Д.Гармаа: Чонын үүр

15318920855b4ed175631b8Чонын үүр (өгүүллэг)

Сүүлийн хэд хоног Балдан өвгөний нойр хулжаад, шөнө мэлтийтэл харж хэвтдэг болов. Заримдаа тавхай нь улнаасаа халуу оргиод байх суух газаргүй болоход хөнжлөө тийрч дэмий л тийчилж тийчилж түр дуг хийхдээ элдэв юм зүүдэлнэ.

Маргааш нь тэр бухнээ зүүдэлсэн үү, эсвэл сэтгэлдээ санан дурссан уу, ойлгож ядна. Хүү бэр хоёр нь хүүхэдтэйгээ баруун орон дээр туйлын тааламжтай унтаж байлаа. Өрхөө бүтээсэн гэр харанхуй, зуухны амаар унтран алдаж байгаа ганц цог ёлтойно.

-Үгүй, үгүй… Балдан үхэх болоогүй. Нас ч тийм дор орчихоогүй байна. Жаран долоон нас гэдэг бас тартагтаа тулсан нас биш. Аав минь ная шахаж байхдаа унасан юм, хөөрхий.

Ийнхүү бодоход нь насаараа үерхэж, хэрэлдэж хэлэлцэж яваа Жамсран нь саяхан нэг ирээд,

-Ай хөөрхий Балдан минь, чи арай л эрт чавганцын малгай өмсчээ. Морь унаж холын уулын толгой дээр гарч алсын бараа хардаг ч болоосой. Өтөлсөн болохоос үхсэн биш, эр хүн байна даа гэж билээ.

Ер нь Жамсран хэзээд үг хатуутай, тэр нь Балданд тус л болж байснаас хор болж байгаагүй. Цэрэгт явж бичиг номтой гэгдэж, багийн дарга, сумын нарийн бичгийн даргын албан хааж явсан Жамсрангаас тэр баахан хулчийдаг боловч нэг голын юм гээд хажууд нь тоохгүй царай гаргадаг байв. Харин одоо бодоход бүх амьдралынхаа турш зөрсөн ганц зүйл байсан нь хүүгийн тухай маргаан байжээ.

-Чи хүүгээ хүнээс гажууд амьтан болгох нь… гэж Жамсран хүүгийн нь багад нэг хэлж билээ.

Яагаад, юунаас болж анх тэгж муудалцлаа даа? Балдан бодлынхоо үзүүрийг олох гэсэн мэт хөнжлөө татаж хөлийн нь тавхай даарч байгааг мэдээд далд хийв. Зуухан дахь цог унтарчээ.

Миний хүү хэнээс ч дутахааргүй, хавь ойрын хүүхнүүд шуугихаар сайхан эр болно. Амьдрал голомт түших тэр цагт Балдангийн хүү эцгийн хэрийн ухаан сүйхээтэй байж, суусан газраасаа шороо атган босдог л хүн болбол барав.

Амьдрал гэдэг эрхий ороох сур, эд өлөг, адуу мал шүү. Түүнийгхэн ч зүгээр fгөхгүй… гэж Балдан хүүгийнхээ багад боддог байв.

Атигар Балдан apгaтaй эр байжээ. Тээр жил тасын үүрэнд нэг орж билээ. Бие хөнгөн, жижиг биетэй учир асга өөд авиран авирсаар тасын үүрэнд хүрчээ. Тас шувууны үүрнээс юу ч олж болно гэа нутгийнхан нь ярьдаг байжээ.

Уулын цавчим эгц оргилд байх үүрэнд зориглон авирч хүрвэл арван алд apгамж, алтан сүх олдог. Тэр аргамж, алтан сүхийг авч чадсан хүн баяждаг гэлцжээ. Балдан новш ноохой, мод хад, амьтны яс хөглөрсөн арваад алд аргамж, алтан сүх олсонгүй. Харин тэдгээр элдэв юмсын дотрooc хатсан хуруутай алтан бэлзэг нэгийг олсноо хэнд ч хэлэхгүй тас нуужээ.

Ай бурхан, одоо ч гэсэн санахад эвгүй санагдана. Балдан огтын хөрөнгөгүй ядуу мөртөл, чухам тнр шижир алтан бөгжийг зараад анхныхаа малын барааг харсан удаатай юм. Түүнээс хойш Балдан олз омгийн тэнгэртэй болсон гэж хувьдаа бодно. Өвөл, хаварт чонын хойноос хөөцөлдөж, ганзага мялааж явав. Чоно үүрэндээ өлзийтэй гэлцдэг.

Үүрэндээ ямар ч амьтан руу дайpax ёсонгүй. Байгалийн жам тийм юм. Балдан түүнийг багадаа биеэр туулжээ. Тийм ч учраас хүүгээ таван нас хүрмэгц л нэг хавар дагуулаад гарчээ. Замдаа aмьдрах ёсыг зааж, ямар ч аймшигтай юм үгүйг хүүд хэлж ятгаж ууланд очиж билээ.

Үүрэнд яг орох болохоороо хүү нь айж, царай нь хувхай цайгаад уйлж бахиран гэдрэг зугтжээ. Балдангийн уур хүрэв. Гэдрэг цахалсан нялх амьтныг хүчээр чирж чонын үүрний аман дээр авчраaд apгамжаар оосорлож ганц түлхээд агуй руу оруулжээ. Тэгэхэд Балдан төрсөн эцгээс гарамгүй зориг гаргасан. Араатны нүх рүү бүү хийгээч гэж түмэнтээ гуйсан харц, цонхийсон царай, жаахан биеийг Балдангаас өөр хүн бол хараад эрх биш өрөвдөх байсан.

Харин Балдан олзыг алдаж болохгүй гэсэн шунаг сэтгэл нь дийлж, чонын үүр рүү оруулсан хэрэг. Харанхуй даган агуй руу нь хүү нь хорхой шиг арваганасаар далд ороход Балдангийн сэтгэл сая хачин болжээ. Харин хэдхэн мөчийн дараа Балдан авах ёстой ан нь шуудайн ёроолд гийнасаар аргамжааны үзүүрт татагдан гарч ирэхийг нь үзэж билээ.

Түүнээс хойш Балдан хүүгээ өөрийн гараар хүн болгоно гэж хатуу шийджээ. Галсанг сургуульд байхад нь хүүхдүүдтэй нийлж пионерийн ажил, уран сайханд оролцож гүйхэд нь Балдан эрс хорьж билээ. Ер нь сургуулийн хэдэн жилд Балдан хүүгээсээ салсангүй. Балдан түүнийг эхээс нь ч, өөр хүнээс ч ер нь юм болгоноос харамлаж байлаа.

Дунд сургуульд хүү нь биеийн тамирт сонирхолтой болж тэмцээнд ороод гүйлтээр түрүүлж хүртэл үзэв. Эцэг хүүгээ дуртай тоглоомноос нь салгах гээд чадсангүй. Ер нь хүүхэд өсөх тусмаа сургуулийн ажилд илүү автаж сонирхох дурлах юм руугаа зодуур нүдүүрийг эс тоон зүтгэх шинжтэй болсон нэгэн намар Балдан сумын төв рүү нүүсэнгүй. Хүүгээ ч сургуульд явуулсангүй.

Тэгэхэд Жамсран ирж:
-Чи ер нь яасан мунхаг хүн гээч вэ? Энэ хүүхдийн замыг алдууллаа. Сургуульд нь одоохон хүргэж өг! гэжээ.

-Цөг! Чи миний хүүгийн толгойг мэддэг болоо юу? Ганц хүүгээ яахыгаа би мэднэ… гээд Балдан халгаасангүй.

-Чи өөрийн ухаанаар энэ хүүхдийг амьдралд сургана гэж бодож байна. Гэтэл чиний тэр ухаан гэдэг юу вэ? Явган заль, эдийн шунал… Энэ хүүхдийг чи багаас нь эвджээ.

Сумын төв дээр нүдээ нээгээгүй гөлөг цохин алж байхад нь би нэг тааралдаж байсан. Чиний өнөөх чонын бэлтрэг түүлгэж суусны чинь эцсийн дүн энэ. Хүүг чинь хүүхдийн илүү дутууг анддаггүй, хаясан гээснийг огбол өгдөггүй гээд л багш нар ярьж байсан.

Жамсрангийн энэ үг Балданд доромжлол шиг санагдаж байлаа. Тийм учраас Балдан арай л Жамсрантай барилцаж авсангүй.

-Ганц хүүгийнхээ толгойг яахаа би мэднэ… гээд үлджээ. Үнэндээ ч Балдан хүн болгон эрдэмтэй болох албатай бус аа. Балдан хүүгээ өөрийн ухаанаар хүмүүжүүлж чадвал эрдэм нь тэр болно. Түүгээрээ хувь тавилангаа зохионо биз… гэж боджээ.

Балдан өвгөн харанхуй гэрт нойр нь хүрэхгүй тийчлэн тийчлэн ийн бодов.

Өглөө босоход тэнгэр цэлмэг боловч хээр тал хяруу адил нимгэн цасанд дарагдсан байлаа. Галсан цайгаа уугаад морио эмээллэж:

-Мөр харъя. Шинэхэн цастай аятайхан өдөр байна. Өдөр тийшээ нар гарвал дулаахан болно. Ер нь ч хаваржаа руу нүүх цаг дөхлөө. Аав та Цэцэгмаатай элбэлцээд пингийнхээ юмыг салхинд сэрвээж хатаахыг бодоорой… гээд буу үүрэн мордов.

Балдан хүүгээ явахад гаднаа зогсоод хүн өсөх гэж мөн ч хачин аа. Тэр явж байгаагий нь хар даа. Уул аа, уул… Гэтэл эцэг нь болсон би гэж аргалын шээзгийд багтчихаар ийм хатингар туранхай амьтан байх гэж… Даанч энэ золиг барилдахгүй юм даа. Ноцолддог сон бол сумын наадамд түрүүлээд жил болгон даага авах байсан гэж бахархан бодов. “Миний хүү хангай шиг эр болтлоо эцгийн үгнээс гарахгүй өссөн. Эцгийн ухаанаар өдий хүрч яг л над шиг аливаад арга зальтай, амьдралын сүүхээтэй хүн болсон. Эцэг хүнд үүнээс өөр баяр хаана байх вэ” гэж санав.

Бэр нь хонио бэлчээгээд урд хойно нь орж хормой хотноос нь зүүгдсэн хүүгээ тэврэн пин рүү очив. Балдан гэрт орж зэлгээн цай модон тагшинд хийж залгилаад яаран гарлаа. Пингийн мухарт хураалттай элдэв шуудай савтай юмны цаана өвгөний өөрийн нь гэрийн хэдэн дээвэр цаваг бий билээ.

Түүнийгээ ч салхинд сэрвээж, ноднин элдэж чадаагүй хонины хэдэн арьсыг ганд хийхээр гаргах цаг болсон тул хүү нь цагаа олж пин янзал гэж дээ хэмээн бодсоор пин рүү оров. Хаврын нар ээж, өвөлжөөний нөмрийн цас дорхноо хайлаад хашааны дээврээс шар ус дусалж байв.

Хүү нь нээрээ ямар сүйхээтэй хүн болсныг энэ пинд байгаа юм л хэлээд өгнө. Тэнд ер нь юу эс байх вэ. Гурил будаа шуудайгаараа, сайхан эмээлийн мод, шинэхэн бор эсгий, хөдөө ховор үзэгдэх гөлөм дэвсний булгиар байв.

Галсан нэгдэлд хэдэн хонь малладаг нэртэй боловч бэр л тэр ажлыг хийж, томоотой ажилсаг сайн хүн тул нэгдлийн сүргийг өсгөв гэсэн алдрыг нөхөртөө өгч байдаг ажээ. Харин бэр нь шударга. Тооноос илүү гарсан мал, ухаан нь ихэр хурга мэтийг өөрийн болгоё гэж Галсанг хэлэхээр:

-Буяндаа тэгж битгий бузар хий, Галсаан. Надад ингэж байх сэтгэл алга… гэж хэлдэг байв. Галсан тэгэхэд нь нэг их юм хэлж эс чадна. Ер нь Галсан гадна өнгөндөө бол томоотой, дуу цөөнтэй, архи дарс уухгүй, гүдэсхэн хүн харагддаг байлаа.

Галсан өвөл болгон аймгийн төв, эсхүл хот руу эмчлүүлнэ гээд явахдаа хотын хүний хэрэгцээтэй юмтай очиж, харин тэндээс хөдөө хэнд ч нүд хужирлахаар юм олоод ирнэ. Олз бол Галсангийн ганц эрдэм. Олзны төлөө юунаас ч буцахгүй хүн болон өссөн гэдгийг аавын багын найз, одоо бригадын дарга Жамсран л мэддэг билээ.

-Чи тэр хүүдээ хэлмээр юм. Үнэндээ Цэцэгмаа л энэ хэдэн хонииг маллаж өсгөж байгаа болохоос биш Галсанд хийсэн юм алга байна шүү дээ. Би бүхнийг мэдсээр боловч чамайг бодсоор өдий хүрэв гэж Жамсран нэг ирээд хэлжээ.

-Чи байз гэм. Миний хүү чухам ямар гай тарьсан юм бэ? Амьдрах гэж л ядаж яваа амьтан байна. Архи дарс уув уу, хулгай зэлгий хийв үү? Худал үнэн ярив уу? Нэгдлийн хий гэсэн ажилд оролцож л явдаг. Яах гэж чи дандаа миний муу хүүг нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах шиг үзэж явдаг юм бэ? Галсан чамд ямар гай тарив гэжээ.

-Одоохондоо болохоо байчихсан юм алга. Аваад хэлэлцье гэхэд ч муу малчин гээд яриад байх юмгүй. Гэтэл юм байна. Алив нэг ажлыг нийгэм олондоо тусах болох үүднээс сэтгэлээрээ хийхгүй, гагцхүү амин хувийн олз олбороо л бодон хийдэгт л аюул нь байна. Энэ зан газар авбал юу ч болж мэднэ. Шунал гэдэг ад чөтгөр шиг эд… Чи л түүнийг ийм болгов. Хэчнээн сайхан хүү байж болох байв.

Түүнтэй сургуульд хамт байсан нэг ангийнхныг нь хар. Базарын хүү эрдэмтэн болжээ. Нямын охин их эмч гээд мандаж байна. Улсын аварга малчин Далай, Гомбо хоёр яаж алдаршиж явна? Тэгэхэд чи хүүгээ сургуулиас гаргаж завхруулсан. Тийм ээ, чиний хэлдэг үнэн. Хэн ч хүүгээ хулгайч, худалч болгоё гэж боддоггүй. Гагцхүү бөхийсний бүснээс, хазайсны хажуугаас илүүчилж сурсан чиний занг яг хуулж…

Балдан өвгөн Жамсранд юу ч хэлж чадсангүй. Хүүгээ дотроо өмөөрч муу хүн болов гэж бодох ч дургүй байлаа.

Бага үд гэхэд шөнө орсон цас бараг хайлаад өвөлжөөнөөс халуун уур дэгдэв. Хашаа хороон дээгүүр өнгөц гудас, дээвэр цаваг сэрвээхээр дэлгэн тавих зуураа Балдан нөмөр газар хөлийн дор дөнгөж соёолж байгаа ногоог олж харлаа. Тэр ногоо урин дулаан цагийн анхны шинж тэмдэг болон өтөг бууцны дороос өхөөрдмөөр ногоон соёонуудаа тэнгэр өөд сарвайлган ургажээ.

-Энээ хөөе! Цэцэгмаа!… Ногоо ургах нь… гэж Балдан дуу алдав.

-Хаана? Гэж Цэцэгмаа ч гүйн ирлээ.

Хоёул ногоог шохоорхон харж зогстол уяан дээх дөрөө ханхийв.

Галсан ихэд яарсан мэт давхиж ирээд мориноосоо бууж байлаа.

-Чи яав? гэж нэг юманд яарсан, сандарсан түүний царайг нь харж Цэцэгмаа асуув.

-Яахав зүгээр… Хүйтэн цай бий юу?

-Гэрт данханд бий.

-Аав аа, та нааш ирээч! Гээд Галсан буугаа гэр дээр тавьж оров. Балдан юу болоо юм бол гэж гайхасхийн Цэцэгмаагаас асуух мэт хараад гэр рүү явав.

-Цэцэгмаа номхон хараа эмээллэчих!… гэж Галсан гэр дотроос чангаар хэлээд аавдаа,

-Та надтай явахгүй юу? Ойрдоо салхинд гарсан биш, морин дээр нэг гар даа гэв.

Энэхэн зуур Балдан “Алсын уулын орой дээр гарч хармаар юм даа. Ямар өтөлсөн болохоос үхсэн биш” гэж хэлсэн Жамсрангийн үгийг санав.

-За тэгье… Нээрээ нэг салхинд гарах болсон… гэж Балдан баярлан дээлээ солихоор бүсээ тайлав. “Миний хүү ийм л ухаантай, хөгшин эцгээ гэрийн буг болж байгааг мэдсэн байх нь…” гэж Балдан боджээ. Түүнийг хувцсаа тайлах хооронд Галсан гараад Цэцэгмаатай өндөр нам дуугаар нэг юм марган хэлэлцсэнээ чимээгүй болов.

Хеөрөх, баярлах хөгшин хөнгөрөөд гарч одов. Номхон харыг хэдийн эмээллэсэн байлаа. Бэр нь хадмаа гараад ирмэгц дэргэд нь хүрч ирээд:

-Аав аа, та яваад хэрэг байна уу даа? гэж зөөлөн асуув.

-Явна охин минь, явалгүй яахав. Аав нь бас чиг чавганц болчих болоогүй байна. Салхинд гараад ирье дээ. Алсын уулын оройд гарч холын бараа харъя охин минь гээд Балдан бэрээ хормойноос нь чангайж аваад үлдчих вий гэсэн шиг мориндоо яаран мордов.

Зэрэглээ жирвэгнэн хар газраас уул савсаж, цасны шар горхи хөгжилтэй дуугаа аялсан хаврын тогтуухан өдөр байв. Гэрээс холдож, хүүтэйгээ ухаа даван сажлуулж явахдаа өвгөний сэтгэл үнэхээр сэргэж, нурууны нь чилээ гарч, ямагт шөнөд халж зовоодог хөлний нь өвчин арилах шиг санагдана. Буянтай сайн хүүтэйдээ өвгөн баярлаж явлаа. Ноднин жил хөгшин нь ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.

Аминыхаа хэдэн малын туугаад өвгөн хаврын сүүл сард хүүгийндээ бүрмөсөн ирж билээ. Өөрийн бодсон хүсэл нь биелсэн тул Балдан чавганц малгай өмсөж, сэтгэл амар цайгий нь чанаж, ач хүүгээ харж суух болжээ. Залуу насандаа хөндлөн гулд давхиж явсан нутаг нугаараа хатируулахад урам сэргэж сэтгэл баясна. Төрсөн нутгийн сайхан уулс хаврын зэрэглээн дор дуниартан харагдана.

Нөмрөг хадын хойд энгэр бараалж, модны захын цас ханзарчээ. Тэр энгэрт багадаа хонь хариулж явсан шүү дээ гэж бодож, үүл хурсан тэртээ хойд зүгийн цэнхэр уулсын цаана өтөлсөн нүдэнд сүүмэлзэн харагдах бургастай гсглын дэнж дээр анх хөгшинтэйгөө уулзаж билээ хөөрхий гэж дурсан санаж хуучин дурсгал бүхнээ уудлан явав.

Өсөх багаас хөндлөн гулд давхиж, аж амьдралын мөр хеөж, олз омгийн тэнгэрт сүсэглэж залбирч явсан нутаг нь хаврын наран дор өнгөтэй сайхан харагдаж байв. Энэ олон цохио хичнээн ч бэлтрэгтүүнд хайрлаж, цэнхэр униарын дор сүүмэлзэх тэртээ хөндий хичнээн ч үнэг хярсаа түүнд өгч, эрвэн сэрвэн модтой хойд зүгийн хөвч тайга хэзээ ч Балдангаас булгаа харамлаж байгаагүй билээ.

Ил далд хичнээн ч ан хийж, хичнээнийг ч бас хот хүрээ рүү гүйлгэж, атигар биенд томдсон ширэн түрийвчээ хэдэнтээ дүүргэж явсныг бурхан л мэдэхсэн байх. Олз омог нь дандаа л ангаар олддог байсан уу гэвэл бас тийм бус… Намар жин тээж, хавар мод хийж, зунд сал тавьж явсан ч удаа бас бий. Тэр болгонд Балдан олзны тэнгэртэй явсан нь үнэн.

Ийнхүү элдвийг санагалзсаар олон цохиотой энгэр өөд гараад ирснээ Балдан мэдсэнгүй ээ. Нэг томоохон цохионы ёроолд хүү нь мориноосоо буув. Балдан ч бас буулаа. Хүү ганзаганаасаа шуудай, аргамж хоёр буулгаж, цохио өөд өгсөв. Эцэг хойноос нь хүүхэд шиг дагалаа. Амьсгаадаад явж болох биш.

Залуудаа гүйгээд гардаг цохионы оройд одоо атигар Балдан хоёр гурав амарч байж хүрэв. Хүү нь инээмсэглэн тамхиа татаж суулаа. Эцэг хажууд нь сууж амьсгаагаа дарав. Олон цохионы энгэр нөмөр дулаахан байлаа.

-Энд чонын үүр байгаа юм. Хэдэн бэлтрэг гийнаад байна. Авч чадаж гэмээнэ их үнэд хүрнэ дээ. Том олз шүү. Аав та чагнаач гэж тамхиа шуналтай сорж хүү нь тайван хэлэв. Балдан нүх рүү нь тонгойж чагналаа. Нээрээ л тийм байв. Гийнах дуунаар нь багцаалаад “Долоо найман гөлөг… Үгүй нээрээ олз доо. Ямар ч байсан алдаж болохгүй” гэж Балдан бодлоо.

-Тийм байгаа биз.

-Харин тийм байна. Наймаас наашгүй…

-Нэг нь тавин цаас… дөрвөн зуун төгрөг гэсэн үг. Тийм ээ, аав аа?

-Тэгэлгүй яахав, хүү минь.

-Дүүрсэн хэрэг хаяад явах уу гэж Галсан гаансаа чулуун дээр тогшин босов.

-Юу гэсэн үг вэ? Ийм бэлэн олзыг хаявал азанд муу болно гэж аав нь дуу алджээ.

-Уг нь ч тийм…

Гэнэт чонын нарийхан үүрэнд уул шиг том биетэй хүү нь яагаад ч багтаж орохгүй, эцэг л давжаа биетэйгээрээ хүссэн олзыг нь авч өгөхөөс нь өөр аргагүйг Балдан ойлгожээ.

-Өөр яахав. Аав нь оръё.

-Юу гэсэн үг вэ. Тийм нүгэлтэй юм гэж байх уу гэж хүү нь дуу алдлаа.

-Үгүй яахав дээ. Багадаа ордог л байсан юм. Гайгүй биз…

-Ээ горьгүй байх аа… Очиж очиж таныг оруулах гэж үү? Муухай юм болж байна… Хүү ингэж дуу алдаж байвч цаанаа бол “Ороод аваад өгөөсэй” гэсэн хүсэл нь ил байх тул аав нь яагаад ч юм санаа алджээ.

-За хүү минь түргэлье гэж өвгөн агуйн амсар луу очив.

-Өөрөө л мэд. Хэрэг байна уу даа гэж Галсан аргамж бариад хэлэв.

-Зүгээр хүү минь. Ороод л үзье… гэж Балдан хэлжээ. Хүү эцгийнхээ бүсний дээгүүр аргамж давхарлан уяж, Балдан уухижсаар агуй руу дөхлөө.

-Аав та айлтгүй шүү. Би сайн барьж байна. Харин хадны ирмэгт цохиулав. Болгоомжтой байгаарай…

Хэдийгээр өвгөн баахан айж, зүрх дэлсэн амьсгал нь ихэдсэн боловч хүүгээ зовоочихно гэж бодоод мэдэгдэхгүйг хичээсээр агуй руу орлоо. Энэ агуйг өвгөн одоо л таньжээ. Энэ худаг шиг гүнзгий агуй дотроо хажуу тийшээ хонгил болон салаалдаг билээ. Тэр салаануудын нэгэнд чоно үүрээ засдаг юм.

Өөрөө ч багадаа олон орж, хүүгээ ч анх энэ агуй руу хүчээр түлхэн оруулснаа өвгөн бууж явахдаа бодож явлаа. Өвгөн агуй руу улам улам доошилсоор байв. Сайн хүү нь ааваа хад чулуунд цохиулж гэмтэх вий хэмээн аргамжийг бөх гэгчээр барьж байлаа.

Харин байгалийн жам нэг өдөр алдагдаж болно гэдгийг энэ хоёр хүн мэдсэнгүй. Өглөөхөн Галсангийн буудаад шархдуулсан өлөгчин чоно хэнийг ч, юуг ч хэдэн хэсэг тасар татахад бэлэн үүрэн дотроо архиран хэвтэж байжээ.

Доржийн Гармаа


URL:

Сэтгэгдэл бичих