БНСУ-ын Дотоод хэрэг, Үндэсний аюулгүй байдлын дэд сайдыг хүлээн авч уулзлаа

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа  “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурал”-д оролцохоор хүрэлцэн ирсэн БНСУ-ын Дотоод хэрэг, Үндэсний аюулгүй байдлын дэд сайд ноён Шим Бү Кион тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Онцгой байдлын байгууллага нь ОХУ, БНХАУ, АНУ, Унгар, Япон, Франц зэрэг 10 гаруй орны гамшгаас хамгаалах байгууллага, НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагууд, Азийн гамшгийн бэлэн байдлын төв, Олон Улсын Иргэний хамгаалалтын байгууллага, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Дэлхийн галын инженерүүдийн холбоо зэрэг бүсийн болон олон улсын байгууллагатай байнгын түншлэл, хамтын ажиллагаатай ажиллан гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.

Гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд, Бүгд Найрамдах Солонгос Улсын Онцгой байдлын ерөнхий газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичгийг 2006 онд  үзэглэснээр хоёр байгууллагын харилцаа, хамтын ажиллагааны суурь тавигдсан. Монгол Улсын Онцгой байдлын байгууллага нь БНСУ-ын Дотоод хэрэг, үндэсний аюулгүй байдлын яам, Үндэсний галын удирдлагын газар, Үндэсний аврах алба-119, Гёонги мужийн Гал, гамшгаас хамгаалах газар, Гёонги мужийн Галын академи, Солонгосын Галын судалгааны хүрээлэн болон холбогдох бусад байгууллагуудтай уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай ажилладаг.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал уулзалтын эхэнд, “Гёонги мужийн Онцгой байдлын газраас Монгол Улсын Онцгой байдлын албаны алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг сайжруулахад дэмжлэг үзүүлж, жил бүр 20-60 алба хаагчдыг Гал унтраах, аврах ажиллагааны 14 хоногийн сургалтад үнэ төлбөргүй хамруулдаг. Мөн Гёонги аймгийн Гал, гамшгаас хамгаалах газартай хамтран “Гамшгийн менежментийн системийн бүтэц, хөгжлийг хангах нь” сэдэвт туршлага солилцох айлчлалыг 2015 оноос эхлэн жил бүр БНСУ болон Монгол Улсад зохион байгуулж, хоёр орны онцгой байдал, гамшгаас хамгаалах асуудал эрхэлсэн байгууллага, тэдгээрийн салбар, нэгжийн үйл ажиллагаатай танилцах, бүтэц, тогтолцоо, менежемент, үйл ажиллагааны талаар харилцан туршлага солилцох таатай нөхцөл бүрдсэн” гэж онцлон тэмдэглэв.

Мөн тэрээр, хоёр улсын Онцгой байдлын менежментийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд, БНСУ-ын Онцгой байдлын ерөнхий газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичгийг шинэ түвшинд гаргаж, хоёр улсын гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа ноён  уламжиллаа.

БНСУ-ын Дотоод хэрэг, үндэсний аюулгүй байдлын дэд сайд ноён Шим Бү Кион,  хоёр орны гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ түвшинд гаргах, засгийн газар хоорондын гэрээ байгуулах саналыг дэмжиж байгаагаа уулзалтын үеэр илэрхийллээ.

Мөн тэрээр хоёр улсын гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааг БНСУ-ын сүүлийн үеийн дэвшилтэт технологид тулгуурлан хөгжүүлэхэд санал нэгтэй байгаагаа уламжиллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих