Үерийн усанд живсэн Улаанбаатарын авто замын ус зайлуулах хоолойгоо хэзээ шинэчлэх вэ

3d7fdae93376761008fff0c243211c3dСүүлийн жилүүдэд зуны цагт үе үехэн аадар бороо орохотой зэрэгцэн Улаанбаатар хотод тулгардаг асуудал нь авто замын ус зайлуулах хоолой болоод байгаа.

Хэсэгхэн орсон усархаг борооны дараа Улаанбаатарын замууд үерлэсэн гол шил замтай болдог. Энэ их ус нь үгүй ядаад л автомашинд тун халгаатай. Замын үзэгдэх орчин харагдахгүй болсноор жолооч нар нүх, жалгай руу орж машин техникээ эвдэх нь их. Үүнээс гадна зам дээр тогтсон их ус замын хажуугаар зорчин яваа зорчигчид руу үсрэн жолооч болоод явган зорчигчийн хоорондын маргааны эхлэл болно гээд олон асуудал дагуулдаг.

Усархаг борооны дараа хотын төв хэсгийн гу­дамж, явган хүн байтугай машин явах аргагүй болсоор байгааг бүгд харж байгаа. Шавар, шороо холилдсон үерийн усыг авто машин голоор гарах шиг туулан явах нь хэвийн үзэгдэл болжээ.

Сүүлийн үеийн бүтээн байгуулалт нь хотын гэрэлтүүлэг зэрэгт л түлхүү анхаарах болж. Харин ус зайлуулах хоо­лойг огтхон ч тоодоггүй. Түүнд хог шороогоо хийх, бүр ТҮК-ийн ажилтан ч хогоо шүүрдээд хийчихнэ. Машин угаалгын газрууд хайрга чулуутай усаа хийж, бөглөрүүлэх тохиолдол ч байна. Ширмэн хаалтыг нь хулгайлаад авчихдаг. Эдгээр олон шалтгааны улмаас усаа бүрэн зайлуулж чадахгүйд хүрээд байгаа юм. Мөн замын эвдрэл, хотгор гүдгэр байдал ч тогтоол ус үүсэхэд нөлөөлдөг.

Жил бүр замын ажлыг хийж, авто замуудыг өргөтгөн засаж, шинээр зам тавьсаар байгаа ч хажууд нь ус зайлуулах хоолой барьдаггүй. Нийслэлээс ус зайлуулах хоолойгүй замын зураг төслийг шалгаруулаад байдаг юм уу, барихдаа байгуулдаггүй юм уу. Ямартай ч Улаанбаатарт ус зайлуулах хоолойтой зам тун ховор. Харин гэр хороололд ус зайлуулах шуудуу, хоолой барьж, байгуулах ажил огт хийгддэггүй ч гэж хэлж болохоор байгаа.

Гадны улс орнуудад нэг км замд 1,5 км инженерийн шугам сүлжээг суулгасан байдаг. Хэрвээ замыг нь хуулаад харах юм бол сүлжилдсэн олон хоолойг та харж болно. Авто замын системд харьцангуй хожуу нэвтэрсэн энэ системийг өдгөө дэлхийн өндөр хөгжилтэй улсууд ягштал мөрдөж байна. Тийм ч учраас зам эвдрэх, өөрөөр хэлбэл дахин засах шаардлага бараг гардаггүй аж.

Манай улсын хувьд ус зайлуулах хоолойн инженерийн далд шугам байдаг хэдий ч энэ нь хотын төв орчимдоо л эргэлддэг аж. Тухайлбал, Сүх­баатарын талбайн ба­руун талын шугам гэхэд Дунд голын хажууханд, 13 дугаар хороолол орчмынх Сэлбэ, Туул голын ойролцоо жалганд асгарна гэсэн үг. Энэ мэтээр хол замыг туулж хаягддаг учир хувь хүн, албан байгууллагууд замын ус зайлуулах хоолойг хамгаалж, зам зуур нь хогоо хиймээргүй байх хэрэгтэй гэнэ. Үүнээс гадна энэ шугамыг улам сайжруулан бусад зам талбайд нь олон хоолой хэрэгтэй гэдгийг жилээс жил сануулсаар л байна.

С. Отгон

http://dorgio.mn/p/91494


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.