“Том” намын Бага хурал томоотой болж өнгөрлөө

228947-07082018-1533633231-1739110121-MANТөрийн албыг мөнгө босгох өргөн сүлжээ бүхий улс төрийн наймаа болгох төлөвлөгөөний эсрэг эрс хатуу шийдвэр гаргах болов уу гэсэн нийгмийн хүлээлтийг МАН-ын Бага хурал хангаж чадсангүй. Удтал ярьж, улс төрийн хүрээнд маргааны сэдэв болж байсан МАН-ын ээлжит Бага хурал өчигдөр сүр дуулиантай эхэлсэн ч, цомхон хэдий ч цараатай асуудлыг багахан хугацаанд томоотойхон гэгчээр хэлэлцээд тарчихав.

УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтийн гурван суманд болох нөхөн сонгуульд тус нам оролцох, эсэхээс өөр асуудлыг уг хурлаар хэлэлцсэнгүй. Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвших нь зөв юм гэсэн шийдвэрийг Бага хурлаас гаргасан талаараа тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэвлэлийнхэнд мэдэгдлээ. Угаас эрх баригч, үнэмлэхүй олонх улс төрийн хүчин нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх боломжгүй тул энэ нь шинэ мэдээ биш.

Тэр тусмаа ээлжит сонгуулиар МАН-д ирсэн суудлыг сул хаях нь эрх баригч намын нэр хүнд, хариуцлагатай шууд холбогдох асуудал шүү дээ. Тус намын хяналтын хороо Бага хурал угтаж хуралдан, хэд хэдэн асуудал хэлэлцэхдээ намын эв нэгдэл, намаас томилогдсон төрийн албан хаагчдын сахилга хариуцлага, МАН-ын нэр хүндийг унагасан гишүүдэд арга хэмжээ авах талаар хатуу шаардаж ажиллана хэмээн мэдэгдэж байлаа.

ХЯНАЛТЫН ХОРООНЫ СҮРЖИН МЭДЭГДЭЛ НАМ ДОТОРХ ЗӨРЧЛИЙН ИЛРЭЛ БАЙЖЭЭ

Тухайлбал, 60 тэрбумын асуудлаар “Төгс үйлдээгүй ч хууль бус асуудлыг судалж, сонирхож, түүндээ намын нэр хүндийг хутгасан. Өөрсдөө ийм зүйл хийснээ Ц.Сандуй, А.Ганбаатар нар хүлээн зөвшөөрсөн учир намын Бага хурлын гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг тавихаар болсон” гэсэн хатуухан эрс мэдэгдлийг тус намын хяналтын хорооны дарга Д.Батбаатар ердөө дөрөв хоногийн өмнө нийтэд хийсэн билээ.

Хяналтын хорооны сүржин мэдэгдэл нам доторх зөрчлийн илрэл байжээ

Гэвч “Ёс зүйгүй, хууль бус зүйлийн талаар санаачилж, ярилцсан ч тэд үүнийгээ төгс үйлдээгүй” гэсэн шинэ нэр томъёогоор асуудлыг хаахаар шийдсэн бололтой, намын Бага хурлаар энэ талаар хөндсөнгүй. Мөн намын мандатаар нэр дэвшиж, төрийн түшээгээр сонгогдсон ч ёс зүй, сахилга алдсан гишүүн асан Д.Гантулгад намаас ямар хариуцлага тооцох тухай ган хийсэнгүй. Угтаа өчигдөр Бага хурал хийж, нөхөн сонгуульд оролцох эсэх талаар ярихад хүргэсэн хүн нь Д.Гантулга биш гэж үү. Д.Амарбаясгалан Бага хурлын дараа сэтгүүлчдэд хийсэн хэвлэлийн Бага хурлын үеэр “Хяналтын ерөнхий хороо өнгөрсөн баасан гаригт хуралдсан байсан.

Одоогийн байдлаар хурлын талаарх албан ёсны баримт бичгээ ирүүлээгүй байна. Бидний зүгээс тэрхүү шийдвэрийг гар дээрээ авсны дараа удирдах зөвлөл, Бага хурлаа хуралдуулна. Ер нь өнөөдөр Монголын нийгэмд улс төрийн нам, улс төрчдөд итгэх итгэл буурсан цаг үед нам хэрхэн ажиллаж, ард иргэдийн итгэлийг сэргээх вэ гэдэг дээр гол анхаарлаа хандуулж ажиллаж байгаа.

Энэ хүрээнд намаас сонгогдсон, томилогдсон нөхдүүдийн ёс зүй, намын мөрийн хөтөлбөрөө хэр зэрэг хэрэгжүүлж байна вэ гэдэг дүгнэлтийг шат шатандаа гаргаад явах ёстой. Хэдийгээр бид чөлөөт нийгэмд ажиллаж амьдарч байгаа ч улс төрийн намын гишүүн бол дүрэмд захирагдах ёстой” гэлээ. Тэгэхээр хяналтын хорооны сүржин мэдэгдэл нам доторх зөрчлийн илэрхийлэл болохоос эрх баригч нам гишүүдээсээ сахилга, хариуцлага, ёс зүй шаардаж, шахсан хэрэг биш байсан бололтой. Юутай ч “том” намын Бага хурал хэн нэгэнд хал балгүйгээр томоотой болж өнгөрлөө.

Засгийн газрын мэдээ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.