээг сурталчилж өөгшүүлж буй хүчний дасгалжуулагч нарт хатуу хариуцлага тооцож таслан зогсоох хэрэгтэй. Зүлэг ногоон дэвжээнээ уран мэхийг уралдуулан хийж барилдахын оронд эм тариа хэрэглэн наадамчин олныг хуурна гэдэг байж боломгүй асуудал. Иймээс холбогдох хүмүүс нь энэ төрлийн хэрэгт оноох шийтгэлээ илүү хатуу болгож, ямар ч аргачлалгүй шийтгэл оноо хэрэгтэй юм.  Эс тэгвээс доппинг хэрэглэчихээд, эмчилгээ хийлгэсэн гэх жудаг бөхчүүдийн дунд дэлгэрсээр байх болно.

Erennews.mn


URL:

Сэтгэгдэл бичих