ХИЧЭЭЛ СУРГУУЛЬ ОРОХ ҮЕЭР АЖИЛ ХАЯНА ГЭЖ АЙЛГАЖ БАЙНА УУ

olloo_mn_1533539001_olloo_mn_150Хичээл сургууль орох цаг болж байгаа энэ үед багш нар ажил хаяна гэж айлгав. Учир нь цалингаа нэмүүлэхийг хүсч байгаа боловсролын салбарын ажилтнууд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тодруулбал, жилийн өмнөөс цалингаа нэмэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлж эхэлсэн байгаа юм. Энэ хүрээнд олон удаагийн суулт, ажил хаялт зарласан ч өнөөдрийг хүртэл тодорхой шийдвэрт хүрч чадаагүй учир дахиад ажил хаяна гэдгээ мэдэгдэж байгаа нь энэ бололтой.

Цалин нэмэгдүүлэх багш нарын түр хорооноос өнгөрсөн дөрөвдүгээр сард дахин Засгийн газарт шаардлага хүргүүлж, цалинг нэмэгдүүлээгүй тохиолдолд 2018-2019 оны хичээлийн жилийг эхлүүлэхгүй байх хүртэлх арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн удаатай. Тэгвэл өнөөдөр тус хорооноос дахин мэдээлэл хийлээ.

Энэ үеэр “Багшийн цалин нэмүүлэх түр хороо”-ны Ерөнхий зохицуулагч Ц.Мөнхтуяа “Монгол Улсад нийт 70 мянга орчим багш ажилладаг. Олон улсад багшийн дундаж цалин 3.500-5.000 ам.доллар байдаг бол манай улсад тухайн багшийн ажилласан жилээс шалтгаалж 350-450 мянган төгрөгт хэлбэлзэж байна.

Бид жилийн хугацаанд цалингийн хэмжээг 30, 50 хувиар нэмэгдүүлэх тодорхой шаардлагыг тавьж тохиролцоо хийж явсан. Гэхдээ үүнээс биелсэн зүйл алга. Харин сурагч нарын амралтаар хасдаг байсан багш нарын нэмэгдэл урамшууллыг олгодог өөрчлөлт гарсан.

Мөн төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг олгосон. Үүнийг бид тэмцлийн үр дүн гэж харж байгаа. Гэхдээ бид цалингаа нэмүүлэхийг шаардаж байгаа учраас дахин тэмцэнэ, ажил хаяна” гэв.

Одоогоор ажил хаях эсэх нь бүр тодорхойгүй байгаа ч энэ сарын 8-нд болох хорооныхоо Удирдах зөвлийн хурлаараа уг асуудлыг хэлэлцэж, тодорхой шийдвэрт хүргэнэ гэдгээ хэвлэлийн бага хурал хийгчид онцолж байв.

О.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.