Монголчуудын бүдүүлэг авир хүн алчихлаа!

header_image_NYiouFsБи ер нь пост бичээд байдаггүй л дээ. Гэвч энэ удаад үнэхээр зүрх зүссэн мэдээ сонсоод нойр хулжин хөрвөөж тэссэнгүй тул та бүхнийг үүнийг уншаад саруул оюун ухаандаа нэгийг санаасай гэсэндээ сийрүүлэн сууна.

Өнөөдөр өглөө “Sky” дэлгүүрийн урд талбай дээрээс нэгдсэн журмаар автобусаар тэтгэвэрийн насны хэдэн хөгшчүүл амралтанд явахаар зэхсэн байж. Тухайн автобус нь цугласан бүх хүмүүсийг суусны дараа хөдөлдөг. Гэвч үүнийг мэдсэнгүй юу, эсвэл угийн бүдүүлэг түрэмгий зан нь хөдөлж түрүүлж унаандаа суусан нь илүү жаргах юм шиг бодсон уу, автобусны хаалга онгоймогц бүгд зэрэг дайржээ.

Тэр алаан дунд нэгэн буурал толгойтой настай хөгшин би ингэж ормооргүй байна! намайг эндээс гаргаад өгөөч ! гэсэн боловч ар араасаа түрсэн олон хүмүүс өвгөнийг голдоо хийн цааш зүтгэсээр өвгөнийг ухаан алдуулан унагаажээ.

Үүний дараагаар нөгөө унаандаа суух гэж улайрч байсан олон хүмүүс гэнэт зорилгоо ч мартан сонирхолоо өвгөнрүү хандуулж бүгд бүчээд авсан байна. Суулгаж өгч байсан үр хүүхдүүд нь хүмүүсийг агаар тавьж өгөн холдохыг хүссэн боловч хэн нь ч холдолгүй харж зогссоор байгаад түргэн ирэхэд өвгөн амьсгал хураасан байна.

Талийгаач унахынхаа өмнө амьсгалж чадахгүй байна, намайг гаргаа ч хэмээн орилж байх зуур хүүхдүүд нь тэр олон хүнээс аавыгаа сугалж авах гээд дийлээгүй байгаа юм. Энэ үйл явдлыг сонсоод ямар их өр өвдөв өө!

Монголчуудын энэ хирээс хэтэрсэн биеээ тоолт, бүдүүлэг зан нь даамжирсаар сүүлдээ хүний аминд хүрлээ. Тэр улай үзсэн юм шиг дайрж байсан хүмүүс талийгаачийг хүн гэж тоолгүй унагааж хаячихаад гэнэтхэн бүгд нүд булаалдан өвгөн дээр шавж байгаад бүр алчихсан.

Түргэнийхэн цогцосыг авж явсны дараа л нэг юм онц сонирхолтой олон ангит кино нь дууссан мэт бүгд урьдын адил чихэлдсээр өнөөх гайт автобусандаа сууцгаан амралтандаа явсан байгаа юм. Энэ бол нэг ёсондоо бүлгээрээ нийлэн хүн амины хэрэг хийсэн гэсэн үг, гэтэл тэд өдийд 2-хон минут оочирлоод сууж болох жаахан тэвчээргүйн улмаас хүний аминд хүрчээд юу ч болоогүй мэт дуг нойрондоо дугжирч байгаа байхдаа.

Юутай харамсал вэ!!! Юутай эмгэнэл вэ !!! Бидний сэтгэхүй иймхэн дорой буйраа болсон юм гэж үү дээ !!!
Энэ үйл явдлыг уншаад өр чинь өвдөж байвал таниас нэг л юм гуйя ! Хаа яваа газраа бүдүүлэг авир гаргагчдыг бүү өөхшүүл
АТМ-ээс мөнгө авахдаа өөртэйгөө ойрхон зогсохыг битгий бусдад зөвшөөр, автобусанд орохдоо хамгийн сүүлд нь зогс, худалдагчид доромжлуулан байж битгий худалдан авалт хий, орохоо л боль, дампуураад ирэхийн цагтаа худлаа ч гэсэн инээдэг болж л таарна.

Бид одоо л ухамсарлахгүй юм бол Чингисийн үр сад хэмээн цээжээ дэлдсээр өөрсдийн ам уралцан муулаад байгаа хэдэн эрээний хятадуудаасаа ялгарах юмгүй болох нь…

Эх сурвалж : Мягмарсүрэн Лувсан


URL:

Сэтгэгдэл бичих