1000 МАЛТАЙ БОЛЧИХООР ТОЛГОЙ ШИЙРЭЭ ХАЯЧИХДАГ ЮМ БИШ ШҮҮ.

37979122_1935179403169087_1039037972852244480_n..Ер нь мал өсчихжээ. 60 сая гарсан нь үнэн бололтой.
Эзэнгүй өвөлжөө бууц бүү хэл хонд ч олдохоо больж гэнэ. Зуслангийн нутагт айлууд хаяа дэрлээд бууцгаачихаж. Өглөө оройд нийлчих гэж сандаргана. Алтайд харин ямаа голцуу юм. Үхэр, адуу ч их өссөн байна.
Мал өссөн нь сайн хэрэг. Гэхдээ энэ янзаар цааш урагшлахгүй. Ядахдаа олон малыг маллаж, адгуулахад амаргүй. Хөлс хөдөлмөр их шаардагдана. Цаашлаад бэлчээрийн даац эвгүйднэ. Даамжирвал цөлжилт өршөөхгүй. Тэгвэл бүр мал ч үгүй болж мэднэ.
Одоо харин малынхаа тоонд биш чанар, ашиг шимд анхаарах цаг болжээ. Чанартай, өндөр ашиг шим өгдөг хэт олон биш малтай байх нь ирээдүйтэй. Мах, сүү, ноос ноолуурын гарц, үүлдэр угсаагаа анхаарах хэрэгтэй. САЙН МАЛЧИН гэдгийг зөвхөн малын тоо толгойгоор нь биш харин малаа чанаржуулж чадсанд нь өгдөг шалгууртай болгомоор юм. Бэлчээргүй болчихвол мянган мал байтугай гүрвэл ч тогтохгүй шүү дээ.
Одоо 300 малтай айл цөөхөн байна. 1000 -тууд олон болж. 300 малтай айл ядуувтартаа орохоор. Учир нь 5 ам бүлтэй 300 малтай айл өрхийнхөө жилийн хэрэгцээг чүү хүчирч байх. Гэтэл бусад оронд бол 300 малтай бол том фермерт тооцогдоно. Энэ өнөөх чанар, үр ашгийн асуудал юм. Монгол нутгийн тодорхой хязгаарлагдмал бүсд л эрчимжсэн мал аж ахуй хөгжих боломжтой. Дийлэнхдээ бэлчээрийн МАА зонхилно. Тиймээс малын чанар л ярихаас аргагүй.
Маний үед Говь-Алтай омгийн хонь гэж байлаа. Бугат сумын хөдөлмөрч зон олны 30-40 жилийн зүтгэлийн үрээр бий болсон тэр омгийн нэг хониноос дунджаар 2.2 кг сайн чанарийн нарийвтар, мяндаслаг ноос гардаг, ердийн хонь харин 1.6 кг ноос өгдөг байв. Мөн тэр омгийн хонь 4-6 кг мах илүү өгдөг байв. Илүү нугаламтай. Одоо тэр омог сураггүй болсон. Сэргээх л хэрэгтэй.
Мэдээж хэрэг малын ашиг шим ярихад эрүүл мэнд гарцаагүй сөхөгдөнө. Эрүүл малтай байж ашиг шим ярих бололцоотой.
Энд төрөөс бас бодлого зохицуулалт ч шаардагдана. Эрүүл ахуйгаас гадна Малын түүхий эд, арьс шир, мах, сүү боловсруулж, нэмүү өртөг шингээсэн жижиг, дунд оврийн үйлдвэрүүдийг зээл санхүүгээр дэмжих, гадаад худалдааны гарц нээж өгөх гэх мэт…
Бид чинь жил бүр 10-15 сая мал иддэг. Тэр тоогоор ширхэг арьс шир гарна. Ядахдаа түүнээ 80 хувьтай ашиглаж, боловсруулж чаддагсан бол Таван толгойгоос орж буй орлогоос дутахгүй. Одоо бол хонины нэхий жалганд ялаа батгана шавуулаад л хэвтэж байна. Дээр нь 20 гаруй сая хонины ноос байна. Мөн жил бүр 10 саяас доошгүй толгой малын мах байна. Баялаг байна байна. Өнөөдөө бол зөвхөн ноолуурыг л ашиглаж байх шив.
Сүү сүүн бүтээгдхүүн гэхэд асар их нөөц байна. Малчид үхэр голдуу саальд хэрэглэж, ямаа багашиг сааж байна. Хонь сааж байхтай таарсангүй. Маний үед хонио хуу саадаг байв. Өнөөдөр 64 сая малтай гурван саяулаа атлаа сүү сүүн бүтээгдхүүнийхээ 70 гаруй хувийг гаднаас худалдаж авдаг гэхээр нэг юм бодогдохгүй байна уу???
Малын буян барагддаггүй гэдэг дээ. Шийр иддэг малчид ховордсон гэж байна. Мал төхөөрөөд толгой шийр нь шууд л сэвстэй хамт ганганд. Нохой зуугаад явчихна. Арай л бялбалзаад, баярхаад буй мэт. 1000 малтай болчихлоо гээд шийр идэж болдоггүй ёс хаа ч үгүй. Харин ч бүр идэж байх учиртай. Харамч нарийндаа ч биш. Яагаад гэвэл малын буянг тэгэж байж тогтоодог юм гэнэ билээ.
Жил бүр гарч буй 10-15 сая малын толгой шийр, дайвар бүтээгдхүүн, яс л гэхэд хэрвээ боловсруулж чаддагсан бол бас л Таван толгойгоос дутахгүй хөрөнгө. Ялгаатай нь Тавантолгойн нөөц хязгаартай. Малынх бол хязгааргүй, жил бүр сэлбэгдэж байдаг. Урд хөрш гэж аварга том зах зээл байна.
Юм юм байна байна. Бид энэ хэдэн малынхаа буянд бусад олон улс үндэстнүүд шиг өлсгөлөнд нэрвэгдсэнгүй, туйлдаж ягтаа тулсангүй өдий хүрч. 90-ээд оны хүндрэлийг чухам хэдэн малынхаа нуруун дээр л давсан. Манай ЭЗ-ийн нэг тулгуур багана, бас үндэстний сэтгэлгээ өв соёлын үндэс суурь нь яах аргагүй эрдэнэ болсон мал сүрэг маань. Мал аж ахуйг хоцрогдсон аж ахуй гэж үздэг, малчдыг хоцрогдсон бүдүүлэг гэж үздэг үзэл үе үе цухалзах. Бүр нэлээд дээгүүр боловсролтой түвшинд хүртэл шүү. Тийм юм сонсогдохоор толгойгоороо тоглох нь дутаж гэмээр санагдах.
Одоо малаа жаахан чанаржуулчихвал, тэгээд ашиг шим, буяныг нь бүрэн дүүрэн хүртдэг болчихвол… Их ч нөөц боломж байна даа.
Б.Наминчимэд

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.