34 тэрбумаа “алдсан” утаатай хийх тэмцэл мухардав уу

Утаа униартай зутарч байтал гайтай манан буугаад Ерөнхий сайдаа эх оронд нь ирүүлж чадалгүй гурван өдөр аргаа барсны дараа Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны наймдугаар хурал өчигдөр Төрийн ордны Иргэний танхимд боллоо. “Утаа хэдэн хувиар буурсан бэ” гэсэн асуултад хариулж зүрхлэх дарга манай нийслэлд өнөөхөндөө алга. Харин 2012 онд 64 тэрбум төгрөгөөр санхүүжих болсноо л зарлаж байх юм.
Улирч буй онд агаарын бохирдлоор овоо мөнгө төвлөрүүлж төвдсөн нь утаагаар бөгшүүлсэн уршигт 10 жилийн түүхэнд байгаагүй “дээд амжилт” болж байна. Өмнө нь агаарын бохирдлыг бууруулах ажилд жилд 2-3 тэрбум төгрөг төсөвлөдөг байсан тул иргэд халаасандаа зоостой 2011 оноос ихийг хүлээсэн юм. Гэвч улирч буй нэгэн жилийн турш сурталчилсан утааны эсрэг тэмцлийн дараа агаарын бохирдол яг хэдэн хувиар буурсныг ам бардам өгүүлэх эрх мэдэлтэн алга л байна. Энэ удаагийн гол буруутан нь УИХ-ын гишүүд болж таарав. УИХ 2011 оны төсвийн тодотголыг арваннэгдүгээр сарын 20-нд баталснаас агаарын бохирдлыг бууруулах учиртай 34 тэрбум төгрөгийг энэ ондоо багтаан зарцуулж амжилгүй Төсвийн тухай хуулийн дагуу 2012 оны эхний өдөр хураалгах гэж байна. Энэ бүтэлгүйтлийн бурууг УИХ-ын гишүүдээс гадна ажлын бэлтгэлээ эртнээс базаагаагүй НЗДТГ, Сангийн яам, БОАЖЯ, ЗТБХБЯ ч үүрэлцэх биз ээ.
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны наймдугаар хуралдааныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга удирдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г. Мөнхбаяр өөрийн биеэр оролцов. Тэд 2011 онд төсвийн тодотголоор хэрэгжүүлэх ажлын явц, 2012 оны ажлын төслийг хэлэлцэв.
34 тэрбум төгрөг хэрхэн “дампуураад” байгаа талаар албаны хүмүүс ийм тайлбаруудыг өглөө.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г. Мөнхбаяр:
-УИХ 2011 оны төсвийн тодотголыг баталснаас тав хоногийн дараа Үнэлгээний хороог байгуулж, бодлогоо боловсрууллаа. Бид зарим ажлыг тендер зарлахгүйгээр шууд гэрээ байгуулан ажиллах боломжтой гэж үзсэн боловч Сангийн яам заавал тендэр зарлах ёстой гэсэн шийдвэрийг гурав хоногийн өмнө ирүүлсэн. Одоо тендэр зарлахаар шинэ он гарсны дараа гүйцэтгэгч нь шалгарна. Гүйцэтгэгчийг энэ онд багтаан шалгаруулж чадахгүй нь ойлгомжтой болсон учраас Сангийн яамныхан нэг арга хайхаас аргагүй болж байна.
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөр:
-Гүйцэтгэгч тухайн тендерийн дүнтэй дүйх хэмжээний хөрөнгийн баталгааг гаргаж өгвөл төсвийн мөнгийг ирэх оны ажилд шилжүүлэх гарц бий. Тэгэхгүй бол татвар төлөгчдийн хөрөнгийг эрсдэлд оруулах магадлалтай шүү дээ.
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Д.Баттулга:
-Юу ч гэсэн тендэрээ зарла, гүйцэтгэгчийг шалгаруул. Энэ ажил заавал хийгдэх ёстой. Ирэх онд үргэлжилнэ гэж бодож одооноос шуурхайлах хэрэгтэй.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд энэ онд нийт 70 мянган өрхийг утаагүй зуухаар хангахаар төлөвлөсөн боловч одоогоор 35 мянган өрх утаагүй зуух хэрэглэж эхлээд байна. 2013 оны эхний улирал хүртэл нийслэлийн гэр хорооллын 180 мянган өрхийг утаагүй зуухаар бүрэн хангах аж. Түүнчлэн зарим айлыг төвлөрсөн дулаанд холбоно гэж үзэж байна. Агаарын бохирдлын шалтгаанд хувь нэмэрлэгч нам даралтын зуух Улаанбаатар хотод 200-гаад байдгаас энэ жил 60-ыг хаасан бол, ирэх жил 100 гаруйг хаах гэнэ. Нам даралтын нэг зуух 200 гэрийн зуухтай тэнцэх утаа хаядаг юм байна.
Б.Энхцэцэг

URL:

Сэтгэгдэл бичих