М.ЭНХБОЛД УУЧЛАЛТ ГУЙХ УУ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ ӨЛСГӨЛӨН ЗАРЛАХ УУ?

olloo_mn_1534729758_39521973_1282024781939908_8102800397720092672_nЗа даа, өнөөдөр их “хачин” юм болох  байх шүү, та минь… УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хавраас эхлээд 60 тэрбумын асуудлаар Нээлттэй сонсгол хийнэ гээд яваад байгаа. Чуулган завсарласан учир Улсын баяр наадмын өмнөх өдөр УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлуулахаар гишүүдийн гарын үсгийг цуглуулж УИХ-ын даргад өргөн барьсан. Гэсэн ч яагаад ч юм, өнөөдрийг хүртэл ээлжит бус чуулган хуралдаагүй л байна.

Мөн тэрээр УИХ-ын дарга М.Энхболдыг 2018 оны наймдугаар сарын 20-ны дотор 60 тэрбумын ярианд оролцсоныхоо төлөө намынхаа гишүүд дэмжигчид, ард түмнээсээ уучлалт гуйх, 60 тэрбумын гэх хэргийг сэргээлгэх, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах гэсэн гурван шаардлагыг өгсөн. Энэ хугацаа нь өнөөдөр дуусч байна. Энэ хооронд УИХ-ын дарга М.Энхболд уучлалт гуйсангүй. М.Энхболд 60 тэрбумын хэргийг сэргээж өгнө үү гэж хууль хяналтынханд хандлаа  гэсэн мэдээ гарч харагдсангүй. М.Энхболд УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлалаа гэж бас мэдээлсэнгүй.

Гэхдээ өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн шаардлагын хугацаааны сүүлчийн өдөр нь болж байна. УИХ-ын дарга М.Энхболд 60 тэрбумын ярианд оролцсон маань буруу гэж уучлалт гуйгаад, 60 тэрбумын хэргийг сэргээлгэхээр хуулийн байгууллагад хандаж, ээлжит бус чуулганыг зарлах болов уу. Ээ, мэдэхгүй дээ.

Монголын ард түмэн УИХ-ын дарга М.Энхболдыг мэднэ. М.Энхболд бол хаа байсан 1997 оноос “Их улс төр”-ийн босгоор алхаж Нийслэлийн МАХН-ын дарга болж байв. Түүнээс хойш Монгол Улсын Ерөнхий сайд, МАХН-ын дарга, МАН-ын дарга хүртэл явахдаа УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа, Монгол Улсын Шадар сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан. Энэ түүх нь л 21 жилийн “нас”-тай гээд бод.

Энэ хүнд улстөрчийнх нь хувьд нэг онцлог байдаг юм. М.Энхболд бол өөрийнх тухай ямар ч мэдээлэл гарч байсан, таг чиг байж чаддаг хүн. Дэргэд нь бөмбөг дэлбэрсэн ч тоохооргүй хүн гэж ярьдаг даа. Тийм л хүн.

М.Энхболд “Их улс төр”-д амьдарсан 21 жилийн хугацаандаа юу эсийг дуулахав. Түүнийг салахгүй дагадаг, нэрийнх нь ард байнга хар толбо явж байдаг “газрын наймаачин” гэдэг “үг” бий. Сөрөг хүчин, журмын нөхөд, сонгогчид, өөрт нь дургүй хүмүүс гээд тун чиг олон зүгээс энэ үгийг хэлдэг. Гэвч М.Энхболд үүнд ганц ч удаа өөрийн биеэр хариу өгч байгаагүй юм. Харин М.Энхболд нийслэлийн газрыг наймаалж, худалдаалж байгаагүй гэдэг хууль хяналтын байгууллагын бичгийг хариу болгон харуулдаг. Үнэндээ бол М.Энхболдын эмзэг цэг нь энэ асуудал болдог гэдэг.

Гэтэл 60 тэрбумын гэх энэ асуудал ажил хэрэг болоогүй гэдэг нь аль хэдийнэ хууль хяналтын байгууллагаар шийдэгдчихсэн. Ард түмний дунд улиг болтол яригдсан сэдэв юм.

Тиймээс УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн шаардлагыг биелүүлнэ гэвэл ёстой гонжийнжоо. Тэрээр таг чиг суугаад л өнгөрөөнө. Ингэлээ гээд яах юм бэ.

Харин УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хувьд 2018 оны наймдугаар сарын 8-ны өдөр “УИХ-ын дарга хэрвээ энэ шаардлагыг биелүүлэхгүй бол шат дараалсан тэмцлийн хэлбэрт шилжинэ. Орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулж, жагсаал хийнэ. Өлсгөлөн зарлана. Энэ асуудлыг мухарлатал тэмцэх болно” гэж мэдэгдсэн байгаа юм. Үүнээс гадна УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ж.Батзандан, Л.Энхболд, Х.Нямбаатар, Лу.Болд, Б.Энх-Амгалан нар лав Л.Оюун-Эрдэнийг дэмжиж гудамжинд гарсан ч хамт тэмцэхээ мэдэгдсэн тухай хэвлэлээр мэдээлсэн байна лээ. Мөн тэд 60 тэрбумын асуудлаар Бүх ард түмний санал асуулга явуулна гэсэн мэдээлэл бас бий.

Эндээс хамгийн ноцтой нь УИХ-ын Л.Оюун-Эрдэнийн өлсгөлөн зарлаж тэмцэнэ гэсэн үг юм. Тэр ингэж чадах болов уу гэж хамгийн түрүүнд бодогдож байгаагаа хэлье. Яах л бол доо.

Нөхцөл байдлыг хар л даа. УИХ-ын дарга М.Энхболд ямар нэг мэдэгдэл, хөдөлгөөн хийлгүй өнөөдрийг өнгөрөөвөл Л.Оюун-Эрдэнэ хүссэн хүсээгүй тэмцлийн дараагийн шатанд шилжиж таарах байх. Учир нь улс төрд ам алдаад биелүүлэхгүй бол ахиад гарч ирнэ гэж ёстой гонжийнжоо… Харин тэр М.Энхболд, 60 тэрбумын эсрэг өлсгөлөн зарлаж чадах уу…

Юутай ч өнөөдрийн үйл явдлыг чих тавин сонсож байя. УИХ-ын дарга М.Энхболд уучлалт гуйх уу, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өлсгөлөн зарлах уу гэдэг өнөөдөр тодорхой болно.

Х.Хулан
olloo.mn


URL:

Сэтгэгдэл бичих