Бодит мэт хөрөг зургаараа алдаршиж буй 11 настай жаал

waspa-child-artist-thumbnailЗураачид хэт реалист бүтээл туурвихын тулд авьяас чадвараа хөгжүүлж, мэргэжлийн сургуульд сурах шаардлагатай тулгардаг. Тэгвэл Нигерийн Лагос хотын иргэн, 11 настай Карим Варис Оламилекан нь гайхамшигт хөргүүдээрээ хэдийн мэргэжлийн зураачийн түвшинд үнэлэгдэх болжээ. Карим хүүгийн авьяас зургаан настайгаас нь илэрсэн бөгөөд анх үлгэрийн баатруудыг зурж эхэлсэн бол одоо алдартнуудын хөргийг зурдаг нэрт мастеруудын тоонд оржээ. Тэрээр Инстаграм хуудсанд 27 мянган үнэнч шүтэн бишрэгчтэй.

Гэхдээ түүний амжилтын зам тийм ч дардан байсангүй. Ар гэрийн боломж тааруу, гэрт нь гэрэл цахилгаан ч байхгүй болохоор шөнөд дэнлүү асааж зургаа зурдаг байсан гэнэ. Ээжийнхээ хоол аваарай гэж өгсөн мөнгөнөөс өдөрт 20 ширхэг цаас худалдан авч, бүтээлээ туурвидаг байсан үе түүнд цөөнгүй бий.

Карим хүүгийн зургууд фото мэт тод, нарийн дүрслэлтэйгээс гадна хүмүүст нөлөөлөхүйц, утга төгс байдаг ажээ. Тухайлбал, Каримын хамгийн алдартай зураг болох “Өдрийн талх” хэмээх бүтээлд хоолоо олох гэж зүтгэж буй нэгэн гэр бүлийн тэмцлийг тод дүрсэлжээ. Зураач хүү BBC агентлагт өгсөн ярилцлагадаа “Энэ болс хөлс бас нулимс урссан талх. Ээж аав маань биднийг идэх хоолтой байлгах гэж яаж тэмцсэнийг эндээс харж болно. Тэднээс л би урам зориг, эрч хүч авдаг юм даа” хэмээн онцолжээ. Тэрээр ирээдүйд Нигерийн зураач Аринзе Стэнли шиг алдартай нэгэн болно гэж итгэдэг байна.

 Б.Мөнхтуяа

Эх сурвалж: Ardchilal.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.