Ж.Бат-Эрдэнэ: Дарханы замыг өргөтгөн, шинэчлэх ажил ирэх хавар эхэлнэ

Зам Тээврийн Хөгжлийн Сайд Ж.Бат-Эрдэнээс иргэдийн дунд хүлээлт үүсэгээд буй Дарханы замын засвар, шинэчлэлтийн ажил хэзээ эхлэхийг тодрууллаа.

 32367

Тэрбээр “Азийн хөгжлийн банкнаас 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авч байгаа. Энэ хүрээнд Улаанбаатар-Сэлэнгэ чиглэлийн автозамын шинэлэлийн ажлыг хийнэ.

Улаанбаатараас Дархан хүртэлх замын суурийг хүчитгэх, хааш хаашаа нэг метр өргөсгөж, зарим эргэлт тойрог дээр засвар хийж, шинэчилнэ. Цааш Сэлэнгэ хүртэлх замыг хучилтыг нь сайруулах ажил хийнэ.

Зээлийн ерөнхий гэрээ хийгдэж, УИХ-аар батлагдсан. Азийн хөгжлийн банкан дээр шийдвэр нь саяхан гарсан. Дахин Засгийн газраар орж хэлэлцээр эцэслэгдэнэ. Үүний дараа замын зураг хийх, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, хяналтын байгууллагууд сонгон шалгаруулах гээд зохих албан ёсны ажлууд үргэлжилж намар нэлээн оройхон асуудлууд шийдэгдэх байх. Тэгэхээр ирэх хавраас замын ажлаа эхлүүлнэ.

Зам зарим хэсэгтээ эвдрэл ихтэй, зарим хэсэгтээ гайгүй, бүр суурийг нь солих шаардлагатай ч хэсгүүд бий. Тиймээс зураг, тооцоо хийгдсэний дараа ямар өртөгтэй болох нь тодорхой болно.

Дарханы замаас гадна Арвайхээр чиглэлийн, Налайхын гээд муудсан зам олон байгаа. Бидний зүгээс нарийн тооцоолол хийж хаана нь засвар шинэчлэл хийх, аль замыг шинээр тавихаа шийднэ. Бүх аймгийг Улаанбаатар хоттой засмал замаар холбох том ажил маань өдийг хүртэл биелээгүй л байна. Тийм болохоор хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж аль болох чанартай замыг яаж богино хугацаанд, бага зардлаар тавих гэдэг дээр төвлөрөн ажиллаж байна” гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.