Г.Уянга: МАНАН-гийн амлалт арван хувь ч хүрэхгүй байна

“Амлалт нэхэх ард түмний холбоо” байгуулагдаад жил гаран болж байна. Эрх баригч нам МАН, АН 2008 оны амлалт болон тэдгээрийн хэрэгжилтийн тухай өчигдөр АНАТХ-оос сэтгүүлч нарт мэдээлэл хүргэлээ. Өнөөдөр МАН, АН-ын сонгуулийн үер ард иргэддээ амлаж байсан амлалтууд чухам яагаад биелэгдэхгүй байгаа шалтгааныг АНАТХ-ны тэргүүн Г.Уянга ийнхүү тайлбарлалаа.

Тэрээр өрхийн сарын орлогыг нэг сая төгрөгөөс доошгүй болгоно, тэтгэврийн доод хэмжээг гурав дахин өсгөнө, алдарт эхийн хоёрдугаар одонтой ээжид 500 мянган төгрөг гээд тэдний хоосон амлалтуудийг дурсаад дуусахгүй. Өнөөдөр энэ их амлалтыг Монголын ард түмний өмнө авсан эрх баригчид дараагийн сонгуулийн өмнөх хамгийн сүүлчийн тесөвөө баталсан. Энэ үед дахин нэг сануулаад биелэлтийг нь дүгнэн хэлэлцэх цаг хэдийнэ болсон.

2012 оны төсөв батлагдсан нь МАНАН-гийн амлалтыг бүрэн дүүрэн дүгнэх бололцоог иргэн та бүхэнд олгож байгаа юм. Сонгуулиас хойш сонгогчдод нэг удаагийн 50,000 мянга, 70000 мянга, cap бүрийн 21000 мянган төгрөгөөс өөр зүйл ирээгүй байгаа билээ. Харин эрх баригчдын өөрсдийнхөн халаасны мөнгө тэрбум, тэрбумаар нэмэгдэж байгааг иргэд харж байгаа байх.

Ирэх оны төсөв бол МАНАН-гийн Засгийн газрын амлалтаа биелүүлэхийг харах сүүлийн найдвар хүлээлт байсан. Гэтэл энэ бүхэн талаар өнгөрлөө. Төсөвт туссанаар ирэх онд иргэн бүр Таван толгойн ордоос нэг сая төгрөгтэй тэнцэх хувьцаа эзэмших, эсвэл түүнийгээ бэлэн мөнгөөр солих гэж тусгасан. Энэ бол хоосон амлалт мөн хууралт, залилт гэж хэлж болно. Үндсэндээ эрх баригчид амлалтаа биелүүлсэнгүй. Иргэдийн амьжиргааны төвшин доогуур байна.

АНАТХ-ны үйл ажиллагаа амлалт сануулах, нэхэхээс эрх баригчдын луйврыг олон нийтэд таниулан ойлгуулах, улстөрийн нам хүчнүүдийн амлалтыг ажиглаж, задлан шинжлэх 2012 онд зөв сонголт хийхэд нь иргэдэд тус болох шинэ шатанд шилжиж байгаа гэдгээ хэлмээр байна гэсэн юм.

-Та 2012 онд сонгууль нэр дэвших үү. Хаанаас дэвших вэ?

-Тэгнээ. Нэр дэвшинэ. Гэхдээ одоогоор тойргоо тодорхойлоогүй байгаа. Их олон хувилбарууд байна. Анх Чингэлтэй дүүргээс нэр дэвшиж байсан болохоор энэ удаад Чингэлтэй дүүргээсээ гарч магадгүй. Аав, ээжийн минь нутаг болох Сүхбаатар аймгаас гарвал зүгээр юм биш үү гэсэн их олон саналууд ирж байгаа л даа. Одоогоор яг эндээс дэвшинэ гэсэн товлосон тойрог алга даа.

-Жендерийн асуудлаар их яригдах болжээ. Та эмэгтэй хүнийхээ хувьд үүнийг юу гэж үзэж байгаа вэ?

-Эмэгтэйчүүдэд албан ёсны тойрог гаргаж өгөхгүй л бол их төвөгтэй. 20 хувийг гаргаж өгч байна гэдэг нь 20 хувийн эмэгтэй гишүүн гарна гэсэн үг биш. Энэ бол үнэхээр тоглоомын маягаар хүмүүсийг тайтгаруулж байгаа хэрэг. Эмэгтэйчүүд ч гэсэн энэ бүхэнд тайвширах хэрэггүй гэж  хэлмээр байна. Тэгээд дэвшүүллээ гэж бодоход хэзээ ч гарахгүй тийм тойрог руугаа л явуулдаг. Тийм учраас энэ бол зүгээр тохиролцооны асуудал гэж ойлгож байгаа. Мөн санхүүгийн асуудал ч байна.

Эрчүүд шиг тодорхой баг байхгүйгээс үүдэн энэ жендерийн асуудал гарч байна. Нэр дэвшихэд тухайн хүн хэдийг ч өгч болно. Цэвэр санхүүгийн асуудал байдаг. Яг жинхэнэ эмэгтэйчүүдээ, квотоо дэнжье гэж байгаа бол эмэгтэйчүүдийн тойрог хувиарлаж өгөх хэрэгтэй. Өөр арга байхгүй шүү дээ.

-Багш нарын тэмцлийг бүх бололцоогоор нь дэмжиж, хамтран ажиллахад бэлэн гэж та түрүүн хэлж байсан. Яагаад дэмжих болов?

-Бид бүхэн багш нарын ажил хаялтыг хөндлөнгөөс ажиглаж байгаа. Бид нар үүнийг дэмжиж байгаа. Яагаад гэхээр 2008 оны сонгуулиар цалин нэмнэ гэж амлаж байсан нь одоог хүртэл хэрэгжээгүй. Гэвч багш нар улстөржихөөс айж байгаа байх. Бидний зүгээс тэднийг дэмжих бодолтой байгаа. Хэрэв бидэнтэй нэгдье гээд ирвэл татгалзахгүй.

Багш нарын гаргаж байгаа бүтээгдэхүүнийг муу гэж байгаа бол багшийг гаргаж байгаа боловсролын яам нь муу байна гэсэн үг. Өнөөдрийн хувьд багш нар хамгийн хэрэгтэй дээд мэргэжилтэнгүүд. Гэтэл эрх баригчид худлаа амлаж энэ хүртэл явсан. Хүүхдийн боловсрол муу байгаа нь дан ганц багш нарын буруу биш. Яагаад цалингийн нь нэмж болохгүй гэж. Мөн энэхүү тэмцлийн явцад багш нар өөрсдөө үүнийг маш сайн ойлгож аваасай гэж бодож байна.

-АНАТХ-ноос гаргасан шинэ цахим хуудсанд иргэд өөрсдийн санал, бодлоо чөлөөтэй илэрхийлж болох уу?

-Болно. Эрх баригчдын амлалт хэр биелэгдсэн, сайн, муу гээд бүх талаар нь манай энэ цахим хуудсан дээр бичигдсэн байгаа. Тиймээс ард иргэдийн дунд УИХ-ын 76 гишүүнээс шилдэг болон, үүргээ муу биелүүлсэн гишүүдийг шалгаруулан зарлах санал асуулгыг явуулж эхэлсэн юм. Энэхүү цахим хуудсаараа дамжуулан явуулан ард иргэддээ бүр ойрхон ажиллахыг зорьж байна. Иргэд маань энэхүү санал асуулгад идэвхитэй сайн оролцоосой гэж хүсдэг.

Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.