Д.Энхбат: Хууль сайжирсан, гэхдээ пропорциональ хувилбарыг түлхүү оруулах ёстой байлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийг баталсан. Хууль батлагдсантай холбогдуулан Иргэний зориг ногоон намын дарга, УИХ-ын гишүүн Д.Энхбатаас доорх хариултыг авлаа.

-Сонгуулийн тухай хууль удаан хугацааны турш хэлэлцсэний эцэст батлагдлаа. Улс төрчид энэ хууль шинэчлэгдсэн, өмнөхөөсөө ахиц гарсан хэмээн дотодгож байна. Та шинэ хуульд ямар дүгнэлт хийж байна вэ?

-Пропорциональ тогтолцоо орж байгаа учираас сонгуулийн хууль шинэчлэгдсэн гэж ойлгож байна. Хуучин хуулиар зөвхөн нэр дэвшигчийн нэрээр сонгуулийн санал хураалтыг явуулдаг байсан. Одоо бол цөөн хэсэг нь ч гэсэн намын нэрээр мандат авах тийм хууль батлагдлаа. Үүгээрээ өөрчлөлт харагдаж байгаа юм. Мөн сонгуулийн саналыг төр өөрөө тоолох тийм хувилбарт шилжиж байна. Хуучин хуулиар намын төлөөлөл саналын хуудасыг тоолдог байсан бол намууд ажиглагчаар оролцож төрийн байгууллага санал хураалт явуулах, тоолох ажлыг явуулахаар боллоо. Мөн саналыг цахимаар тоолох нь сонгогчдын саналыг өөрчлөх, будлиантуулахгүй байх гэсэн итгэл найдварыг өгч байна. Түүнчлэн гадаадад суугаа монголчуудаа сонгуульд санал өгүүлнэ. Улс төрийн намуудад 5 хувийн босог тавилаа. Энэ бол сайн жишиг тогтож байна. Европын орнуудад ихэнх нь 4 хувьтай байдаг бол манайх 5 хувийн босогтой. ОХУ 7 хувийн босог тавьсан байгаад саяхан 5 болгон өөрчилсөн. Ийм ийм онцлог ахиц гарсан хууль батлагдлаа гэж ойлгож байна. Өнгөрсөн дөрвөн жил ярьсан амлалтаа хоёр нам биелүүлээгүй ч сонгуулийн хуулинд бага ч гэсэн ахиц гаргалаа. Цаашдаа сонгуулийн хууль төгөлдөрших алхамруугаа орж байна.

-Сонгуулийн хуулинд 48 суудлыг нь можаритори, 28 суудлыг нь пропорционалиар сонгох боллоо. Энэ нь жижиг намуудад халгаатай гэх шүүмжлэл байна?

-Энэ бол улс төрийн соёлын асуудал. Яагаад гэхээр дэлхийн улс орнуудад намууд нь тогтворжоод намынхаа нэрээр сонгуулийг явуулдаг болж байна. Манай улс ч гэсэн энэ зам руу орох ёстой. Гэтэл одоо манайд болохоор нэг тийм довог жалагны үзэл гаргаад аймаг аймгаасаа нэр дэвшээд гараад ирдэг. Уул уурхайн их мөнгө орж ирж байна түүнийг нь аймаг аймагт нь тараагаад дуусгачихдаг биш улс орны хэмжээнд алсыг харсан бодлого харж зарцуулах ёстой. Гэтэл жижигсгэсэн тойрогтоо мөнгөөр зодоод гараад ирдэг, эргүүлээд сонгогдсон тойрогтоо жалгын нэг тараагаад өгчихдөг байж болохгүй шүү дээ.

Би бол хувьдаа намын нэрээр сонгуульд оролцох алхам руу орж байгаа нь сайн гэж бодож байгаа. Харин ч  намын жагсаалтаар пропорциональ 28 биш, бүр 48 мандат нь намын нэрээр санал хураалт явуулах байсан бол илүү сайн хууль болох байлаа.

-Энэ хууль жижиг намуудад халгаатай биш гэж үү?

-Ер нь өмнөх сонгуулиуд бүгд л халгаатай байсан шүү дээ. Ялангуяа УИХ-ын 2008 оны сонгууль хамгийн их халгаатай сонгууль болсон. Алтай бид хоёр л хувираа нэр дэвшиж гарч ирсэн. Намын нэрээр гараагүй, хувиараа нэр дэвшиж гарсан.  Телевизээр нэвтрүүлэг хөтөлдөг олон нийтэд танигдсан гэдэг утгаараа л сонгогдсон. Шинэ хууль гарснаараа жижиг нам эвсэлүүдэд улам хүнд болсон гэж бодохгүй байна. Урьд ямар байсан тэр хэвээрээ л байгаа. Ер нь сонгуулийн хууль арай эрүүлжиж байгаад л баярлаж байгаа. Сонгуулийн саналыг автомат машинаар тоолох болсон. Үүнд нь би арай илүү найдаж байна. Гэтэл эрх баригч намын мөнгө авсан хүмүүс санал тоолсоноос автомат машинаар тоолсон нь арай дээр л дээ.

-Гэхдээ 28 мандатыг намын нэрээр сонгоно. МАН, АН олон жил болсон. Бусад намуудыг бодвол сайн муугаараа олонд танигдсан нам. Энэ утгаараа бусад намуудаас илүү санал авах боломжтой байх?

-Жижиг намуудад халгаатай нь үнэн. Гэвч ард түмэн ухаантай шүү дээ. Өнгөрсөн дөрвөн жил эрх баригч хоёр нам юу хийв гэдгийг мэдэж байгаа. Хэрэв ард түмэн дөрвөн жил шүүмжилснээрээ байдаг бол энэ сонгуульд гуравдагч хүчнүүд гарч ирэх ёстой.

Т.АМУР gonews


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.