Хотынхон бид зүхээд байдаг хөдөөнийхөн рүүгээ очиж жилийнхээ стрессийг тайлах юм даа

3site_4zwNAQSНийслэлийнхэн бид зүхээд, элдвээр гоочлоод байдаг хөдөө, хөдөөнийхөндөө л очиж бүтэн жил хуримтлагдсан стресс, ядаргаагаа тайлж дараа жилийн зун хүртэлх эрч хүчээ олж авах юм. Бусад цагт хотынхны хөдөөнийхний тухай ярьж буй хандлагаар бол “Нийслэлийнхэн хэзээ ч хөдөө очиж доошоо орохгүй” юм шиг л ойлгогддог. Гэтэл бодит байдал дээр эсрэгээрээ.

Наймдугаар сарын дунд үеэс хөдөө гадаа гарсан хүмүүс хотдоо эргэн ирж, хажуугаар нь орон нутгийн иргэд ч хүүхэд шуухдаа сургууль соёлд оруулах гэж бөөнөөрөө Улаанбаатар руу зүглэдэг. Өчигдрийн 12:00 цагийн байдлаар Монгол Улсын хүн ам 3.220.149 болж байгааг Хүн амын цагийн танилцуулгад мэдээлсэн байлаа. Улаанбаатар хотод 1.4 сая хүн суурин суудаг гэхээр үүн дээр орон нутгийн орж, гарсан иргэдийг нэмбэл 8-9 дүгээр сард нийслэлд Монгол Улсын хүн амын 70-аад хувь нь төвлөрдөг гэсэн үг. Тийм ч болохоор есдүгээр сарын сүүл хүртэл хотын хөл хөдөлгөөн эх захаа алдаж түгжрэл, ачаалал дээд цэгтээ тулдаг. Уулзвар, гарц болгонд шахуу шүгэлтэй цагдаа зогсч, банк, санхүүгийн байгууллага, их, дээд сургууль гээд албан байгууллагуудын дараалал ихэсч худалдаа, үйлчилгээний төвүүд үйлчлүүлэгчээр хахна.

Тэгж байтал сэрүү унаад ирэхээр гэр хорооллын яндангуудаас утаа баагиж эхэлнэ. Ингээд хотын гулгаатай, утаатай хүнд хэцүү урт сарууд үргэлжилнэ дээ. Утаа, гулгааны хажуугаар байр, машины лизинг, улс төрийн асуудал, жагсаал цуглаан, зээл бонд, хээл хахууль, авлига, элдэв дуулиант гэмт хэрэг, уул уурхай, эрдэс баялаг гээд нийслэлийнхний толгойг өвтгөх, сэтгэл зүйг хямраах асуудал бишгүй их. Нийгэм даяараа хямарч, хүн болгоны амнаас “Амьдрал хэцүү байна, бүх юм УИХ-ын 76-гаас болж байгаа юм, муу авлигачид эх орны баялгийг тонож гүйцлээ” гэх зүхэл унаж ер нь бүтэж байгаа юм үгүй болж, ирээдүй хар бараанаар төсөөлөгдөөд ирнэ. Ийм хүнд сэтгэл зүйтэй байхад шинэ жилийн дараачаасаа Валентин, Цагаан сар, Мартын найман, Цэргийн баяр гээд болсон болоогүй дараалсан олон баяр, архидалтыг давах гэж хамаг юмаа шавхаж, авдрын ёроолоо малтаж модоо барихын наагуур амьтас хавартай, дөрөвдүгээр сартай золгодог билээ.

Энэ их асуудал болгондоо хөдөөнийхнийг зүхэж, орк моркоор нь дуудна. Жаахан л бүтэл муутай яваа нэгнээ “Хөдөөний орк”, “Хөдөөний соёлгүй мал” гэдэг. Есдүгээр сард түгжрэл нэмэгдэхээр “Муу хөдөөний малууд машин барьж чадахгүй түгжрүүлээд байх юм” гэнэ. Утаа ихсэхээр “Хөдөөний оркууд хотод орж ирээд байр худалдаж авч чадахгүй байж уул, үерийн аман дээр гэрээ бариад нүүрс түлээд байна” гэх. Томоохон баяруудын үеэр хоол хүнсний үнэ нэмэгдэхээр “Малчид мах, ууцаа үнэтэй зараад цагаан идээндээ гурил, ус холиод байна” гэж ам уралдан муулцгаана. Хөдөөнийхний шилжих хөдөлгөөнийг хязгаарлаж сум, аймгийн төвд нь шингээх хэрэгтэй гэж дээр дооргүй нэг л ёозгүй ярина. Муу хүнийг ямар нэг юмтай зүйрлэхээрээ хөдөөний халтар, соёлгүй амьтан гэж хэлэх нь заримдаа жудаггүй л сонсогддог. Хотынхны стресс, бухимдал дуусна гэж байх биш. Сайхан хувцастай гоё хүмүүс алхах ч хөмсөг нь зангирч харц нь хилэнтэй.

Тавдугаар сар гараад цаг жаахан уяраад, тэнгэр хангай ээлээ хайрлаад ирэхээр хотынхны сэтгэл ч бас уясаад ядарч сульдсанаа сая мэдэж майхан сав, газан плитка, шорлогны төмөр, аяны хөнжлөө зэхэж эхэлнэ. Машин тэргээ янзалж сэтгэл нь хотдоо тогтохоо болино. Энэ үеэс хотынхны хувьд хөдөөнийхөн шиг зочломтгой, сайхан зантай, сайхан сэтгэлтэй хүн үгүй болж эх орноо, сайхан байгалиа магтан дуулна. Гар утасныхаа дугаарын жагсаалтыг гүйлгэж хөдөөний хамаатныхаа Жи-мобайлын утсыг олж аваад хэдийгээр очихоо, хэдүүлээ явахаа хэлж дуулгаж “Ах аа, эгч ээ” болно. Бүтэн жил хуримтлагдсан бөөн стрессээ “үүрээд” машиндаа чихэлдэж аваад хөдөө гардаг. Бүгд шахуу хөдөө гарчихаар наадмын дараа хот эзгүйрч нийслэл маань ажин түжин болдог. Гэрлэн дохион дээр хоёр, гуравхан л машин ирж зогсоод нэг бодлын амар.

“Ээ тэгж говьд очиж хонин гүрвэл болоод яах вэ хө. Яаж говьд амьдардаг байна аа”, “Хөвсгөл гэж хогийн цэг болсон газар. Болвол Байгаль нуур юм уу, Хайнанд очиж л далайн эрэг бараадвал зүгээр. Парисын цамхаг, Нью-Йоркоор орж Чэжүд амраад ирвэл гоё оо” гэж ярьдаг мөртлөө хотынхон маань Хөвсгөлийн хөвөөгөөр хөглөрч, говь, элс, тал гэлтгүй л эх орондоо шагай шиг асгардаг. Хаа сайгүй л, хөдөөгүүр дүүрэн л амрагч, зугаалагчид, хотынхон. Байгалийн үзэсгэлэнт газар, төрсөн нутаг ус, рашаан сувилал, амралтаар зунжингаа явж л хамаг стрессээсээ салсан хотынхон яг өдийд буюу наймдугаар сарын дунд үеэс хот руу буцаж ирдэг. Ингэж л улаанбаатарчууд жилийн турш зүхээд байсан хөдөөдөө сар гарны хугацаатай амарч бүтэн жилийнхээ алжаал ядаргаа, бухимдлаа “тайлж” хаячихаад хотдоо хөл тавина.

Бөөн бөөнөөр нь хамаатан саднаа хүлээж авч бараг суурь хониор хорхог, шорлогт өгсөн хөдөөнийхөн “Дараа жил ирж сайхан амраад аваарай” л гэнэ. Зургадугаар сараас наймдугаар сар хүртэл хамаатан садан, хотоос ирсэн ах дүүсийнхээ хөлд дарагдсан хөдөөнийхөн сэтгэл нь бас хөдөлж тэднийгээ дагаж ус голд сэлж, жимсэнд явж, шорлогноос нь амтархаж, хот газрын идээ будаанаас нь амсч ажлаа баахан алдана. Наадмын дараа намар гэдэг бол хамаатнууд явсаны дараа л намрын ажилдаа сая ханцуй шамлан ордог болжээ.

22-ын товчоогоор орж ирээд л “Хөдөөний оркууд” гээд үглээд эхэлдэг нь хотынхны нэг өвчин л дөө. Түүнээс биш яг ч хөдөөний иргэд, хамаатан садан, ахан дүүс, малчдаа тэгж хэлье гэж боддоггүй юм шиг байгаа юм. Амны уншлага гэх үү дээ. Хот руу чиглэсэн хөдөлгөөн энэ долоо хоногоос идэвхжиж байна. Одоо нийслэлийнхэн маань ажил төрөлдөө орж, хүүхдүүдийнхээ цэцэрлэг, сургууль, дүрэмт хувцасны асуудлыг шийдэж өнөөх их стрессийн далай руугаа “шумбана”. Хөдөөнийхнөө ч муулах л байх. Гэм биш зан нь юм. Гэлээ гээд яах вэ дээ. Ирэх зун дахиад л хөдөө рүү явцгаана. Хөдөөний ахан дүүс та нар маань хадлан тэжээл, өвлийн бэлтгэлдээ одоо ингээд ор доо. Хотын бид яахав та нартаа очиж сайхан амарлаа. Ажил төрлийг чинь хангалттай л алдууллаа. Стресстэж, үзэгдсэн бүхнээ муулаад сурчихсан хотынхондоо та нарыг оркоор нь дууддагт юм битгий санаарай. Хот зан гээд ойлгочих. Бид дараа жил та нар руугаа дахиж очно оо, хөдөөнийхөн минь.

Өдрийн сонин


URL:

Сэтгэгдэл бичих