Ачааллаа дийлэхээ больсон ХСҮТ-д дахин шинэ барилга хэрэгтэй байна

19551Улсын эмнэлгүүдээс хамгийн их ачаалалтай эмнэлэг бол яах аргагүй Хавдар судлалийн үндэсний төв юм.

Учир нь энэ эмнэлэгт өглөөний 05.00 цагаас үдшийн 21.00 цаг хүртэл бум бужигнаж түм түжигнэсэн байдалтай байдаг. Өвчиндөө шаналсан хүмүүс, тэргэнцэр дээр түрүүлсэн өвчтнүүд гээд үнэхээр харахад нүд халтирам, сэтгэл шаналам харагддаг.

Манай улс хорт хавдрын өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлдэг.  Өдөрт хорт хавдраар 100 гаруй хүн өвчилснөө мэддэг бол энэ өвчнөөр өдөрт 10 гаруй хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлж байна. Жилд хавдрын улмаас 4000 орчим хүн нас барж, 6000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байна гэсэн харамсалтай статистик бий.

Үнэхээр харамсалтай цөөрч болохгүй цөөхөн монголчууд өдөрт 10, 10-аар нь алдаад байвал юу болох уу, зөвхөн хорт хавдар өвчнөөр шүү дээ. Үүний цаана өчнөөн шалтгаан, осол эндэгдлээр манай улс иргэдээ алдсаар байгаа нь үнэн.
Тэгвэл өдөрт ачаалалаа дийлэхгүй байгаа дээрх эмнэлэгт өнгөрсөн долдугаар сард асуудал гарсан.

Шинэ өргөтгөл нь усанд автаж, дээврээс нь дусаал гоожин, зарим тоног төхөөрөмжөө ажиллуулж чадахгүй, шинээр нь хайрцагтай байлгасан чигээр нь байна.

Нөхцөл байдал ийм байхад тоног төхөөрөмж, хүний нөөц нэмэгдээгүйн зэрэгцэээ 1983 онд ашиглалтад оруулсан барилгыг өртгөсөн ч чанарын шаардлага хангахгүй байгаа зэрэг “зовлонтой” асуудлаа өчигдөр дэд сайд Л.Бямбасүрэнд эмнэлгийнхэн дахин танилцуулав. Хэдхэн хоногийн өмнө салбарын сайддаа танилцуулж зарим асуудлыг газар дээр шийдвэрлэж, цаашид яахаа  ярилцсан юм.

Тус төвийн Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин “Өдөрт давхардсан тоогоор 133 хүн мэс засал хийлгэхээр хүлээж байна. Хуучин барилгын мэс заслын дөрвөн өрөөнд долоо хоногт 2590 хагалгаа хийдэг. Ачаалалаас шалтгаалж халдвар, хамгааллын дэглэм алдагдвал яах вэ. Өргөтгөлд элэг болон ходоод, нойр булчирхайн мэс засал хийх хоёр тасаг нээхээр төлөвлөсөн ч барилгын хаяавч цөмөрч, В хэсгийн дээврээс дусаал гоожин гадна, дотор хана усанд нэвчсэн байна” гэв.

Дэд сайд Л.Бямбасүрэн “ХСҮТ-д дахин шинэ барилга нэн даруй шаардлагатай байна. Үүнд хөрөнгө мөнгө хэрэгтэй. Засгийн газраас хөрөнгийг шийдлээ ч хугацаа шаардагдана. Харин ХСҮТ-ийн хажууд эмнэлгийн зориулалтай 12 давхар барилга баригдаж байна. Ирэх аравдугаар сард ашиглалтад оруулах юм. Үүнийг хавдрын эмнэлэг болгож болох эсэх асуудлыг ЭМС-д танилцуулна” гэлээ.

Тэгвэл ХСҮТ-ий барилгад шалгалт хийсэн МХЕГ-ын байцаагчид барилгын нөхцөл ямар байгаа талаар дүгнэлт гаргасан ч дүгнэлт нь эмнэлгийн даргын гарт очоогүй байгаа гэнэ. Эмнэлгийн барилгыг төлөвлөх, зураг төслийг нь боловсруулах мэргэжлийн хүн байхгүйг эмч нар хэлж байна. Хонгилын давхрын бохирын шугамын хэт доор суурилуулсан учраас ариун цэврийн өрөөг ашиглах боломжгүй болжээ.

О.Сайхан
Оллоо.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.