“Анод” банкны Гүйцэтгэх захирал асан Л.Уламбаяр: Манай банкинд төр барьж байгаа хоёр намын аль нэгийнх нь дэмжлэг байсан бол гайгүй явах байсан болов уу гэж боддог

Хоёр жилийн  өмнө үүдээ барьсан “Анод” банкны хэргийг прокуророос нэмэлт  мөрдөн байцаалт  руу буцаасан. Тэрчлэн хэдэн удирдлага нь холбогдоод шийдэгдчихгүй, нэр бүхий эрхмүүд татагдах ёстой талаар яригдаж байгаа энэ үед тус банкны Гүйцэтгэх захирал асан Л.Уламбаяртай ярилцлаа.

-“Анод” банкны удирдлагуудтай холбогдох хэрэг   нэмэлт мөрдөн байцаалт руу буцсан талаар өдгөө яригдаж  байна.   Мөн Анодын дампуурлын үнэн төрхийг илчлэх гэж хэвлэлүүд бичиж байна.    Ер нь “Анод”-ын хэрэг гэж чухам юу болсон юм бэ. Та тус банкны Гүйцэтгэх захирал байсан хүн.  Таньтай энэ асуудлаар  ярилцахад болно биз дээ?

-Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй байна. Тиймээс мөрдөн байцаалтын  нууцад хамаарах зүйл  ярих  эрх надад байхгүй. Гэхдээ  уг  үйл  ажиллагаанд саад болохгүй    мэдээллийг  өгч  болно    гэж үзсэний үндсэн дээр өөртэй чинь ярилцаж байна.  Өөртэйгөө, Анод банктай,   хувьцаа эзэмшигчидтэй холбоотой асуудлаар өөрийн байр сууриа  илэрхийлэх нь мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд саад  болохгүй байх гэж бодож байна. “Анод”  банк  1999 онд байгуулагдаж,  богино хугацаанд үйл ажиллагаа  нь  өсөж,  дэвжиж зах зээлд өөрийн орон зайгаа олж чадсан байсан. 2008 оны арванхоёрдугаар сард үйл ажиллагаа  нь зогсох хүртэл,   Улаанбаатар хот болон орон нутагт 20 орчим салбар, 500 гаруй ажилтантайгаар  үйл ажиллагаа явуулж байсан. Миний хувьд,  “Анод”  банкинд 2000 оны намар ахлах эдийн засагчаар ажилд орж байсан. Улмаар,  Гадаад харилцааны газрын захирал, Стратеги хөгжлийн газрын захирал,   дэд захирал гэсэн албан тушаалуудад ажиллаж байгаад,   2008 оны гуравдугаар сараас  арваннэгдүгээр сар хүртэл  Гүйцэтгэх захирлаар   ажиллаж байсан.

-Банкны нөхцөл байдал бишдэх нь гэдгийг мэдээд  Л.Уламбаяр захирал нь Америк  руу зугтаасан гэх мэдээлэл  тухайн үед хэвлэлээр гарч байсан л даа. Таны Америкийг зорих болсон үнэн шалтгаан юу байсан юм бэ. Тэрийг хэлж болох уу?

-Би бодит явдлыг л яръя. 2008 оны арваннэгдүгээр сарын дундуур намайг ажлаас чөлөөлөхдөө  “1999-2005 он хүртэл Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Энхтөрийг  буцаан  томилж байна” гэж надад танилцуулсан. Тиймээс би  ажил хүлээлгэж өгөхөд  татгалзах зүйлгүй  гэдгээ хэлээд  “Анод”  банкнаас гарсан байсан. Би ажлаа хүлээлгэж өгснөөсөө  хойш,  ерөнхийдөө амралтын байдалтай хүн болсон.  Гэхдээ  Монголдоо  байж л байсан.  Яахав, сүүлийн  хэдэн жил ачаалалтай ажиллаж байсан учраас, гадагшаа явж хэд хоног амарч ирчихээд, өөр ажилд оръё гэж  бодоод   арваннэгдүгээр сарын сүүлээр  Америкт байдаг хамаатнууд дээрээ очсон.  Тэнд 7 хоноод   Монгол руугаа  буцахаар наашаа гарсан.  Харин онгоцны билетээс шалтгаалж   Бээжинд хоёр хонох ёстой болсон юм. Тэр үед би  Монголд “Анод”  банктай холбоотой айхтар зүйл  болж байна гэдгийг  ерөөсөө мэдэхгүй байсан. Арваннэгдүгээр сарын дундуур ажлаас гарснаас хойш  “Анод” банктай ямар нэг байдлаар холбоотой байгаагүй. Ер нь ажлаасаа гарчихсан хүнд ямар ч мэдээлэл  байхав дээ. Харин Бээжинд  Монгол улсын ЭСЯ-ны буудалд бууж хоёр хоночихоод Монгол руу нисэхээр  онгоцны буудал руу явж байтал,  нэг таньдаг  өвөрмонгол хүн  маань  надруу утсаар яриад   “Монголд танай захирлуудыг бүгдийг нь барьчихсан сураг сонсогдож байна. Чи Монгол руу буцах гэж яваа юм бол  жаахан азнасан нь дээр юм биш үү” гэсэн юм.  Би нэгэнт тийм зүйл сонссон учраас   бодсон л доо. Тэгээд жаахан харж байгаад болоё гэж шийдээд үлдчихсэн.  Таньдаг хүмүүс маань надад буудлын өрөө олж өгөөд, би Бээжинд  хоёр сар гаруй хугацаанд байсан.  Тэнд байх үед  Анод банкны байдал тодорхой биш байсан. Интернэтээр ч тодорхой мэдээлэл байгаагүй.  Удирдлагуудыг чухам  юунд буруутгаад байгаа нь мэдэгдэхгүй байсан. Тиймээс тэнд байж байхаар  цаг хугацааг зөв ашиглаад,   Америкт очиж сурууль  юм уу,  ажил хөөцөлдөе гэж бодоод  2009 оны гуравдугаар сарын эхээр явсан. Би Америкийн визтэй байсан юм.  Харин  Америкт буугаад өөрийгөө  Интерполоор эрэн сурвалжлагдаж байгааг мэдсэн. Улмаар, тэндхийн  цагаачлалын албаны  ажилтан нь надад санал тавьсан.   “Бид өөрийг чинь   ирсэн газар луу чинь буцаана. Хэрэв,  чамд  буцаж очиход чинь улс төртэй холбоотой айдас байгаа бол бид Цагаачлалын шүүхээр заавал оруулах ёстой” гэсэн.  Америкт хүний эрхийг хамгаалах зорилгоор,  цагаачлалын асуудлаар мэргэшсэн шүүгчдээр тухайн хүний  асуудлыг  оруулж шийддэг. Тухайн үед, надад тодорхой мэдээлэл байхгүй байсан. Гэхдээ интернэтээр  “Анод банкны хэрэг улс төртэй холбоотой байж магадгүй. Тус банк 7-н сарын 1-ний үйл явдлыг санхүүжүүлсэн байж магадгүй”  гэсэн мэдээллүүд их гарч  байсан. Тиймээс, би  шууд яваад очиход надад улс төртэй холбогдохгүй, шударгаар шүүнэ гэсэн  зуун хувийн баталгаа байхгүй гэж хэлсэн. Харин цагаачлалын ажилтан надад     “энэ тохиолдолд заавал цагаачлалын шүүхээр оруулах ёстой” гэсэн юм. Тэгээд би Америкт 9-н сар болсон.

-Тэгэхээр та улстөрийн орогнол хүссэн юм байна. Тэнд 9-н сарыг ямаршуу байдалд өнгөрүүлсэн бэ?

-Улстөрийн орогнол хүссэн л утгатай. Улстөртэй холбоотой  айдас байна гэх юм бол,   тэд   буцаах эрхгүй, заавал шүүхээр  оруулах ёстой байдаг.  Би тэнд  9-н сарын  хугацаанд Цагаачлалын шорон гэж хэлэхээр Santa Clara, Yuba County Jail гэсэн  хоёр газар л байсан.  Santa Clara -д  нь цагаачлалын асуудалтай хүмүүстэй болон жирийн гэмт хэрэгтнүүдтэй хамт байсан. Yuba-д бол дандаа цагаачлалын асуудалтай хүмүүстэй хамт байсан.  Өрөөндөө 40-өөд хүнтэй хамт байсан. Тэнд голцуу Латин Америкийн цагаачид, ази, оросууд байсан.  Харин нэг л   Монгол залуу тааралдаж байсан шүү. Хүний нутагт байгаа юм чинь, аль болох дасаж зохицохыг хичээж байсан. Тэнд байхдаа цагаачлалын системийн талаар, ерөнхийдөө Америкийн  цаад амьдрал ямар вэ гэдгийг  жаахан  мэдлээ.

-Харьж ирэх нутагтай хэрнээ хүний  нутагт хоригдол шиг байна гэдэг хэцүү байсан байх. Ар гэрийнхэнтэйгээ  холбогдож  Монгол дахь нөхцөл байдлын талаар мэдээлэл авч байсан уу?

-Мэдээлэл авах боломж маш хязгаарлагдмал байсан. Зөвхөн өмгөөлөгчөөр дамжуулж л холбоо барих   боломжтой.  Харин өмгөөлөгч  сард нэг л удаа ирэхдээ   “Чиний  асуудал ийм шатанд явж байна, бие нь дажгүй юу” гэсэн тийм л харилцаа явагддаг байсан.   Гэхдээ өмгөөлөгч маань   өөрөө санаачилгаараа интернэтээс бага сага мэдээлэл татаж   надад авчирж өгдөг байсан. Монгол руу харилцах боломж хязгаарлагдмал байсан юм.

-Д.Энхтөр захирлын  хоригдож байхдаа бичсэн захидалд  “Уламбаяр хэлмэгдүүлэлтээс зугтсан байх” гэсэн байдаг л даа. Та үнэхээр ирэхээс эмээж байсан уу?

-Ер нь бол байдал тодорхой биш байсан. Одоо ч “чи ийм хэмжээний хувьцааны борлуулсны орлогыг хувьд ашигласан, ийм зээл гаргаж хувааж идсэн, ийм банкны мөнгө, хөрөнгө шунахай зорилгоор ашигласан байна” надад тулгасан юм байхгүй ийм шиг байна. Ер нь бол хэлмэгдүүлэлтээс манайд хүн болгон айдаг байх гэж бодож байна.

-Та “Анод” банктай 8 жилийн турш  холбогдсон хүн. Тэгэхээр “Анод”-ын үйл ажиллагаа сүүлийн 6 жилийн турш хуудуутай байсан гэдгийг Та юу гэж тайлбарлах вэ?    Үнэхээр доголдолоо нууж хааж явсаар байгаад харилцагчдаа хохироохдоо тулчихсан юм уу. Таныг ажлаа хүлээлгэж өгөх  үед банкны үйл ажиллагаа ямар байсан юм бэ?

-Би хувьдаа  “Анод”  банкинд олсон ч юм бий,  алдсан ч юм бий гэж үздэг.  Сайн баг хамт олон  хүч нийлж  өндөр үйлчилгээний стандартуудыг нэвтрүүлж, хэрэгжүүлж чадсан. Дандаа шинэлэг, тэргүүний технологи бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх гэж оролдож байсан. Энэ бол ололт.   Харин, зарим стратегийн хувьд л жаахан алдсан байх. Хурдан өсөх зорилгоор эрсдэлтэй стратегийг сонгосон болов уу.  Хадгаламжид өндөр хүү амлаад, эргүүлээд өндөр хүүтэй зээл олгох  стратегийг сонгосон нь   эрсдэл дагуулсан байсан юм. Үндэсний хэмжээний томоохон компаниуд өндөр хүүтэй зээл авахгүй. Жижиг дунд бизнесүүд авдаг. Зарим тохиолдолд эрсдэл бий болдог юм. Дөнгөж өсч бий болсон банкинд эрсдэлүүд их  байдаг. Тэдгээрийг бүрэн дүүрэн тооцож чадаагүйн улмаас асуудал үүссэн байж болно.  Гэхдээ зээл олгох үйл ажиллагаа өөрөө гэмт хэрэг биш л гэж би бодож байна. Тухайн компани зээл   аваад өөрийн үйл ажиллагаа,  тодорхой төсөлд зарцуулах ёстой. Харамсалтай нь,  гадна дотны нөлөөллөөс болж төсөл нь амжилтгүй болсон тохиолдолд компаниуд   эргээд зээлээ  төлөх чадваргүй болсон тохиолдлууд  манайд олон гарсан. Гэхдээ, Оросын банкируудын дунд “зээлийг хөрөөдөх”  гэсэн  ойлголт байдаг юм.  Тухайлбал, 100 мянган долларын зээл гаргалаа гэхэд  банкны ажилтан, баримт бичиг бүрдүүлж байгаа хүнтэй, мафитай  ч юм уу   дундуур нь хөрөөдөж хуваадаг. Банкны ажилтан 50 хувийг,  мафи нь 50 хувийг авах жишээтэй.  Оросд бол, анхнаасаа  тэр зээлийг хэзээ ч  эргэж  төлөхгүй  зорилгоор зохион байгуулалттай хийдэг “зээлийг хөрөөдөх”  гэсэн ойлголт бий. Харин манай банкны тухайд миний бодлоор “хөрөөдөх”  гэж авсан зээл ганц ч байхгүй. Тухайн компаний  бизнесийн рискийг үнэлэхэд алдсан тохиолдол  байна.  Гэхдээ манай банк  томоохон компаниудыг бий болгохын тулд   санхүүжүүлэх гээд оролдож үзсэн. Жишээ нь, “Сити такси”, “Монроуд”, “АероМонголиа” гэсэн үндэсний томоохон компаниуд юм. Мөн   өрсөлдөөний асуудал байна. Ер нь Монголд бизнес талдаа   харилцаа холбоо  болон санхүүгийн сектор хамгийн их хөгжсөн гэж би үздэг.   Бүх шинэлэг бүтээгдэхүүн, шинэлэг технологи, шилдэг боловсон хүчнүүд санхүүгийн секторт цугласан гэж шууд хэлж болно. Монголын банкны сектор  дэлхийн стандартад ойрхон л  үйлчилгээ үзүүлж байгаа. Банкны өрсөлдөөн   ширүүн учраас зарим тохиолдолд хүссэн хүсээгүй эрсдэлтэй алхам хийхээс өөр аргагүй байсан.

-Анод үүдээ барьсан тэр үед дэлхийн санхүүгийн хямралаас үүдэн олон улс даяар банкууд дампуурч байсан.  Тухайн үед, хямралаас   ирэх   нөлөөлөл Монголын банкуудад хэрхэн тусч байсан юм бэ.  Тухайлбал, танай банкинд?

-Олон улсын санхүүгийн хямрал 2007 оноос одоог  хүртэл үргэлжилж байна. Санхүүгийн хямрал Монголыг тойрсон гэж хэлж болохгүй.  Шууд харагдахгүй ч,   Монгол улсад их мэдрэгдсэн гэж би үздэг.  Шууд ба шууд бус гадаадын хөрөнгө оруулалт багассан байсан. Монголын гол экспортын бүтээгдэхүүний борлуулалтын хэмжээ багассан. Тэр хэмжээгээр 2007-2008 онд гадаад валютын орлого багасаж, төсөв хумигдах хэмжээнд хүрсэн. Монголын санхүүгийн системийг хүнтэй харьцуулах юм бол цус нь багадаад сул дорой болсон байсан. Өөрөөр хэлбэл, хэрэв дэлхийн эдийн засаг гайгүй байсан бол Монголын эдийн засаг одоогийн байдалтай харьцуулахад илүү сайн төвшинд байх байсан. “Анод”-оос гарсан зээлийг нэр бүхий хэдэн бизнесмэн авснаас гадна удирдлагуудын ах дүүс танил тал хүмүүс авсан гэдэг нь ил болж байна.Би түрүүн хэлсэн шүү дээ. Өндөр хүүтэй хадгаламж аваад, өндөр хүүтэй зээл гаргахаас өөр аргагүй болсон.  Гэхдээ өндөр хүүтэй эрсдэлтэй зээлийг гаргахын оронд банк өөрөө ганц хоёр чиглэлээр    төсөл  хэрэгжүүлээд, өөрсдөө үйл ажиллагаа явуулъя гэсэн чиглэлийг сонгосон.  Тэр нь, “Сити такси”,  мөн барилгын ганц хоёр төсөл байсан.   Энэ тохиолдолд,   банк өөрөө аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг  хуулиараа хориглосон.  Тиймээс,   ямар нэг компани байгуулсны дараа  төслөө хэрэгжүүлхээс өөр аргагүй.  Тиймээс,  компанийг байгуулсан, банк санхүүжүүлсэн, хяналт тавьж байсан.

-Танай хамгийн том зээлдэгч Ц.Мянганбаярын хэрэг хэрэгсэхгүй болчихлоо. “Олон овоот”-ын лицензийг улс дамнуулж барьцаалсан түүнтэй “Анод”  хэрхэн тохиролцсон байсан юм бэ?

-Манай банкинд  хэд хэдэн том харилцагчид байсан. “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр, “Мон- Уран”-ы  Наранхүү байна. Мөн өөр томоохон  компаниуд байсан. Эдгээр компаниуд авсан зээлээ  манай банкны хяналт дор   бизнесийн  үйл ажиллагаандаа  зарцуулсан. Бид хяналт тавьж байсан.
Ц.Мянганбаярын “Олон овоот”-ын лицензийн тухайд   манай банкинд нэлээн олон жил барьцаанд байсан. Уг барьцаанд үндэслэн, манай банк “Монгол газар”  компанийг олон жил зээлээр санхүүжүүлж ирсэн. Нэг зээлээ төлөөд, шаардлагатай тохиолдолд дахиад зээл аваад явдаг байсан. Харин 2006-2007 оноос, ер нь нэлээн эртнээс Ц.Мянганбаяр гадаадын банкнаас санхүүжилт хайж эхэлсэн. Монголын банкуудаас зээл авахад өндөр хүүтэй. Өндөр хүү гэдэг бол өндөр эрсдэл, ачаалал.  Харин,   “Голдман Сакс”  гэж  дэлхийд эхний гуравдугаарт ордог хөрөнгө оруулалтын банк  “Монгол газар”-т  боломжтой нөхцлийн дагуу   санхүүжилт оруулахаар санал тавьсан. Нэг нөхцөл нь, “Монгол газар”-ын хамгийн үнэтэй барьцаа  “Олон овоот”-ын лицензийг тэд барьцаанд авах байсан юм. “Анод”   банкны тухайд, “Монгол газар”-ыг ядаж ийм маягаар дэмжих зорилгоор, “Олон овоот”-ын лицензийг суллахаар тохиролцож,  гэрээ байгуулсан. Уг нь гэрээнд    нэгдүгээрт, “Голдман сакс”-ын мөнгө манай банкаар 100 хувь орж ирнэ. Хоёрдугаарт, манай банк  тэр мөнгөний зарцуулалтад зуун хувь хяналт тавьна. Гуравдугаарт, тэр мөнгөнөөс эхний ээлжинд Анод банктай холбоотой бүх зээлийг төлж барагдуулна гэж заасан байсан. Ийм,   гурван нөхцөлтэйгөөр  тохиролцоод лицензийг шилжүүлсэн.  Гэхдээ бид өөрсдөө ямар ч барьцаагүй хоосон үлдсэн юм биш.  “Олон овоот”-ын лицензийн оронд   нэлээн хэдэн  лиценз  нэмж авч үлдсэн. Тэр дотор ашиглалтын,  хайгуулын лиценз   ч байгаа. Мөн   ажилчдын орон сууцыг нь,  ашиглаж байгаа техникийг нь давхар барьцаанд авсан. “Олон овоот”-ыг өгсөн ч,   бидэнд үлдсэн барьцаа баталгаа  нь зээлийн  өрийг  хангалттай дарахаар байсан. Тэгэхээр Ц.Мянганбаяр хэлснээсээ буцсан байх нь. Харамсалтай нь, “Олон овоот”-ын лицензийг суллаад явуулсан чинь “Монгол газар”  компани өөрийнхөө үүргийг биелүүлээгүй. “Голдман сакс”-ын мөнгийг өөр банкаар дамжуулаад, манайд төлөх ёстой бүх зээлээ төлөөгүй. Хэрэв байгуулсан гэрээний дагуу хийсэн  бол байдал арай өөр байх байсан болов уу.

-“Анод”-ын замыг заасан нөхөр бол Ц.Мянганбаяр гэж ойлгож болох уу?

-Шууд тэгж хэлж болохгүй. Манай банктай нэлээн хэдэн жил хамтарч ажилласан. Бид Ц.Мянганбаяртай сайн ч юм үзсэн. Муу ч юм үзсэн. “Зээлээ төлөөч”  гээд хэрүүл хийх ч удаа байсан. Гадаадаас,  алтны борлуулалтаас мөнгө нь орж ирэхэд  адилхан л баярладаг байсан.  Гэхдээ  айхтар том асуудлууд   гарч байгаагүй. Зээлийн гэрээний биелэлт боломжийн хэмжээнд байж байгаад, сүүлдээ жаахан  хүндэрсэн гэж ойлгох хэрэгтэй. Тухайн үед “Монгол газар”  компаний нэр дээр олон лиценз байсан. Компани манайхаас гадна  “Зоос” “Хадгаламж” “Худалдаа хөгжлийн банк” гэхчлэн   олон банкуудад өртэй. Гэхдээ миний бодлоор  банкуудад тавьсан бүх лиценз,  тоног төхөөрөмжийг нийлүүлж,   олон улсын дуудлага худалдаагаар зарах юм бол өрнөөс хамаагүй их мөнгө босно гэж бодож байна.Тархай бутархай лицензүүдийг цэгцэлж байгаа энэ үед энэ хэр боломжтой бол. Энэ тал дээр бас нэг хувийн бодол байдаг юм. Би энэ салбарт мэргэжлийн хүн биш, гэхдээ нэгэнт лицензийн далд наймаа явагдаж байгаа юм чинь,  ил болгоод тэндээс улсын төсөвт, орон нутгийн төсөвт тодорхой хэмжээний мөнгө орох юм бол хэн хэнд нь ашигтай. Ашигт малтмалын орлогоороо  хөгжиж байгаа Казакстан, Орос гэхчлэн олон орон байна. Тэнд хайгуулын,   ашиглалтын бүх лицензийг дандаа тендэрийн шугамаар,   илүү үнэ өгсөн, илүү сайн техникийн нөхцлийг үзүүлсэн   компаниудад худалддаг юм байна лээ. Манайд бол,   түрүүлж бүртгүүлсэн хүмүүст л өгдөг. Уг нь үнэ хаялцуулаад тендэрээр оруулсан нь дээр үү. Эсвэл санхүүгийн, техникийн боломжгүй хэрнээ түрүүлж ирсэн хүмүүст өгсөн нь зөв үү.  Энэ  тал дээр хоёр хөршийнхөө туршлагыг судлах нь зөв болов уу. Нөгөө талаас,  лицензийг зардаг болвол төсвийн орлого нэмэгдэнэ. Лицензийг эдийн засгийн эргэлтэнд шууд оруулж байх ёстой. “Мон-уран”-ы Наранхүү эрхмийн тухайд  бас л  “Анод”-ын тэргүүлэх зээлдэгч. Танайхаас авсан зээлээрээ “Дүнжингарав”-ыг босгох ёстой байсан болоогүй. Би энэ хүнийг үл хөдлөх хөрөнгө,  барилгын чиглэлээр ажиллаж ирсэн Монголын нэлээн том бизнесмэн гэж үздэг.  4-5 жил манай банкны үйлчлүүлэгч байж, зээл авч тодорхой төслүүдээ санхүүжүүлж байсан. Сүүлд    Дүнжингарав худалдааны төвийн төсөлд нь   10 гаруй тэрбумын санхүүжилт өгсөн. Гэхдээ санхүүжилт өгөхөөс өмнө Наранхүү өөрийнхөө хөрөнгөөр үүнтэй ойролцоо хэмжээний хөрөнгө оруулалт хийчихсэн байсан. Өөрөөр хэлбэл, бид 10-аад тэрбумын зээл өгөхөд    зөвхөн “Дүнжингарав” худалдааны төв нь    20-иод  тэрбумын үнэлгээтэй обьект болчихсон байсан.  Барьцаа үнэхээр сайн байсан. “Дүнжингарав”-аас гадна нэлээн том хэмжээний барьцаа хөрөнгөтэй. Тухайн үед 17 тэрбум орчим төгрөгний зээлийг өгөхөд барьцааны үнэлгээ 100 орчим тэрбум төгрөг байсан.    Одоо тэр барьцааны  зах зээлийн үнэлгээ уналаа гэхэд 50-60 тэрбумаас буухгүй л гэж бодож байна.  Ер нь Дүнжингарав төсөл нь Монголд  хэрэгтэй  сайн төсөл байсан.  Одоо байгаа захууд  шиг зах биш. Барилгын, хөдөө аж ахуйн бүтэгдэхүүний, машины гэхчлэн төрөлжсөн худалдааны төв болох нэлээн  том төсөл. Тэр төсөл амжилттай хэрэгжиж дуусвал    Монголын эдийн засагт хэрэгтэй. Наранхүү эрхэм зээлийн өрөө сайн барагдуулж байгаа гэсэн. Гэхдээ нийт зээлийн эргэн төлөлт хангалтгүй гэгдэж байгаа. Зарим томоохон зээлдэгч нарын төлөлт гайгүй болсон гэсэн. Тодорхой мэдээлэл надад байхгүй байна.   Наранхүүгийн тухайд,    17 тэрбумаас 5 юм уу 6 тэрбум  төгрөг л үлдэж байна гэсэн. Хувьцаа эзэмшигчдийн хохирол гэж 10 тэрбум шахуу төгрөг байгаа шүү дээ. Тэр мөнгө чухам юунд зарцуулагдсан юм бол.  Мөн тэр иргэдийг хохироосон тухай ярихаас илүүтэй хохирлыг нь барагдуулах асуудал чухал болоод байна. Тэдний хохирлыг барагдуулах тал дээр  надад нэг  хувийн бодол бий. Магадгүй,  хүүхдийн санаа гэх юм уу даа. Ерөнхийдөө бол,  бид хөрөнгийн зах зээлээс  мянга гаруй хүнээс 10 тэрбум орчим төгрөг босгочихсон. Тэр мөнгийг  банкны үндсэн үйл ажиллагаанд зарцуулсан. ТУЗ ч, гүйцэтгэх удирдлага ч, ажилтнууд ч  тэр мөнгийг  хувьдаа зарцуулаагүй. Тэгэхээр,   энэ мөнгийг банкны үйл ажиллагаанд зарцуулсан нь үнэн юм чинь хувьцаа эзэмшигчдийн мөнгийг банкны активаас буцаагаад олгох ёстой л гэж боддог юм.Одоо Анод банкинд үлдэж байгаа гол активууд зээл байгаа. Мэдээллүүдээс  харахад  70,  80 -аад тэрбум төгрөг үлдэж байх шиг байна.  Харин хувьцаа эзэмшигчиддээ   10 тэрбумыг эргүүлээд олгох ёстой. Тэгэхээр  энэ мөнгөнүүдийг хооронд нь мөргөлдүүлж гэдэг юм уу, тааруулах санаа байж болно.

-Тодруулбал, яаж тааруулна гэсэн үг вэ?

-Техник талаас яаж ажиллах вэ гэхээр   “10 тэрбум төгрөгний хувьцаагаар зээл төлж болноо” гэж зарлахад “Анод”-ын хувьцаа эргээд эргэлтэд орноо гэсэн үг. Жишээ нь, би 10 сая төгрөгийн зээлтэй,     та 5 сая төгрөгийн хувьцаа  авчихсан байна  гэж бодъё л доо. Тэгвэл би таны 5 сая төгрөгийн хувьцааг  нэрлэсэн үнээр нь буюу  мянган төгрөгөөр  бодож 5 сая төгрөгөө өгөөд авахад, 5 сая төгрөгийн зээлээ хаана гэсэн үг юм.  Хувьцаагаар зээлийг төлөхийг л зөвшөөрөх естой. Энэ тохиолдолд бүгдээрээ хожиж байна. Нэг талаас зээлийн эргэн төлөлт явагдаж байна. Нөгөө талаас хувьцаа барагдуулж байна. Зээлдэгчид  шууд бэлэн мөнгөө аваачиж өгөх, хувьцаагаар  дамжуулж төлөх хоёр нь ямар ялгаатай, аль илүү ашигтай байж болох вэ гэдэгт нэг зохицуулалт байж болно.  Зах зээлийн хуулиар урамшуулал маягийн юм оруулж болох юм. Нэг бүр нь мянган төгрөгөөр  үнэлэгдсэн нийт 10 тэрбум төгрөгийн хувьцаа байгаа. Тэгвэл тэр хувьцааг   үнэ хаялцуулж  хувьцаа шиг эргүүлээд заръя л даа.  Зээл төлөх гэж байгаа хүнд  мянган төгрөгний   хувьцааг 950 юм уу 990 төгрөгөөр зарахад  дуртай авна. Зээл авсан хүнд нэлээн хэмнэлт байгаа.  Зээлдэгчдэд хувьцааг нэрлэсэн үнээс нь арай доогуур үнээр аваад хувьцааны  нэрлэсэн үнээр нь зээлээ  хаах боломж олгох юм бол хувьцаа эзэмшигчдийн хохирлыг богино хугацаанд барагдуулах боломжтой. Хууль эрх зүйн талаас бол,  банкны тухай хуулиар банкны бүрэн  эрхт төлөөлөгч нарт нэлээн өргөн эрх мэдэл олгосон байгаа. Гэхдээ шаардлагатай бол үүн дээр холбогдох  газруудаас шийдвэр гаргуулахад болохгүй гэх газаргүй.

-Хувьцаа гаргахаас өмнөхөн Солонгосын Шинхан банк стратегийн хөрөнгө оруулагчаас татгалзлаа гэсэн мэдээллийг Анод банкнаас СЗХ-нд ирүүлсэн байдаг.  Харин БНСУ-ын ЭСЯ-наас  Шинхан банк “Анод”-д  стратегийн хөрөнгө оруулагч болохоор зөвшөөрч байгаагүй гэсэн албан бичгийг Монголын Хөрөнгийн Биржид ирүүлсэн байдаг. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Тэр бичгийн талаар би сайн мэдэхгүй, үзээгүй. Байгуулагдсанаас хойш бид Солонгосын банк, санхүүгийн байгууллагуудтай   идэвхитэй харилцаатай байсан. Солонгосд  Монгол улсын маш олон иргэн ажиллаж байгаа. Мөн  Монголын нэлээн том худалдааны түнш байгаа. Хоёр улсын банкуудын харилцаа ч гэсэн өндөр түвшинд байсан. Манай  “Анод” банкны  тухайд Солонгосын гурав, дөрвөн банктай нэлээн сайн харилцаатай байсан. Хувьцаа гаргаж  гадаадын хөрөнгө оруулагчдад борлуулах асуудлыг 2004 оноос   ярьж байсан. Тиймээс  нэг европын консолтинг компанийг хөлсөлж гадаадын хөрөнгө оруулагчийг оруулах   боломжийн талаар  судалгаа хийлгэж байсан. Тэр компаний хийсэн судалгаагаар, манайд дэлхийн нэгдүгээр зэрэглэлийн Citibank,  JP Morgan Chase, HSBC зэрэг нэр хүнд бүхий  банкууд  орж ирэх сонирхол  байхгүй. Хоёр,  гуравдугаар шатны санхүүгийн байгууллагууд сонирхож магадгүй гэж байсан. Тэр нь бүсийн том банкууд, санхүүгийн компаниуд гэсэн үг. Тухайлбал, Хятадын,  Солонгосын том банкууд  Монголд орж ирэх   магадлалтай гэж байсан юм. Тэр компаний зөв л дөө. Өнөөдрийн байдлаар,  Кредит  банкийг Оросын том груп худалдаж авсан. Хятадын банкууд бас Монголд салбар нээх хүсэлт тавиад байна гэж байна шүү дээ. Тэр үед Солонгосын банкууд Монголын зах зээл дээр ажиллах сонирхолтой байсан. Тэр сонирхлын дагуу хэд хэдэн банктай уулзаж байсан. Тэднээс  Шинхан банктай  сайн төвшинд  харилцахад хүрсэн. Ерөнхийдөө, бид  “Шинхан банк  манай хувьцааг авна. Стратегийн хөрөнгө оруулагч болно”  гэж үзэж байсан. Харамсалтай нь,  2008 оны хавар “Дэлхийн санхүүгийн хямрал болж байна. Бидний эзэмшил солигдож байна. Тиймээс энэ асуудлыг одоохондоо хойшлуулъя”  гэсэн утга бүхий  байр суурийг тус банкнаас илэрхийлсэн.  Тиймээс бид дараачийн алхмаа хийсэн.  Солонгосын хөрөнгө оруулалтын хоёр сангаас санал ирүүлж,   тэд манай стратегийн хөрөнгө оруулагчид болсон.

-Монгол банкны хяналт   хэрхэн тавигдаж ирсэн юм бэ. Сүүлийн зургаан жил төв банкны шалгалтад бүдэрч байсан  гэдэгт Та юу хэлэх вэ?

-Монгол банкны шалгалттай холбоотой асуудлыг би шууд хариуцдаггүй байсан. Гэхдээ Гүйцэтгэх захирлаар ажиллах үед тулж ажиллаж байсан. Мэдээж шалгаж байгаа хүмүүс аль болох  зөрчлүүд гаргах гэж үзнэ. Шалгуулж байгаа хүмүүс аль болох зөрчлөө багасгах гэж үзнэ.  Хамгийн их зөрчил гардаг зүйл нь зээлийн эрсдлийн сан байгуулах,   зээлийн ангиллыг дээшлүүлэх доошлуулах асуудал дээр маргаан их гардаг байсан. Зээлдэгч хугацаандаа зээлээ  төлөөгүй ч юм уу, барьцаанд тавьсан эд хөрөнгө үнэгүйдэж,   эрсдэл хүлээх асуудал гарсан тохиолдолд  нэмж эрсдэлийн сан байгуулах ёстой гэсэн шаардлага тавьдаг.   Бид тэр тал дээр, Монгол банкны хянан шалгагч нарт өөрсдийн  тайлбарыг  өгөхдөө  “Та  нар газар дээр нь очоод  зээлдэгч нарын байдлыг үз. Өнөөдөр үндсэн зээлийг хугацаандаа төлөхгүй байгаа ч, үйл ажиллагаа нь  хэвийн. Гадаад,   дотоодоос хүлээгдэж байгаа төлбөрүүд нь  удахгүй орж  ирсэн тохиолдолд зохих зээлийн төлбөрүүдийг хийх болно” гэдгийг нь ойлгуулдаг байсан.  Зарим тохиолдолд тохиролцоонд хүрч байсан.

-Төв банк зөв хянасан бол банк дампуурахгүй байсан гэж хэлэх эрхмүүд цөөнгүй л дээ.

-Тэд хийдэг ажлаа хийж байсан. Гэхдээ Монголд бизнес  явуулахад угаасаа эрсдэл өндөртэй гэж ойлгох хэрэгтэй. Америкт ч сар болгон 5-6 банк дампуурдаг байна лээ.

-Н.Даваа нарын эрхмүүд  2008 оны 7-н сарын 1-ний  үйл ажиллагааг санхүүжүүлсэн учраас   улстөрийн зорилгоор банкийг нь   унагасан гэдэг асуудал байна.  Энэ тал дээр  таны бодол?

-Надад үнэхээр тодорхой мэдээлэл    байхгүй. Би өөрөө улстөрөөс хол байхыг боддог.  Гэхдээ нэг хувийн бодол байдаг юм. Манай банкинд төр барьж байгаа хоёр намын аль нэгийнх нь дэмжлэг байсан бол бид гайгүй явах  байсан болов уу л гэж боддог.  Нуугаад яахав,  төсвийн дансуудыг өөртөө байршуулах, эсвэл гадаадын ямар нэг төсөлд хамрагдах гэхчлэн   зарим тохиолдолд улстөрийн лобби хэрэгтэй байдаг. Гадаадын төслөөр техникийн тусламж,   хөнгөлөлттэй зээл орж ирлээ гэхэд улстөрийн  дэмжлэгтэй банкуудад лобби хийх боломж илүү байдаг юм. Хэрэгт холбогдох хүмүүс зөвхөн удирдлагуудаар дуусахгүй гэгдэж байна.  Хэрэг нэлээн сунжрах нь ээ. -Олон талын асуудлыг хамарсан хэрэг учраас нэгмөсөн сайн шалгаж мөрдсөн нь дээр юм болов уу гэж боддог. Тиймээс хугацаа хангалттай байх ёстой болов уу.

-“Анод” үүдээ барих үед та тэнд ямар нэг албан тушаал хашиж байгаагүй ч,    тухайн жилүүдийн үйл ажиллагаатай холбоотой асуудал  учраас та удирдлагын албанд байсан хүний хувиар хэрэгт татагдаад байна. Та өөрийгөө юунд буруутгах вэ?

-Би өөрийгөө өмгөөлж,  хамгаалж ярих  нь хаашаа ч юм бэ. Гэхдээ намайг Гүйцэтгэх захирлаар ажиллах үед шинээр барьцаагүй баталгаагүй олгосон зээл байхгүй гэж бодож байна. Зээл олгосон ч барьцаатай,  баталгаатай, эргэн  төлөгдөх боломжтой зээлүүд байсан. Анод банктай холбоотойгоор их хэмжээний хохирол бий болсон үнэн. Одоо тэр хохирлыг багасгах,   арилгах тал  дээр  ажиллавал сайн л гэж боддог юм. Манайхаас зээл авсан компаниуд өөр банкуудаас нэмж зээл авч  эхлүүлсэн  төсөл хөтөлбөрүүдийг  дэмжээд явбал манай алдагдлууд ч багасана. Тухайн компаниуд ч босоод ирэх боломжтой л гэж харж байна. Манайхыг их хэмжээний зээл олгосон гэж буруутгаж байна л даа. Зээл олгоно гэдэг бол банкны өөрийн өдөр тутмын үйл ажиллагаа. Гэмт хэрэг биш.

-Ер нь яагаад таныг Гүйцэтгэх захирлын албанаас чөлөөлж, хуучин захирал  Д.Энхтөр эрхмийг эргүүлж авчрах болсон юм бол?

-Мэдэхгүй дээ. Би гуравдугаар сард ажил хүлээж авсны дараа,  санхүүгийн байдлыг сайжруулах тал дээр хэд хэдэн арга хэмжээ авсан. Удирдлагын зардлыг багасгах арга хэмжээ авсан. Мөн цомхотгол явуулсан   нь зарим хүмүүст таалагдаагүй байж магадгүй. Намайг эхлээд 7 дугаар  сард ажлаас халчихаад,  7 хоногийн дараа буцаагаад ажилд авчихсан юм. Би ч өөрөө буцаад оръё гээгүй л дээ.  Тиймэрхүү,  тоглоом шиг л асуудал болсон. Дараа нь арваннэгдүгээр сард ахиж халахдаа “чамайг ажлаас чөлөөлж байна, чи хуучин ажлаа хийх үү” гэхэд нь би  “гаръя даа л “ гэсэн юм.

-Одоо Э.Гүр-Аранз, Н.Даваа нарын хуучин удирдлагуудтайгаа холбоо харилцаа хэр байдаг вэ?

Мөрдөн байцаах газрын үүдэнд тааралддаг болсон. Би  тэр хүмүүсийг хүндэтгэж явдаг.  Мөн  “Анод”  банкны хамт олноороо бахархаж явдаг.

-Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа.

Э.Болорхажид


URL:

Сэтгэгдэл бичих