Наадмын талбайг хамгаалдаг нь цагдаагийн цолоо, наадамд барилддаг нь бөхийн цолоо л авах ёстой

35670

Монголын цагдаагийн байгууллагын түүхт 94 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Эх орны дотоод аюулгүй байдал, амар тайвны манаанд ар гэр, амьдрал ахуйгаа умартан нойр хоолгүй зүтгэдэг цагдаагийн алба хаагчдын гавьяаг төр үнэлж байна. Өчигдөр цагдаагийн 100 орчим алба хаагчдыг Буянт-Ухаа 1, 2 хорооллын орон сууцанд хамруулах гэрээг ЦЕГ, ТОСК хоорондоо үзэглэсэн. Харин өнөөдөр ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Р.Чингис Үндэсний баяр наадамд түрүүлж улсын арслан цол хүртсэн ахлах дэслэгч Э.Оюунболдод ахмад, улсын наадамд шөвгөрч улсын харцага цол хүртсэн ахмад Н.Батзаяад хошууч, П.И.Чайковкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд гран при шагнал хүртсэн МУГЖ, ахлах дэслэгч Г.Ариунбаатарт ахмад цол шагналаа.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа цагдаагийн цолыг албан тушаалынх болгосон. Албан тушаалын цолтой байхыг цагдаа хүсээгүй. Тэд цагдаад тогтсон дэг жаяг, шат шатлалаар явдаг хугацааны цолоороо явахыг хүссэн. Одоогийн сайд Д.Дорлигжав цагдаагийн цолыг хугацааных болгож хуучин байранд нь аваачсан. Гэвч цагдаагийн цол хугацааных, алба тушаалынх ч биш шагналынх болжээ. Ийм шүүмжлэл өнөөдөр хүмүүсийн ам дамжиж, цахим ертөнцөд өрнөж байна.

Дэлхийн дэвжээ, улсын наадам, олон улсын тайзанд амжилт үзүүлсэн хоёр бөх, нэг дуучинд цагдаагийн цолыг хугацаанаас нь өмнө олгосон нь дээрх шүүмжлэл гарахад хүргэв. Учир нь, цагдаагийн албанд олон жил зүтгэсэн мөртлөө ахлагчаас  офицер болон дэвшиж цол хүртээгүй, албан үүргээ ёс төртэй биелүүлж, ёстой л малын хулгайч, шороотойгоо холилдож яваа хэдэн бор цагдаад ийм цол олддоггүй. Харин цагдаагийн алба хаагчийн орон тоонд данстай ч эргүүл хийж, хамгаалалтад гарч, хулгайчийг хөөж хашаа давж, гудамжинд нулимуулж, мөрдсөө хуулуулж үзээгүй хоёр бөх, нэг дуучинд цэргийн цолыг шагналаар өглөө. Хугацааных байх ёстой цолыг шагнаж өгснөөрөө шударга бус байдлыг бий болголоо.

Хоёр сайхан бөх, хосгүй авьяастай дуучныхаа амжилтыг үгүйсгэх гэсэнгүй. Тэднээр Монгол даяараа, тэр дундаа цагдаад данстайн учир цагдаагийнхан илүү их бахархаж байна. Хамгийн гол нь цагдаагийн ажлыг хийж, цагдаа хүний үүргийг гүйцэтгэж байж авдаг албан тушаал, хугацааны цолыг талбайд бөх барилдаад, тайзан дээр дуулаад авч болдог юм уу, үгүй юү гэдэгт л асуудал байна. Өөрөөр хэлбэл, нийгмийн эрүүл энхийн манаанд нийтээр зогсох тангарагтай цагдаагийн цол бол СУИС-ийн төгсөх ангийн оюутны төрсөн өдөрт халаасалж аваачаад өгчихдөг “Соёлын тэргүүний ажилтан” шиг үнэ хүндгүй байж болохгүй. Миний цагдаа намайг хамгаална гэдэг. Тэгвэл дотроо өрсөлдөөнгүй, цолны шударга эрэмбэгүй цагдаа намайг хамгаалж чадахгүй, би итгэхгүй. Сайн дуулсан нь, сайн барилдсан нь авдаг цол цагдаагийнх биш ээ.

Ингэж бичих хэдэн шалтгаан байна.

Улсын наадмын түрүү бөх Э.Оюунболд нутгаараа, бас Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Хангарьд спорт хороо, Их Засаг их сургуулийн бөх гэж дуудуулсан. Нутаг усаараа өөрийг нь цалинжуулж, ивээн тэтгэж, бэлтгэлд нь тусалдаг байгууллагаараа дуудуулах зөв ч байх. Гэхдээ манайхан хэт туйлширч байна. Магтан матна гэдэг шиг шагнах гээд шинэ онигоонд оруулж байна. Шинэ арслан маань Хэнтий аймгийн Баянхутагт сумын цагдаагийн газарт эргүүл хийж, малын хулгайч хөөж, хүн байцааж конторт суудаг цагдаагийн ахлах дэслэгч байсан учраас ахмад өгч байгаа бол өөр хэрэг. Гэтэл наадамд түрүүлсэн гэж цагдаагийн цолоор шагнаж буй нь хэнд ч ойлгомжтой.

2011 онд М.И.Глиникийн нэрэмжит олон улсын тэмцээнд амжилттай оролцож, тэргүүн байрт шалгарсан “Сүлд” чуулгын гоцлол дуучин, цагдаагийн дэслэгч Г.Ариунбаатарт хугацаанаас нь өмнө ахлах дэслэгч цол олгож, цагдаагийн гавьяа тэмдэгээр шагнаж байв. Энэ шагналыг тэр үед ЦЕГ-ын дарга байсан хошууч генерал Д.Сандаг-Очир гардуулж байв. Цагдаагийн ажлыг хийдэггүй мөртлөө орон тоон дээр нь ажиллаж, цагдаагаас цол авч, компаниудаар ивээн тэтгүүлж, өөр газарт давхар харъяалагддаг бөх, дуучин цагдаад хэрэггүй. Цагдаагийн орон тоонд цагдаа ажиллах ёстой гэж Х.Тэмүүжин Хууль зүйн сайд болоод хэлсэн. Олон нийтээс ихээхэн дэмжлэг хүлээсэн дээрх үг нь шийдвэр болж Сүлд чуулгыг татан буулгасан. Тэгвэл П.И.Чайковкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд түрүүлсэн ахлах дэслэгч Г.Ариунбаатар дахиад дуу дуулснаараа цолоо нэмүүлж, ахмад боллоо. Уг нь түүнд наадмын өмнө 80 сая төгрөг, бүр өмнө нь МУГЖ цол хүртээсэн. Харин одоо Төв аймгийн цагдаагийн газрын Заамар дахь сум дундын цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаа ахлах дэслэгч байсан учраас Г.Ариунбаатар ахмад боллоо гэхэд хүн итгэх үү.

Цагдаагийн цол бол цагдаагийн ажлын үнэлэмж болохоос авьяастанд өгдөг шагнал биш. Цагдаад дуулдаггүй, дуурь ч үздэггүй, бөх барилддаггүй албан хаагчид олон бий. Тэд ажлаа сайн хийлээ гээд бөхийн цол нэмж авдаггүй, Монгол Улсын гавьяат жүжигчин болдоггүй шүү дээ. Тийм л байх ёстой. Тэд цагдаа байж болно л доо. Тэгвэл наадмын талбайг хамгаалдаг нь цагдаагийн цолоо, наадамд барилддаг нь бөхийн цолоо л авах ёстой.

Г.УЛСБОЛД

2015 оны 7 сарын 17-нд бичив.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.