“Төмөр зам”-ын дуулиант хэрэг замхарч буй нь хуулийнхан хахуульд өртөв үү гэсэн хардлага дагуулж байна

2bdc945c135c70c02f08b67c090aff28Шүүхийн шударга бус шийдвэрүүдийн ард янз бүрийн хуйвалдаан, эрх мэдэлтнүүдийн хувийн ашиг сонирхол, авлига хээл хахуулийн  нууцлагдсан  ул мөр ямагт үлдэж хоцордогийг  мэргэжлийн хуульчид  бүү хэл эгэл жирийн эмээ өвөө нар хүртэл андахгүй мэддэг болжээ. Энэ талаар олон жишээ баримт  тоочиж болно.  Тухайлбал, “Төмөр зам”-ын хэрэг хэмээх бүтэн гурван жил гаруй  сүр дуулиантайгаар мөрдөж шалгасан  хэргийн шүүх хуралдаанаас ч бэлхнээ харагдаж байна.

Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 267 километр төмөр зам тавих төслийн ажил буюу төрийн өмчит  “Монголын төмөр зам” компанийн хэдэн зуун сая төгрөгийг бүлэглэн хувьдаа завшиж үрэгдүүлсэн, санхүүгийн хуурамч гүйлгээгээр залилан мэхэлсэн, мөнгө угаасан хэрэгт  Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газрын хамтарсан  ажлын хэсэг  томилогдон  тухайн үед УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, Зам тээврийн сайд асан, одоо Ерөнхийлөгч Х.Баттулгын бие төлөөлөгчөөр ажиллаж байгаа  А.Гансүх нар болон тэдний удирдлага дор гүйж явсан Б.Батзаяа, П.Бат-Эрдэнэ, Ч.Ганбат, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Цогтбаатар, “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жон Ёл гэх мэт нэлээд олон хүнийг хамруулан сэжигтэн, яллагдагчаар татаж сүртэй нь аргагүй  шалгаж байсныг зарим нь сайн санаж байгаа байх.  Тэгвэл саяхан энэ хэрэгтэй холбоотойгоор БНСУ-ын иргэн, “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жон Ёл болон түүний найз “Соён инженеринг” компанид зургийн инженерээр ажиллаж байсан Гу Ду Хёон нарын хэргийг Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар  хэлэлцэж шийдсэн юм.   Шүүхээс төмөр зам тавих зургийн ажлыг  хоёр дахин хийж мөнгө завшсан хэрэгт холбогдсон  Гу Ду Хёоных нь хэргийг хэрэгсэхгүй болгож, харин төрийн өмчит “Монголын төмөр зам” компанитай хийсэн гэрээнийхээ дагуу   Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 267 километр төмөр зам тавих ажлын гүйцэтгэгчээр ажиллах байхдаа нийт 800 гаруй сая төгрөг хувьдаа завшсан нь мөрдөн шалгах үеэр нотлогдсон  Ли Жон Ёл гэгчид нь 40 сая төгрөгийн торгуулийн ял оноожээ.  Өөрөөр хэлбэл, манай улсад  800 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан Солонгосын иргэн Ли Жон Ёл нь нийт хохирлын дөнгөж  хорь орчим хувийг л ялын тогтоолоор төлж барагдууулна гэсэн үг.  Ийм хачирхалтай шийдвэр гаргасан тус шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Алдар даргалж хийлгэсэн байлаа.  Ли Жон Ёл нь хорих 461 дүгээр ангид  бусад сэжигтэн, яллагдагч нараасаа хамгийн олон сараар саатуулагдсан, Монгол хэлийг  огт мэдэхгүй шахуу  эр. Харин Төмөр замын гэх бүлэг хэрэгт нэр холбогдон бөөн дуулиан шуугиантайгаар  шалгагдсан сайд асан А.Гансүх, Х.Баттулга нарын хэргийг  Нийслэлийн прокуророос  хэрэгсэхгүй болгож, уг хэрэгт сэжиглэгдэн дөнгөж шалгагдаж эхлэх үедээ гадаад руу зугтаасан, Америкийн иргэншилтэй гэгддэг “Либерт партнерс” компанийн захирал Ч.Ганбат болон  “Монголын төмөр зам” компанийн захирал асан П.Бат-Эрдэнэ нарын хэргийг тусгаарлан шалгахдаа  интерполоор гурван жил гаруй эрэн сурвалж байсныг зогсоосон нь бас ихээхэн эргэлзээ төрүүлж байна.

Өнгөрсөн оны наймдугаар сард  Нийслэлийн прокурорын орлогч Ж.Ариунаа “Эрүүгийн 201501000154 дугаартай А.Гансүх нарт холбогдох хэргийг мөрдөн шалгах явцад  П.Бат-Эрдэнэ, Ч.Ганбат нарыг олж эх оронд нь авчран, тэднийг байлцуулж байж хэргийг шийдэхгүй бол болохгүй. Иймээс  П.Бат-Эрдэнэ, Ч.Ганбат нарын хэргийг одоохондоо тусгаарлан шалгаж байгаа. Харин Зам тээврийн яамны Төрийн анрийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяаг мөрдөгчийн саналын дагуу Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэдэг үндлэслэлээр яллагдагчаар татан, мөрдөн шалгаж байгаа” хэмээн мэдэгдэж байлаа. Мөн Авлигатай тэмцэх газар болон цагдаагийн мөрдөгчид тусгай албаныхантай хамтран Баянгол зочид буудал руу дайрч орох үеэр Х.Баттулга нь “Намайг хуууль бусаар баривчлах гэж байна” гэсэн шуугиан дэгдээж, сумогийн их аварга Д.Дагвадорж, “Hero” студийн захирал Б.Баатар нарын хүмүүс түүнийг өмөөрч хамгааалан иргэд цагдаагийнхны хооронд бяцхан мөргөлдөөн болох шахсан юм. Гэхдээ энэ нь  Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан, “Түмэн хишигтэн” компанийн гүйцэтгэх захирал Ш.Эрдэнэтуяа болон Г.Түвшинжаргал гэдэг  хөхүүл хүүхэдтэй хоёр эмэгтэйг баривчлан саатуулсан хэрэг буюу “Сайншанд аж үйлдвэрийн парк”-ын төсөлтэй холбоотой хэргийн эд мөрийн баримт цуглууулахаар тийнхүү сүрийг үзүүлсэн цагдаагийнхны ажил байлаа. Тодруулбал, дээрх төмөр замын хэргээс арай ялгаатай өөр хэргийн асуудал байв. Харин одоо аль аль нь ор мөргүй шахуу замхарч алга болж байгаа юм байна.

Сайд асан А.Гансүх, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатар хоёр нь хоёулаа гарынхаа үсгийг зурж баталсан  “Самсунг Си энд Ти” компанийг төмөр зам тавих ажлын гүйцэтгэгчээр сонгох, тус компанитай гэрээ байгуулах, гүйцэтгэгчийн эрх шилжүүлэх хамтарсан 91 дүгээр тушаал гэгчээсээ болоод баахан маргалдаж, Д.Цогтбаатар нь “Би ийм тушаалд гарынхаа үсгийг зураагүй. Миний гарын үсэг биш. А.Гансүх намайг хууран мэхэлсэн байна” гэж байснаа дараа нь удалгүй “А.Гансүх намайг дарамталж байгаад гарын үсэг зуруулсан” хэмээн тас гүрийж  байгаад сүүлдээ таг чиг болсон зэрэг эргэлзээтэй олон зүйл нь өнөөдрийг хүртэл хүмүүсийн анхаарлыг татсаар байгаа юм. Хэрвээ тэрхүү 91 дүгээр тушаал нь хуурамч байсан бол эрүүгийн хэргийн бодит нөхцөлүүд арай өөрөөр яригдах байсан нь мэдээж. Гэтэл А.Гансүх, Д.Цогтбаатар нарт холбогдох хэргийг прокуророос бас л хэрэгсэхгүй болгожээ.

Тэгээд адаг сүүлд нь Монголын шүүхээс 40 сая төгрөгийн торгуулийн ял сонсоод баяр хөөрөөр бялхаж яваа Солонгосын иргэн Ли Жон Ёлын хувьдаа авч завшсан гээд байдаг 800 гаруй сая төгрөгийн хохиролыг дээрх шүүх хуралд хохирогчоор оролцсон “Монголын төмөр зам” компанийнхан  бүрэн төлүүлж авсан  эсэх нь тодорхойгүй үлдэж байна. Бас Монголын төмөр зам компанитай гэрээ байгуулан Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 267 километр төмөр зам тавих төслийн ажилд туслан гүйцэтгэгчээр оролцсон Монголын 10 компанийн хийсэн ажлын хөлс зэрэг нийт 200 гаруй сая төгрөг  одоо болтол эзэддээ хууль ёсоор олгогдоогүй, өр төлбөр болоод байж байхад анхан шатны шүүх хурал дээр Монголын төмөр заам компаниас оролцсон хүмүүс нь “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жон Ёлд гомдолгүй” гэсэн байгаа юм. Үнэхээр гомдолгүй, өр авлагагүй юм бол тэдгээр 10 компанийн хохиролыг  “Самсунг Си энд Ти” компани хариуцахгүй харин Монголын төмөр зам компани буюу  тухайн үед тус компанийг удирдаж байсан, хэргийг мөрдөх үед гадаад руу зугтаасан П.Бат-Эрдэнэ нарын хүмүүс хариуцах ёстой болж таараад байна. Гэтэл интерполоор эрэн сурвалжлах ажлыг тийнхүү зогсоож орхиж.

Анх Монгол улсад дор хаяж 20 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулан байж  мөнгө угаасан, хувьдаа завшсан гээд сүртэй нь аргагүй яригдаж, бүтэн гурван жилийн турш шуугиулсан энэхүү алдарт “төмөр зам”-ын хэмээх нэр хаягтай бүлэг хэрэг нь сүүлдээ Өмнөд Солонгосын иргэн Ли Жон Ёлд оноосон дөчхөн сая төгрөгийн торгууль болоод илбэ шидийн явдал мэт төгсөж буй нь хууулийнхан  авлига хээл хахуульд өртөв үү гэсэн хардлага дагуулж байна.

О.Баяр

Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих