З.Маралгоо: Бид бүгдийн төлөө гэрэлт ирээдүйг бүтээхийг уриалж байна

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын нээлтийн индрээс “American school” сургуулийн 5 дугаар ангийн сурагч, 10 настай  З.Маралгоо Ази, Номхон далайн улс орнуудын бүх хүүхэд, залуучуудыг төлөөлж үг хэллээ.

Тэрээр, “Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Маралгоо гэдэг би арван настай. Би Улаанбаатар хотод сурдаг бөгөөд энэ тайзнаа Ази, Номхон далайн улс орнуудын бүх хүүхэд, залуучуудыг төлөөлж үг хэлэхээр ирлээ. Газар хөдлөлт, үер, цунамигаас болж амь насаа алдаж зовж, зүдэрч байгаа хүмүүсийг зурагтаар үзэхэд надад маш их айдас төрдөг. Байгалийн гамшгийн аюулаас болж орон гэргүй хоцорч, эцэг эхээ алдаж байгаа хүүхдүүдийг хараад би өөрийн эрхгүй уйлдаг.

Манай оронд “ЗУД” гэдэг өөрийн онцлог бүхий байгалийн гамшиг болдог. Зудын үеэр цаг агаар тэсгим хүйтэн болж, ан амьтдын хөл хөдөлж чадахгүй болтлоо тас хөлддөг.  Гамшиг тохиолдсон үед өөрсдөдөө тусалж чадахгүй байгаа хүмүүсийг хараад надад харамсалтай санагддаг. Гэсэн хэдий ч тусламж хэрэгтэй хүмүүсийн төлөө гараа сунгах сая сая эрэлхэг, зоригтой хүмүүс байдгийг би мэднэ. Аврагчид эцэг эх, хүүхдүүдийг аюулаас аварч байгааг хараад би хязгааргүй ихээр баярладаг.

Манай хотод газар хөдлөлт болсон тохиолдолд яах ёстой талаар сургуулиас минь бидэнд зааж өгдөг. Ангийн найзууд болон багш нарынхаа хамтаар аюултай үед барилгаас болгоомжтойгоор түргэн, шуурхай гарах сургуулилтуудыг хийдэг. Мөн хэрвээ найз маань гэмтвэл анхан шатны тусламж үзүүлэх тухай ч зааж өгдөг.
Эдгээр энгийн анхан шатны тусламжуудыг Та, Би, Бид Бүгд мэддэг байх ёстой гэдэгтэй надтай санал нийлж байгаа гэдэгт итгэлтэй байна.
Мөн энэ шалтгааны улмаас өнөөдөр миний төрөлх хот болох Улаанбаатарт дэлхийн 50 гаруй улсын мянган мянган хүмүүс цугларч байгааг би мэднэ.
Чин сэтгэлээсээ би та бүхнийг Ази-Номхон далайн бүсийн хүүхэд залуучуудтай хамт сэтгэл зүрх, бодол санаа, хүсэл тэмүүллээ нэгтгэн бид бүгдийн төлөө гэрэлт ирээдүйг бүтээхийг уриалж байна. Баярлалаа!” гэлээ гэж Онцгой айдлын ерөнхий газраас мэдээллээ. 

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.