Онцгойгийнхонд “онцгой” анхааръя

15346899755b7982b776104Гал гарлаа, үер боллоо, осол боллоо, гамшиг тохиолдлоо, ой хээрийн түймэр дэгдлээ. Энэ бүх байгалийн гамшиг хийгээд золгүй осол аваарын тухай “түй муу ёр” хэмээн ярихаас ч цээрлэдэг байхад энэ бүхний өөдөөс улаан нүцгэн гараараа ханцуй шамлан ордог онцгойгийн албан хаагчдын хүн хүч, техник хангамж үнэхээр асуудал дагуулж байна.

Одоогоос зургаан жилийн өмнө Сэлэнгэд ээж хүү хоёр өвлийн тэсгэм хүйтэн өдөр гол гаталж яваад цөмөрч урсахад дуудлага авч, аврахаар ирсэн онцгойгийн албан хаагчид гэрээсээ хоол хүнсээ цүнхэлчихсэн, багаж техник гэх зүйлгүй өнөө муу хийлдэг гудастайгаа ирж аврах, эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байдаг. Хүн хүч, техник хэрэгсэл муутайн улмаас ээж хүү хоёрыг аврах нь битгий хэл, цогцсыг нь ч ололгүй эрлийн ажиллагааг зогсоосон нь нэлээн асуудал дагуулж, онцгойгийн албан хаагчдын асуудалд анхаарлаа хандуулъя хэмээн дээр дооргүй шуугиж байсан ч өнөө хэр онцгойгийн албан хаагчдын хүн хүч дутмаг, техник хангамж муу байдал хэвээр байна.

Өнгөрсөн жил монголын томоохон үйлдвэрийн нэг “Говь”-ийн дээвэр шатсан байдаг. Дуудлагын дагуу очсон онцгой байдлынхан галын тархалтыг зогсоож чадалгүй бүх дүүргийн гал унтраах ангиуд, бүр Богд ууланд гал унтрааж байсан албан хаагчдыг дуудсан. Түүгээр ч үл барам ус тээвэрлэдэг машин дутмагаас Ус сувгийн удирдах газар, Хот тохижилтийн газар, Улаанбаатар төмөр зам зэрэг байгууллагаас тусламж авав. Зөвхөн нэг барилгын дээврийн галыг унтраахын тулд тусалж болох бүхий л байгууллагуудын тус, дэмжлэгээр галыг унтраасан гэхэд болно. Золоор энэ удаа барилгын зөвхөн дээвэр нь шатсан. Магадгүй үүнээс ч том хэмжээний гал түймэр гарахыг үгүйсгэхгүй. Тэр бүхэнд ийм байдалтай байвал хэд хоногтоо ч галаа унтрааж чадахааргүй хүчин мохос байна.

Хамгийн сүүлийн жишээг дурдахад, энэ сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн айраг суманд хүчтэй аадар бороо орж, 10-аад айл үерт автаж, хоёр айл үерт урсчээ. Гэтэл, аврах ажиллагаа үзүүлэхээр ирсэн онцгойгийн албан хаагчид маань төмөр замын дэр мод хэдийг холбож сал болгоод айлын хашааны банзаар сэлүүр хийж аврах ажиллагаа явуулж байна.

Энэ бол маш эмгэнэлтэй дүр төрх.  Ямар ч асуудал гарахад хамгийн түрүүнд очиж тусламж, туслалцаа үзүүлдэг онцгойгийнхон маань ийм л байдалтай аврах ажиллагаа үзүүлж байна. Тус албаныхан жилд 800 гаруй хүний амь нас, 10 гаруй тэрбум төгрөгийн өмч хөрөнгө, олон сая га газар, ой мод авран хамгаалсан хэрнээ сүүлийн 10 жилд  33 албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан харамсалтай тоо баримт байна. Энэ нь нөгөө л хүн хүч дутмаг, техник хангамжтай муутайгаас болсон. Тэд хамгийн хүнд хэцүү нөхцөлд ажилладаг. Тэгсэн хэрнээ цалин маш муу. Цалингаа байя гэхэд ажиллаж байгаа нөхцөл нь үнэхээр өрөвдөлтэй байна. Ийм нөхцөлд ажиллаж байгаа тэдний өглөө гэрээсээ гараад буцаад амьд ирэх үү, үгүй юу гэдэг нь ч эргэлзээтэй байна. Иргэдийн амь нас аюулгүй байдлын төлөө нойр хоолгүй, амь биеэ зориулан зүтгэж байгаа онцгойгийн албан хаагчиддаа “онцгой” анхаарахгүй бол болохгүй нь.

Энэ жилийн наадмаар Улсын аварга цол хүртсэн Увс аймгийн харьяат Б.Батсуурь Сүхбаатар аймгийн онцгой байдлын албанд харъяалагддаг ч ажилдаа нэг ч очилгүй, сул цалин авдаг гэх асуудал нэлээн шүүмжлэл дагуулж, олны дургүйцлийг хүргэсэн. Магадгүй тухайн газарт харъяалагдаж, нэрийг нь өндөрт гаргаж, уран гоё мэхээрээ түмэн олноо баярлуулан барилдаж байгаа ч ажлаа хийхгүй сул цалин авдаг асуудлыг цэгцэлмээр байна. ОБЕГ-ын дарга Т.Бадралаа, Ерөнхий сайдаа.

Нэг ч гал, осол аваар, үерийн дуудлагад явж үзээгүй хэрнээ сул цалин авч байгаа энэ асуудлыг цэгцэлж, сул урсаж байгаа тэр мөнгөөр ядаж “Аюулын голомт”-д ажиллаж байгаа “онцгой гавъяат”-нуудаа урамшуулмаар байна. Ядаж ажил хийхгүйгээр цалин авч байгаа тэр бөхчүүдийн сул орон тоон дээр хүний амь аврах нэг ч гэсэн аавын алаг үрийг ажилтай болгож, хүн хүчээ нэмье. Техник хангамжаа сайжруулъя. Цалин муу. Тэгээд бүр техник хангамж нь ийм муу байвал онцгойгийн албыг сонгох залуучуудын тоо жилээс жилд буурвал яах вэ. Тиймээс онцгойгийн онцгой албан хаагчдынхаа асуудалд онцгой анхаармаар байна. Ерөнхий сайдаа.

Б.Анир

http://www.zaluu.com/read/27d2cf9c4


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих