Нөхөн сэргээлт нэрээр алт ухагчдыг Баянхонгор аймгийн засаг дарга өмгөөлж байна

712-15336189066P7A0680Баянхонгор аймгийн Засаг дарга, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг дарга нар тусгай зөвшөөрөлгүй, байгаль орчныг хамгаалах баримт бичиггүй компаниудтай нөхөн сэргээлт нэрийн дор “алт олборлолт хийлгэх, хариуд нь орон нутагтаа мөнгө авах” агуулга бүхий гэрээнүүдийг байгуулан алт олборлолт хийлгэж байгаагийн улмаас байгаль орчинд ихээхэн хэмжээний хохирлыг учруулаад байна. Тухайлбал дор дурдсан гэрээнүүдийг байгуулан Жаргалант сумын Мандлын Бөөрөг хэмээх газарт алт олборлолт хийлгэсэн, мөн өдгөө хийлгэж байгаа.

Үүнд:
1. “Агь хаарвист” ХХК-тай 2017.06.27-ны өдөр болон 2018.06.11-ний өдөр “Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх гэрээ”-г байгуулж “Жамп” ХХК-ийн 005145А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд 2017, 2018 онуудад алт олборлуулж байна.
2. Жаргалант сумын Засаг дарга болон Буянцэцэн ХХК-ийн хооронд 2015.07.06-ны өдөр болон 2016.06.10-ны өдөр байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу лиценз тусгай зөвшөөрөл олгогдоогүй эрүүл газарт, түүнчлэн чацаргана тарих зориулалттай иргэний эзэмшлийн газарт алт олборлолт хийлгэсэн байдаг.
Эдгээр компаниуд нөхөн сэргээлт нэрийн дор алт олборлолт хийчихээд талбайгаа нөхөн сэргээхгүй орхиод явдаг. Сум, аймгийн удирдлагууд нь нөхөн сэргээлтийг нь хийлгэх талаар шаардлага тавилгүйгээр уг талбайд нь дараагийн жилд нь дахин нөхөн сэргээлтийн гэх компани оруулж алт олборлолт хийлгэдэг байдал 2014 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд үргэлжилж байна. Мөн эдгээр компаниуд лицензийн талбай болон эвдрэлтэй талбайгаас халиад эвдэгдээгүй, ашиглах эрх олгогдоогүй, эрүүл газарт алт олборлолтын үйл ажиллагаа явуулж байна.
Энэ жил буюу 2018 онд аймаг болон сумын засаг дарга нартай гэрээ байгуулан “Жамп” ХХК-ийн 005145А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд нөхөн сэргээлт нэрийн дор алт олборлолт хийж буй “Агь хаарвист” ХХК нь алт угаасан бохир усаа Бөөргийн гол руу шууд оруулж, Бөөргийн гол нь Мандалын голоор дамжин Байдрагийн голд нийлж 5 сумын хүн, малын ундны усыг бохирдуулж байна. Ойрын үед бороошилттой байгаа тул энэ байдал ноцтой хэмжээнд хүрээд байна.
Байдрагийн гол нь Баянхонгор аймгийн Жаргалант сумаас эх авч тус аймгийн Заг, Бөмбөгөр, Бууцагаан, Баацагаан сумдын нутгаар дайран нийт 300-аад километр урсаж Баацагаан сумын Бөөнцагаан нуурт цутгадаг томоохон гол юм. Гэтэл голын эхэн хэсгээс нь усыг нь бохирдуулж 5 сумын иргэдийн эрх, ашгийг ноцтой хохироож байна.
Мөн Жаргалант сумын Мандалын Тэгш хэмээх газарт алт олборлож буй “Оргил моунт” ХХК нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өмнөх жилүүдийн нөхөн сэргээлтээ хийгээгүй байдаг.
Сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн сэргээлт нэрийн дор олборлолт хийж буй “Агь хаарвист” ХХК болон байгаль орчныг хамгаалах баримт бичиггүй олборлолт хийж буй “Оргил моунт” ХХК-ийн үйл ажиллагааг нь зогсоох акт тавьж, шаардлага өгсөн боловч сумын байгаль хамгаалаагч, байгаль орчны байцаагчид зогсоож дийлэхгүй байна.
Аймаг болон сумын удирдлагууд өөрсдөө нөхөн сэргээлт нэрийдлээр олборлолт хийлгэх гэрээ байгуулсан тул энэ талаар ямар ч арга хэмжээ авахгүй, сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн шаардлага биелэгдэхгүй өдийг хүрч байна.
Хамгийн чухал нь иргэдийн татвараар цалинждаг, төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Цагдаагийн газрууд нь нөхөн сэргээлт нэрийн дор алт олборлож буй “Агь хаарвист*’ ХХК, нөхөн сэргээлтээ хийдэггүй, байгаль орчныг хамгаалах баримт бичиггүйгээр талбайдаа олборлолт явуулж буй “Жамп” ХХК болон “Оргил моунт” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавихгүй ажлаа зохих ёсоор хийхгүй байгаад харамсаж байна.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газруудаас дараах зүйлсийг шаардаж байна.
Үүнд:
1. Дээрх хууль бус алт олборлолтын үйл ажиллагааг нэн даруй зогсоох,
2. Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Цагдаагийн газруудыг аймаг, сумдын удирдлагуудаасаа хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах нөхцөлөөр хангаж өгөх.
Мөн өмнө нь 2016 онд Жаргалант сумын засаг дарга чацаргана тарих зориулалттай иргэний эзэмшлийн, газарт нөхөн сэргээлт нэрийдлээр алт олборлолт хийлгэх эрх олгож газарт нь олборлолт явуулж байсан бөгөөд энэ асуудал одоо захиргааны хэргийн шүүх дээр хянагдаж байгаа.
2017 онд сумын байгаль хамгаалагч хууль бус олборлолтын үйл ажиллагааг шүүмжлэн байгаль орчинд хохирол учруулж буй зураг, бичлэгийг Фейсбүүкд тавьсныхаа төлөө 2 сая төгрөгөөр торгуулсан /торгуулын актыг хавсаргав/. Аймгийн цагдаагийн газар нь Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх бус харин ч байгаль орчны төлөө тэмцсэн хүнийг байцаадаг, хэрэг тулгадаг, дарамдалдаг байдал илхэн байна.

 

http://www.sonin.mn/news/politics-economy/93702


URL:

Сэтгэгдэл бичих