Долоо хоногийн дотор нүүх шаардлага хүргүүллээ

35629

Нийслэлийн хэмжээнд үер усны гамшгаас шалтгаалан зам цөмөрч, эвдрэл гарсан замууд дээр холбогдох албаныхан шуурхай ажиллаж, Улаанбаатар зам засвар, арчлалтын газраас дөрөв, Геодези, Усны барилга байгууламжийн газраас таван баг, нийслэлийн Авто замын хөгжлийн газар гэсэн нийт 16 баг 24 цагаар ажиллаж байна.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, НАЗХГ-ын Орлогч дарга Б.Индра, Геодези, Усны барилга байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, yийслэлийн Газрын алба болон бусад холбогдох албаныхан өнгөрсөн баасан гарагт Баянзүрх дүүргийн Монелийн уулзвараас Дарь эхийн зам хүртэлх Гадна тойруугийн III хэсгийн зам дээр ажиллажээ.

Энэ үеэр НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяр “Ойрын өдрүүдэд усархаг аадар бороо орж, үерлэсний улмаас 5-10 жилийн өмнөөс ашиглагдаж буй замууд өртөж, замын эвдрэл, цөмрөх зэрэг асуудал гарч байна. Шинээр тавьсан замуудад эвдрэл үүсээгүй, замын хөдөлгөөн хэвийн ажиллаж байна” гэв.

 

 

 

Мөн долоодугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн Монелийн уулзвараас Дарь эхийн зам хүртэлх Гадна тойруугийн III хэсгийн замын үерийн ус зайлуулах жалга дээр зөвшөөрөлгүй буусан иргэн, аж ахуйн нэгжүүдэд дүүргийн Газрын албанаас шаардах хуудас хүргүүлсэн бөгөөд долоо хоногийн хугацаанд албан шаардлагыг биелүүлээгүй, газар чөлөөлөөгүй тохиолдолд хуулийн дагуу нийслэлийн Газрын албаны Газар чөлөөлөлтийн хэлтсээс албадан нүүлгэх юм.

Мөн эдгээр газруудад Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хохирлын тоо, хэмжээг гаргаж, тухайн аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцож, хохирлыг барагдуулна.

НАЗХГ-ын Орлогч дарга Б.Индра “Зарим иргэн, аж ахуйн нэгжийн эрх ашгаас шалтгаалж, нийтийн эрх ашиг зөрчигдөж, авто зам эвдэрч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хүндрэл, хүний амь нас, эд хөрөнгөд хохирол учруулж байна” гэдгийг онцлов.

 

Мөн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Дарь эхийн шинэ зам урсчихлаа” гэдгийг ташаа мэдээлэл гэдгийг тэрээр хэлж байсан юм. Мэдээллээр яваад буй гадна тойруугийн 4 дүгээр хэсгийн Дарь эхийн авто Ганц худаг, Цагаан даваа чиглэлийн авто зам нь 2011 онд ашиглалтад орсон бөгөөд үерийн ус зайлуулах шугам сүлжээн дээр 51 айл өрх, аж ахуй нэгж бууснаас болж үерийн ус авто зам руу урссан байна. Харин шинээр түүнээс залгаа 3 км авто замыг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр зорчих хөдөлгөөнийг нээсэн бөгөөд замын эвдрэл үүсээгүй байна.

 

/Гадна тойруугийн 4 дүгээр хэсгийн Дарь эхийн авто Ганц худаг, Цагаан даваа чиглэлийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ашиглалтад орсон шинэ авто зам/

/Гадна тойруугийн 4 дүгээр хэсгийн Дарь эхийн авто Ганц худаг, Цагаан даваа чиглэлийн 2011 онд ашиглалтад орсон хуучин авто зам/

/Гадна тойруугийн 4 дүгээр хэсгийн Дарь эхийн авто Ганц худаг, Цагаан даваа чиглэлийн хуучин авто замаас шинэ зам явах хүртэлх уулзвар/

Эх сурвалж: Нийслэлийн Авто замын хөгжлийн газар


URL:

Сэтгэгдэл бичих