МАХН Хэнтийн тойрогт эмэгтэйчүүддээ илүү найдвар тавьж байгаа юу

15317346545b4c6a7ea48e0Наадам цаашилж амжаагүй байтал Хэнтийн тойрогт хэн нэр дэвших тухай  яриа наашилж ирэв.  Энэ тойргийг сэрүүн зүүдэлж яваа улс төрийн хүчин гэвэл МАХН. О.Баасанхүү гишүүний ярьснаар бол Хэнтийд хэнийгээ дэвшүүлэх тухай бүр наадмын өдрүүдэд ч ярилцаж хэлэлцсэн юм байх.

Харин хууль тогтоох дээд байгууллагад гарсан энэ орон зай  зарим  нэгэнд нь тэнгэрийн умдаг атгахын дайтай үнэ цэнэтэй гэдэг нь  тодорхой.

Энд хэн нэр дэвшиж, хэн ялалт байгуулах нь улс төрийн нөхцөл байдал, шийдэлд нөлөөлөөд байхгүй. Хэтрүүлж хэлбэл оготонын дуу тэнгэрт хүрэхгүй гэдэг шиг. Гэхдээ хувь хүн эсвэл парламентад суудалгүй намуудын хувьд боломж. Наанадаж, дараагийн сонгуульд “даварч” дахиж нэр дэвших, парламентын шийдвэрт дуу хоолойгоо  нэмэх боломж ирнэ.

Хууль тогтоох байгууллагад суудалтай гэдгээрээ намын үнэлэмж  олон нийтийн дунд тэр хэрээр өснө. Хэнтийн тойргийг хэзээнээс анаж байгаа хүн бол яриангүй Н.Энхбаяр. Улс төрд эргэн ирэх нь тэр хүний туйлын хүслэн. Орж ирэх хаалга нь Хэнтийн тойрог байх магадлал бас бий.  МАХН-ын дарга гэдэг утгаараа тэр нам дотроо бол арслан бар. Гэхдээ түүнээс илүү эрх мэдэлтэй нь тус намын Бага хурлын гишүүд. Энэ тухайд О.Баасанхүү “Гэхдээ Бага хурлын 104 гишүүн эсрэг байр суурьтай байгаа” гэжээ. Эндээс харвал МАХН-ын Бага хурлын гишүүд нь даргаа Хэнтийн тойрог руу илгээхгүй бололтой.  Өөр нэг горилогч гэвэл С.Ганбаатар. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшиж, бас ч гэж чамлахааргүй санал авсан билээ. Ингэж харвал Хэнтийн тойрогт тэр ямартай ч сүүл мушгихгүй нэр дэвшигч байж чадна.

Наадмын өдрүүдэд МАХН-ын Бага хурлын гишүүд салхинд гарч бас улс төрөө ярьцгаажээ. Ингэхдээ Хэнтийн тойрогт хэнийг дэвшүүлэх асуудлаар хоёр байр суурь зонхилж байгаа бололтой. Үүнийг тодруулбал, Хэнтийн 42 дугаар тойрогт МАХН-аас  нэр дэвшүүлэхээр судалгаа хийж үзэхэд “Хасу мегавайт”-ын компанийн хүн өндөр рейтингтэй гарч ирсэн гэжээ. Баасанхүү гишүүний энэ ярианаас үүдээд өчигдөр  хэвлэл мэдээллийнхэн тэр хүн хэн бэ гэдгийг тодруулах эрэлд гарав. Тэгвэл тус компанийн Ерөнхий захирал аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш гэх эрхэм бий.

Гэтэл зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар МАХН-ын Бага хурлын гишүүд салхинд гарах үеэрээ нэр хүндтэй эмэгтэй хүнийг тус тойрогт нэр дэвшүүлэх нь зөв гэсэн байр суурин дээр санал нэгдсэн гэжээ. Тэгвэл тэр эмэгтэй нь хэн байх магадлалтай вэ.
Энэ намд Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал,  УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан  З.Баянсэлэнгэ болон  2016 оны сонгуулиар тус намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшин нийслэлд өрсөлдөж байсан “Гандирс” компаниар овоглодог Ц.Эрдэнэчулуун, УИХ-ын 2012 оны сонгуульд “МАХН-МҮАН”-ын Шударга ёс эвслээс Баянзүрх, Налайх дүүргийн 22 дугаар тойрогт нэр дэвшиж  байсан Хурцын Оюунцэцэг нарын  улс төрийн туршлага, боловсролтой бүсгүйчүүд бас бий. Аль нь ч байлаа гэсэн хүчтэй өрсөлдөгч байж чадах л  хүмүүс.

Бусад нам, тухайлбал эрх баригч намын хувьд энэ тойрогт төдийлөн ач холбогдол өгөхгүй байж мэдэх юм. Тэрчлэн тус намын хувьд тойргийн сонгогчдоос уучлалт эрээд намаасаа нэр дэвшүүлэхгүй байх магадлал бас бий.

М.Нэргүй

Zaluu.com


URL:

Tags:

Нэр: Grace Ipson Огноо: 14 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.