ЗАГ СУМЫН ЭХ БУЛАГ ГЭДЭГ ГАЗАРТ “САХАЛ” Д.ЭРДЭНЭБИЛЭГ АЛТ УХАХААР УЛАЙРЧ БАЙНА ГЭЛЭЭ

olloo_mn_1530689101_36589888_1634142256703778_5186082321685544960_nБаянхонгор аймгийн Заг сумын Эх булаг хэмээх газарт алт ухахаар сүүлийн хоёр жил улайран дайрч байгаа нэгэн баяны талаар өнөөдөр сумын удирдах албан тушаалтнууд болон иргэд нь сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Алтны төлөө эх болсон газар нутгийг ухаж төнхөж, ард иргэдийг нь нутаггүй, мал сүргийг нь ус ургамалгүй бэлчээргүй болгох асуудал их гарсаар байгаа юм.

Тодруулбал, Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэгийн 99 хувь эзэмшдэг “Централ эшиа Майнинг” компани алт олборлохоор хоёр жил “довтолсон” ч нутгийн иргэд эсэргүүцэлтэй тулгарч иржээ.

Түүнчлэн “Централ эшиа Майнинг” компанийн удирдлага 27 удаа Заг сумын Баянбулаг багийн иргэдтэй уулзан мөнгө төгрөг амласан ч бүтэлтэй зүйл болоогүй аж.

Заг сумын нутаг дэвсгэрт алт олборлох гээд уйлайраад байгаа баян “сахал” хочтой Д.Эрдэнэбилэг гэнэ. Аргаа барсан сумын ард иргэд нь “Газар нутгийг минь бүтэн үлдээж өгөөч. Малчид 100 хонь бэлэглэе” гэж гуйж байна.

Д.Эрдэнэбилэг сумын иргэдэд 100 сая төгрөг өгье гэжээ. Харин иргэдэд 100 сая төгрөг хэнд  ч хэрэггүй харин өөрт нь 100 хонь өгье гэдэг хүсэлтээ тавилаа.

“Сахал” хочит Д.Эрдэнэбилэг нь ХХБ, УБ банк, Эрдэнэтийн 49 хувь, Сүхбаатарын талыг эзэмшдэг гэнэ. Одоо харин Заг сумын малчдын амьдралыг тэтгэдэг ганц байгаа Загийн голын эхээс алт ухна гээд улайрч байгаа нь утгагүй юм. Энэ хүний хууль бус үйлдлийг таслан зогсоох хүч Монголын төрд байгаа бол хүчээ харуулж төр төмөр нүүрээ үзүүлээчээ гэж нутгийн иргэд гуйлаа.

Нутгийн иргэдийн ярьж буйгаар “амь тавин” хамгаалаад байгаа Эх булаг хэмээх газар бол мөстлөгтөй /хөрсөн дороо мөсөн голтой/ газар аж. Энэ мөстлөгөөс олон жижиг гол горхи үүсэн Заг, Байдрагийн голыг бий болгоод зогсохгүй Бөөнцагаан нуурыг тэжээн тэтгэдэг байна. Хэдэн жилийн өмнө хандив амласан аж ахуйн нэгж Байдрагийн голын эхэнд алт ухаснаас болж элс сайр үлдсэн гашуун сургамж байгаа учраас нутгийн иргэд дээрх компанийг алт ухуулахгүй, нутгийн бүс рүү оруулахгүй байхаар тэмцэж байна. Хэрвээ хууль бусаар улайран дайрвал зэвсэг барин тэмцэнэ гэдгээ ч тэд  илэрхийллээ.

“Загийн голоо аваръя” ТББ-ын тэргүүн Л.Энхсайхан “Заг гол нь Заг сум, Бөмбөгөр сум, Бууцагаан сум, Баацагаан сумдын нутаг дэвсгэр дамжин хүн мал ундаалахаас гадна говийн ганц нуур Бөөнцагаан нуурыг үүсгэн тэтгэдэг билээ. Байгаль ээжийн бүтээл Бөөнцагаан нуурын эх болсон ундарга бүхий газарт алт ухах “Централ эшиа Майнинг” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлтийг Баянхонгор аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, БОАЖЯ удаа дараа хүргүүлсэн. Мөн Монгол Улсын ЗГХЭГ-ын  дарга Г.Занданшатарт албан бичиг хүргүүлсэн байгаа.

Энэ даварсан компанийн өмнө ард иргэд, орон нутгийн удирдлага Засгийн газрын гишүүд хүчин мөхөсдлөө. Хонгор утгийг минь экологийн сүйрэлд хүргэж мэдэх алт ухах ажиллагаагаа даруй зогсоогооч. Түүнчлэн Баянхонгорчууд бид  танд 100 бог өгье. Хэрвээ таныг хүсвэл оршин суугаа газарт чинь хонийг аваачиж өгье” гэлээ.

Ардын заргын товчоо” ТББ-ын УЗ-ийн дарга С.Зоригтбаатар “Д.Эрдэнэбилэг гэж шунал дийлддэггүй эрхэм байна. Энэ хүнд хандаж хэлэхэд нутгаа битгий ухаачээ. Хэрвээ та зайлшгүй ухах шаардлагатай мөнгө хэрэгтэй байгаа юм бол нутгийн иргэд мал өгье гэдгээ хэлж байна. Насаар чинь идэх хоолыг чинь хангая. Ёсзүйтэй байж газар нутгаараа битгий оролдоочээ. Хэрвээ Загийн голыг хөндөх юм бол амиа өгөхөд бэлэн гэдгийг Т.Галсан гуай хэлсэн шүү. Компанийн удирдлагууд нь ёсзүйтэй, хүнлэг байхыг хүсье” гэв.

Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжин “Уул уурхайгаас болж гол горхи ширгэж, тарвага зурам ч үгүй боллоо. Тарвага үгүй болсон ч тарвага бууддаг калибр бий шүү. Тайрсан калибраа бариад босох хүртэл тэвчээрийг бүү шалгаарай Д.Эрдэнэбилэгээ. “Централ эшиа Майнинг” компани байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийхэдээ орон нутгийн иргэдээс санал аваагүй.  Урт нэртэй хуулийг зөрчсөн хэмээн иргэд үзэж байна. Сумын иргэд өвгөдийнхөө булш, бунхан, хиргисүүр оршсон газрыг Эрдэнэбилэг чи зүгээр орхичихооч дээ. Чамд өгөх хонио чиний эзэмшлийн Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт тууж ирье” гэж мэдэгдлээ.

О.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих