У.Хүрэлсүх хожиж, Н.Энхбаярт “аз дутав”

15349481165b7d731476a5fҮндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өчигдөр болж, Хэнтий аймагт болох УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотой нэр бүхий иргэдийн гомдлыг хэлэлцэв. Тодруулбал, Иргэн С.Мөнхцэцэг, Н.Оюун, Н.Гүлим нар УИХ зургадугаар сарын 28-ны өдөр 62 дугаар тогтоол гаргаж, УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон, санал авах өдрийг тогтоохдоо иргэний тэгш байдлын зарчмыг алдагдуулсан хэмээн гомдол гаргасан юм.

Уг гомдлыг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэж, төрийн албанд ажиллаж буй иргэдийн сонгогдох эрхийг хязгаарлах, тэгш бус байдлыг үүсгэхээр байна гэсэн шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал, Улсын Их Хурал нөхөн сонгууль товлон зарлахдаа, Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд төрийн байгууллагын бусад шийдвэр бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг зөрчиж, улмаар Үндсэн хуульд заасан шударга ёс, тэгш байдлын зарчим алдагдах, иргэдийн төрийн байгууллагад сонгогдох эрх зөрчигдөх нөхцөл бүрдүүлсэн байна хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэж, дээрх УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Ингэснээр  УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг ирэх оны зургадугаар сард явуулах хууль, эрх зүйн орчин үүсч байна.

Тэгвэл Цэцийн гаргасан дээрх шийдвэр өнгөрсөн өдрүүдэд өрнөх улс төрийн халуухан тэмцлийг хэсэгтээ намжааж, буланд бараг “шахагдаад” байсан талд түр амьсгаа авах боломжийг олгож байна. Гэхдээ зарим нэгд нь харамсалтай мэдээ болж дуулдав бололтой. Ялангуяа энэ тойрогт нэр дэвших эрхмүүдээс хамгийн том, хүчтэй нэр дэвшигчээр тодроод байсан МАХН-ын дарга Н.Энхбаярт туйлын харамсалтай мэдээ болов. Улс төрийн “халуун тогоо”-нд олон жилийн дараа дахин орох боломж хэмээн харж байсан түүний хувьд дахиад жилийг ордны гадаа өнгөрөөх боллоо.

Харин АН-ын хувьд олон нийтэд зарлаагүй л болохоос Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлэхээр бараг тохироод байсан гэх. Ж.Оюунбаатарын хувьд засаг  дарга байхдаа нутаг усандаа нэр хүндтэй байсан учир тийм ч амархан “боорцог” биш байв.

Тэгвэл эрх баригч МАН-аас нэр дэвших хүний чимээ өнөөдрийг хүртэл сонсогдохгүй байсаар нөхөн сонгууль хойшиллоо. Эрх баригч намыг засагтай нь хамт удирдаж яваа эрхмийг намын нөхөд нь нөхөн сонгуульд оролцож намынхаа нүүрийг тахлаж гарахыг шаардсан боловч мань хүн халгаагүй байсан сурагтай. Тэгэх нь ч аргагүй. Хэнтий нутаг бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өөрийнх нь төрөлх нутаг орон. Тэрбээр өнгөрсөн сонгуулийн үеэр өдөр шөнөгүй дагуулж явсаар гишүүн болгосон дүү нь хүчингийн хэрэгт холбогдож намаа ч, ахаа ч байж боломгүй шавартай хутгаж орхисон.

Одоо бол түүний тойргийн сонгогчид хамгийн их хорсол, зэвүүцэлтэй байгаа нь гарцаагүй. Мөн дээрээс нь нэмээд хэлэхэд засаг барьж буй талд иргэд хэзээнээсээ дурамжхан байдаг уламжлалтай. Тиймээс Ерөнхий сайд үхлээ эрсэн хулгана шиг “гал” руу орохгүй гэж гэдийсэн нь тэр. Мэдээж ялалтай байгуулж чадахгүй бол түүний өнөөдрийн өсөлттэй амбиц эсрэгээрээ эргэж, намын нөхөд нь түүнээс хариуцлага нэхнэ. Тиймээс сонгуулиас хамгийн цэвэрхэн аргаар бултах нь түүний хувьд хамгийн зөв сонголт байсан болов уу.

Юутай ч нөхөн сонгууль ирэх жил хүртэл хойшилсон нь МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хожлын алхам болж, харин МАХН-ын дарга Н.Энхбаярт аз дутсан үйл явдал боллоо.

 Б.Анир

http://www.zaluu.com/read/27g4cdcbg


URL:

Сэтгэгдэл бичих