Х.Тэмүүжин: “Д.Зоригт дүүгийнхээ нэрээр хол явахыг харна аа”

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин  өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлын улмаас шархадсан зургаан иргэн, мөн галт зэвсэгт амиа алдсан дөрвөн иргэн, угаартаж нас барсан нэг иргэнээс төрийн нэрийн өмнөөс Монгол Улсын Ерөнхийлөгчөөр уучлал гуйлгуулах тухай асуудлыг УИХ дээр унахад  УИХ-ын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нэлээд үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж буй аж. Хэдийгээр шүүхээс эл хэрэгтэй холбогдуулан буруутай этгээдүүдийг тогтоогоогүй боловч, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба болон бусад газрынхны шалгалтаар иргэд рүү буу шагайсан этгээд нь цагдаагийнхан гэдэг нь нотлогдсон. Мөн Цагдаагийн өдрийн тэмдэглэлд хэд, хэдэн ноцтой мэдээллүүд бий гэнэ.

Түүнд хэний тушаалаар цагдаагийн бие бүрэлдэхүүнд галт зэвсэг тарааж өгсөн. Иргэд рүү гал нээж буудсаныхаа дараахан гэмт хэргээ нуун далдлахын тулд тухайн газраас сумны хонгионуудыг түүж оронд нь сургуулилтын хонгио цацсан. Мөн иргэд рүү гал нээхдээ ашигласан буугаа өөрчлөх гэж оролдсон гээд олон баримтыг дээрх үйл ажиллагаанд оролцсон цагдаа өдрийн тэмдэглэлдээ нэгбүрчлэн бичсэн. Түүнчлэн дээрх үйл ажиллагааг цагдаа нараар гүйцэтгүүлсэн  цагдаагийн хурандаа н.Батсүх, н.Мягмаржав хоёр цагдаа нарт хандан “Өөрсөддөө эргэлзэж байгаа хүн байвал хэлээрэй. Бууг чинь янзалж өгнө шүү” гэж хүртэл захиж байсныг энэхүү өдрийн тэмдэглэлд бичсэн байгаа аж.  Харин иргэдийн амь насыг хөнөөсөн цагдаа нар хаана юу хийж явна вэ гэвэл, тэр тусмаа дарга нарыгаа хууль хяналтын байгууллагынханд гэрчлээгүйнхээ төлөөсөнд зарим нэг нь гадаадад сурахаар явсан бол мөн зарим нэг нь Цагдаагийн академиад суралцаж буй аж.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хэлэхдээ “Ийм илэрхий хэргийг хаацайлж буй нь үнэхээр гутамшигтай, гэхдээ эцэстээ үнэнд гүйцэгдэнэ. Сайн эцгийн нэр, сайн дүүгийн нэрээр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, сайд Д.Зоригт нарыг хэр хол явахыг харъя. Эцсийн дүндээ сонгогчид эдгээр хүмүүсийг хүний эрхийг хамгаалаарай гэж УИХ-д илгээснээс биш гэмт хэрэг хийгчдийг хаацаалаарай гэж сонгоогүй л байх” гэлээ.

Э.Сүрэн


URL:

Сэтгэгдэл бичих