МАХН-ынхан МАН-тай ямар ч үед эвсч, нэгдэхгүй гэв

МАХН-аас өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэв. Хуралд тус намын нарийн бичгийн дарга Л.Цог болон эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцсон юм. Тэдний хэвлэлийн хурал хийлгэх болсон шалтгаан нь тус намын нэр хүндэд халдсан, мөн эмэгтэйчүүдийн байгууллагынхаа хурлыг хийж удирдлагыг сонгосон талаарх мэдээллийг өгөх зорилготой байжээ.

МАХН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага өнгөрсөн ням гаригт хурлаа хийсэн бөгөөд энэ үеэр удирдлагаа сонгосон байна. Тус хуралд нийслэл, орон нутгийн 580 орчим төлөөлөл оролцсон бөгөөд Г.Сарантуяа гэх эмэгтэй сонгогджээ. Цаашид МАХН-ын эмэгтэйчүүдийн байгууллага нийгэмд идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлэх бөгөөд УИХ-ын сонгуульд ч оролцохоор ажиллаж эхэлж байгаа юм байна.

Хурлын үеэр МАХН-ын нарийн бичгийн дарга Л.Цог мэдэгдэхдээ “Манай намын эмэгтэйчүүд хурлаа хийж удирдлагаа сонголоо. Харин үүнээс илүү анхаарал татсан нэг асуудал өрнөж буй нь МАХН, МАН нэгдэх нь гэсэн цуурхал тарсан явдал. Бид МАН-тай эргэж нэгдэнэ гэж хэзээ ч байхгүй. Хэвлэлд бичихдээ МАН-ынхан МАХН-д санал тавьж арван суудал өгье гэсэн байна лээ. Тийм зүйл болоогүй. Бид МАН-тай нэгдэхгүй гэдгээ байгуулагдсан цагаасаа хойш мэдэгдсээр ирсэн. Тэгэхээр цаашид ч ийм зүйл болохгүй. Тиймээс өнөөдөр ийм тайлбар хийх шаардлагатай гэж үзлээ. Эс бөгөөд намын нэр хүндэд ихээхэн нөлөөлөөд байна” гэж нэмж хэлэв.

Л.ТӨР


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих