“Савласан усанд нь нян илэрсэн гурван ААН-д зөрчлөө арилгах албан шаардлага хүргүүлсэн”

32286

НМХГ-аас савласан цэвэр ус, рашаан, ундаа, жүүсний 38 үйлдвэрт хяналт, шалгалт хийжээ.

Шалгалтад хамрагдсан нийт үйлдвэрийн эрүүл ахуй, халдвар хамгааллын үнэлгээгээр:

  • 18 нь буюу 47.3 хувь нь “дунд эрсдэлтэй”
  • 20нь буюу 52.6 хувь нь “бага эрсдэлтэй”
  • Хүнсний чанар, стандартын хяналтын хуудсаар
  • 1нь буюу 2.6 хувь нь “их эрсдэлтэй”
  • 20 нь 52.6 хувь нь “дунд эрсдэлтэй”
  • 17нь буюу 44.7 хувь нь бага эрсдэлтэй гарчээ.

Харин 11 аж ахуйн нэгжийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгахад долоон аж ахуйн нэгж бага эрсдэлтэй, дөрвөн аж ахуйн нэгж дунд эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна.

Илэрсэн зөрчлүүд:

  • 2016-2017 онд шинээр үйлдвэрлэлийн барилга барьж байгуулсан Xаан жимс Эс Би Ти ХХК, Эм Жи Эл Акуа ХХК нь байнгын ашиглалтад хүлээн авах улсын комиссд хүлээлгэж өгөөгүй, гэрчилгээ олгогдоогүй барилгад үйлдвэрлэл явуулсан, ашиглаж байгаа гүний худаг нь паспортгүй, зохих зөвшөөрөл, гэрээгүй, шугамд тоолуур суурилуулаагүй байжээ.
  • Витсамо Фрут жүүс ХХК, Блү Голд ХХК, Эм Жи Эл Акуа ХХК-ийн үйлдвэрүүд гүний худагт эрүүл ахуйн бүсийг нарийвчлан тогтоогоогүй, эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн дэглэм зөрчиж бохирдуулах эх үүсвэрт байршуулжээ.

Нийт үйлдвэрүүдийн дотоод хяналтын лабораторийн багаж, төхөөрөмж, урвалж бодис хүрэлцээгүй, мэргэжлийн лабораторийн чиглэлийн боловсон хүчин дутагдалтай байсан нь шалгалтаар илэрсэн байна.

Савласан цэвэр ус, ундаа, жүүсний 87 нэрийн дээжинд хийсэн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр 6.8% нь эерэг үзүүлэлттэй гарчээ. Үүнээс Батдайз ХХК-ийн “Талст”, Оюуны холбоо ХХК-ийн “Хануй”, Витафит Инвест ХХК-ийн “Вита” нэрийн савласан цэвэр усанд нянгийн ерөнхий тоо стандартаас 10-20 дахин өндөр байсан аж.

Нян илэрсэн тухайн байгууллагуудад ямар арга хэмжээ авсан талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар “Итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр савласан усанд нь нян илэрсэн тухайн гурван ААН байгууллагад зөрчлөө арилгах албан шаардлага хүргүүлсэн” гэв.

Бусад зөрчил илэрсэн байгууллагуудад авсан арга хэмжээ:

Шалгалтаар дөрвөн хяналтын чиглэлээр нийт 311 зөрчил илрүүлж,136 нь газар дээр нь арилгуулж, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн 16 иргэн, ААН-д 15.6 сая төгрөгийн торгуулийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн ногдуулсан байна.

Мөн зөрчлийн үр дагаврыг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтаны албан даалгавар 16, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.8 дахь заалтын үндэслэн “Хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай” улсын /ахлах/ байцаагчийн 127 заалт бүхий 19 албан шаардлагыг мөн хугацаатай хүргүүлж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллажээ.


URL:

Сэтгэгдэл бичих