БУСДЫН НҮДЭЭР ХОРВООГ ХАРВАЛ НҮДТЭЙ БАЙХ ХЭРЭГ ЮУ БИЛЭЭ…

images“Би ер нь юу хийж бүтээх гэж амьдраад байгаа юм бол” гэсэн бодол толгойноос минь үл сална. Тэгээд хийж байгаа зүйлсдээ эргэлзэж, яах уу яавал дээр үү, тэд нар тэгэж бодох болов уу, тэрэнд юу гэж хэлэх вэ гэдэг ч юм уу сонин сонин бодол хааяа орж ирнэ. Тэгээд түр хүлээгээд зүгээр л байгаа амьдралаа, эргэн тойрноо нэг ажиглалаа.

Их сонин. Хүмүүс бусдыг харахдаа заавал өө хайна. Өөрсдийнх нь бодолд заавал таарах хэрэгтэй мэт бодно. Хүн бүр өөр өөрсдийнхөөрөө л амьдардаг гэдгийг яагаад ч юм хүлээн зөвшөөрөх дургүй. Зарим нь амжилттай амьдарч олон ажил зэрэг амжуулж, их зүйлийг хийж бүтээхийг хүсдэг, зарим нь том компаний захирал байхыг мөрөөддөг, зарим нь зүгээр л зураач, зарим нь энгийн нэг мужаан. Гэтэл олон хүн бусдад сайхан харагдах гэж, бусдын бодолд таацуулж, нийцэж амьдрах гэж хичээдэг. Яг үнэндээ заавал шилдэг ажилтан байх албагүй, заавал бүхнийг амжуулдаг бас бүгдийг мэддэг байх албагүй, мөнгөтэй баян эрх мэдэлтэй байх албагүй, том мэргэжлээр төгссөн хүн том ажил хийж, том амьдрах алба байхгүй. Инженерээр төгссөн бол инженер л байх ёстой гэж хэн хэлсэн юм?

Өнөөдөр их мөнгө олдог ажил хийдэггүй байсан ч зүгээр л байгаадаа хангалуун амьдардаг бол яах вэ, үнэтэй хувцас өмсөөгүй ч өөрийнхөө өмссөн хуучин хувцсандаа хамгийн дуртай бол яах вэ, өнөөдөр бид машингүй ч хамтдаа алхаж л явах тэр мөчүүддээ л сэтгэл хангалуун байдаг бол яах уу? Ер нь бусад хүн юу гэж дүгнэх нь ямар хамаатай гэж. Чи заавал амжилттай, лаг амьдрахыг хичээж бусдад өөрийгөө “би бол ийм хүн” гэж харуулах шаардлагатай гэж үү, зүгээр л дуртай зүйлээ хийгээд чимээгүйхэн амьдарч яагаад болохгүй гэж.

Хэний ч бодол, үнэлэмжинд нийцэх гэж хичээлгүйгээр зүгээр л өөр өөрсдийн замаар аз жаргалтай амьдарцгаая Дуртайгаа хийж, хийсэн зүйлээсээ сэтгэлийн таашаал, жинхэнэ баяр баялыг авдаг байвал хичнээн гоё. Өөрийнхөөрөө жаргалтай байж, өөрийнхөө өмнө амжилттай, сэтгэл хангалуун амьдарч байхад бусдын юугэх хэнд хамаатай вэ?

Нийгмийнхээ, нийт массынхаа тогтоочихсон үнэлэмжинд тэнцэх гээд өөрийн гэсэн амьдралаа, үнэт зүйлээ, итгэл үнэмшлээ битгий гээгээрэй… Бид чинь өөр өөрсдийнхөө замаар л амьдарна. Бусдын нүдээр хорвоог харвал нүдтэй байх хэрэг юун…

Эргэлзээндээ ахин эргэлзэхгүйн тулд ийм нэг хариулт өөртөө өглөө. Би өөрөөрөө үнэн байхад, өөрийнхөөрөө жаргалтай амьдарч байхад хүмүүс юу гэж бодох нь хамаагүй шүү дээ…


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.