“Анод” банкны удирдлагууд 55,3 тэрбум төгрөгийн валютыг гадагш шилжүүлсэн нь шалгалтаар тогтоогджээ

Э.Гүр-Аранз “San Marino” банкинд 10 сая ам доллар, Л.Уламбаяр “Banka Partner”-д 3.5 сая евро хадгалуулжээ-

Хадгаламж, хувьцаа эзэмшигчдийн их хэмжээний мөнгийг салхинд хийсгэчихсэн “Анод” банкны хэрэг нэг тийш шийдэгдэлгүйгээр 2011 онтой золгож байна. Энэ хэргийг мөрдөн байцаагчид “Анод”-ын нэрээр цугласан олон арван тэрбум төгрөг хаашаа урсаж орсныг шалгахаар бүтэн жил хөөцөлдөж байгаа ч нэг мөр хариу олж чадахгүй байгаа гэнэ. Тус банкны зээлдэгчдийн нэрийг гаргаж, зээлсэн мөнгөний хэмжээг тогтоохын тулд тэд багагүй хугацааг зарцуулжээ. Мөрдөн байцаалтын явцад нийтдээ 122.1 тэрбум төгрөгийг зээл нэрээр банкнаас гаргачихсан нь тогтоогдоод байгаа юм. Үүний 48.7 тэрбум төгрөгийг банкны эзэд, хувь нийлүүлэгч нар ах дүүтэйгээ нийлж хувааж авсан, эргэн төлөгдөх найдвар тун муутай гэж шинжээч нар үзэж байна. Тэгвэл энэ 48.7 тэрбум төгрөгөн дээр 55.3 тэрбум төгрөгийн гадаад валютын асуудал нэмэгдэж, “Анод”-ын захирлууд нийдээ 100 гаруй тэрбум төгрөгөөр гараа угаачихсан байж магадгүй хэмээн мөрдөн байцаагчид болгоомжилж байгаа бололтой. Учир нь гадагшаа гаргасан их хэмжээний мөнгийг нааш цааш нь дамжуулж, шилжүүлсээр, хаашаа орсныг нь тогтоох боломжгүй болчихоод байгаа аж. Монголбанк анх шалгалт хийж “Анод”  банкны удирдлдагууд 55.3 тэрбум төгрөгийг гадагшаа гаргасныг тогтоосон аж. Гэвч энэ мөнгийг ямар эх үүсвэрээр бий болгосон хэн хэзээ, хааш нь шилжүүлснийг мөрдөн байцаагчид тогтоохын тулд Монголбанкны шинжээчдэд хандсан байна.

Э.Гүр-Аранз захирлын 10 сая ам доллар хаашаа оров

Энэ асуултын хариуг олох гэж Монголбанкны шинжээчид багагүй цаг хугацаа заржээ. “Анод” банкны гүйцэтгэх захирал Э.Гүр-Аранз 2007 оны арванхоёрдугаар сарын 19-ны өдөр 1285 тоот тушаал гаргаж, 10 сая ам долларын хадгаламжийг нэг жилийн хугацаатайгаар “San Marinonese Di Inverstmento” банкинд байршуулжээ. Гэвч мөнгө шилжүүлээд ёсхөн хоносны дараа тэрбээр хадгаламжаа барьцаалан “San Marino” банкнаас  8,5 сая ам долларын зээл авч, Германы  “Dresdner”  банкны дансруу шилжүүлжээ. “San Marino” банкны хадгаламжийн үлдэгдэл 1.5 сая ам доллар байх ёстой ч Э.Гүр-Аранз захирал найман долларын үлдэгдэлтэй хэмээн тайлан блансандаа бүртгээд л өнгөрчихөж. Э.Гүр-Аранз захирлын гараар орсон 10 сая ам доллар хаашаа алга болсон нь тун бүрхэг. 2008 оны долдугаар сард үлдэгдэл 1.5 сая ам доллароо “Wachovia” банкруу шилжүүлсэн гэдэг л мэдээлэл байна. Германы  “Dresdner”  банк руу шилжүүлсэн 8.5 сая ам доллар ч хаана байгаа нь тодорхойгүй. 10 сая ам доллар гэдэг тухайн үеийн ханшаар 15 орчим тэрбум төгрөг. Энэ мөнгө Э.Гүр-Аранз захирлын нэр дээр аль нэг банкинд хадгалагдаж байж магадгүй хэмээн зарим хүн ярьж байна.

Банкнаас банкруу дамжсан 3.5 сая евро

Тус банкны гүйцэтгэх захирал Л.Уламбаяр 2008 оны зургадугаар сарын 12-ны өдөр “Banka Partner” банкинд хоёр жилийн хугацаатай, гурван сарын жигнэсэн дундаж EUROBOR хүүтэй 3.5 сая евро байршуулах гэрээ байгуулжээ. Гэвч мөнгө шилжүүлээд удаагүй байхдаа бас л 3.5 сая еврогоо барьцаалан 3.15 сая еврогийн зээлийг хоёр жилийн хугацаатай, таван хувийн хүүтэй зээлж авсан байх юм. Тэрээр зээлсэн мөнгөө Шинхайн банкруу шилжүүлжээ.Гэвч удалгүй Шинхайн банкнаас “HSBC” банкруу шилжүүлж, дараа нь “Banka Partner”-ын дансруу хийж, эцэст нь Германы “Dresdner” банк руу энэ мөнгө шилжээд л алга болж. Тэрээр гадаадын банкруу мөнгө шилжүүлэх тоолондоо Монгол дахь “Анод” банкны тэнцлийг хий өсгөж тайлан блансандаа тусгаж байсан бололтой. “Анод” банкны удирдлагууд хувьцаа гаргахын тулд “Түшиг” ХХК-ыг стратегийн түнш хэмээн Санхүүгийн зохицуулах хороонд танилцуулж, тус компани таван тэрбум төгрөгийн үнэ бүхий 4.898.770 ширхэг хувьцааг худалдаж авсан тухай мэдээлж байсан. Тэгвэл энэ таван тэрбум төгрөгийг “Түшиг” ХХК-ны дансруу Л.Уламбаяр захирал Германы  “Dresdner” банкнаас шилжүүлсэн байх юм. Гэхдээ “Анод” банкнаас гаргасан 3.5 сая евро “Анод”-ын хувьцааг худалдаж авахад зарцуулагдсан уу, аль эвсэл өөр банкруу шилжиж алга болсон уу гэдэг нь бас л тодорхойгүй байна.

“Анод” банкны захирлууд  нийтдээ 28 гадаадын банктай хамтран ажиллаж, мөнгө төгрөг шилжүүлж байсан байх юм.

Банкнуудын нэр Валютын нэгж Гадаад банкин дахь үлдэгдэл
HSBC Hong Kong Ам доллар 3445
HSBC New York Ам доллар 21890
Commerz Bank Ам доллар 553
Korea exchange Ам доллар 27482
Bнешторг банк Ам доллар 683
Shinhan bank Ам доллар 24092
Wachovia bank Ам доллар 35773
China Construction bank юань 6235
Bank of Cnina юань 9917
Bнешторг банк рубль 75354
Sumitomo Mitsui bank иен 325100856
Credit Suisse Швейцарь франк 5757
Моney Gramm Ам доллар 10.000
“Dresdner” евро 7243
Нipo bayerische евро 8177
San marino Ам доллар 8555809
Banka Partner евро 3172989
ODL Securitics Ам доллар 100365

Дээрхи банкуудад нийтдээ 47.8 тэрбум төгрөгийн үнэтэй валют хадгалагдаж байна. Гэвч шалгалтын явцад хадгалуулсан, шилжүүлсэн мөнгө асар их зөрүүтэй гарч байгаа аж. Зөрүүтэй дансны үлдэгдлийг валютын нэгжээр авч үзвэл 3.2  сая иен, 3.1 сая евро, 8.5 сая ам доллар гарч байна. Энэ их хэмжээний мөнгө хаашаа алга болсныг Монголбанкныхан ч шалгаад олж тогтоож чадсангүй.  Ямартай ч тус банкны удирдлагуудтай холбоотой 55.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий валютын хэрэг мандаж эхэллээ. Банкаа дампууруулсан банкны эзэд энэ их хэмжээний мөнгийг гадаадын аль нэг банкинд л хадгалуулчихсан байх гэж шалгалтынхан үзэж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих