ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЭСРЭГ 14 ДҮГЭЭР БАЙРНЫ ОРШИН СУУГЧИД, ЗАНАБАЗАРЫН МУЗЕЙН ХАМТ ОЛОН ТЭМЦЭЖ ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсын хуулиас дээгүүр эрх мэдэлтэй аж ахуйн нэгж байгууллага гэж байдаг юмуу. Эсвэл мөнгөтэй банкинд төрийн хууль үйлчилдэг юм болов уу.
Худалдаа хөгжлийн банкны хууль бус барилгыг эсэргүүцэж, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны оршин суугчид буюу Занабазарын музейн хамт олон, Мах товерын ажилчид удирдлагууд нийлж нэгдэж тэмцэж эхлээд удаж байна.
Худалдаа хөгжлийн банкны шинээр баригдаx 31 давxар барилга нь бидний өдөр тутам зорчдог байсан байрны урд талын гарц, Нийслэлчүүд зорчдог явган хүний замыг хааж, байшингийн цонхонд тулган хашаа барьж, өндөр барилга барих байшин хоорондын зай зөрчин, цонхны нарны тусгалыг бүрэн хааж байгаад оршин суугчид бид эсэргүүцлээ илэрxийлж байгаа юм.
Бүр цаашилбал гүн гүнзгий ухсан газраас нь болж 14 дүгээр байр нурах, гулсалт өгч эхэлсэн талаар оршин суугчид нь хэлж байна.
Хар замтай хашаа тулгаад хатгачихсан, шөнө өдөргүй барилгын ажил хийж, амар тайван байдлыг алдагдуулж байгаа гэнэ.
Хоёр хоногийн өмнө дээрх байрны урд талын хаяавчийг хуулснаар чичрэлт өгч суурийн хэсэг нь захаасаа нурах аюул нүүрлэсэн талаараа тэмцэгч оршин суугчид ярилаа.
Мөн хууль бусаар шөнөөр барилгын ажлаа явуулдаг энэ газар явган хүний зам талбай, гарц, байранд нар тусах тусгалыг бүрэн хаахаар байгааг эсэргүүцээд буй.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын барилгын хууль, норм стандартыг ноцтой зөрчин хүч түрэмгийлж байгаа.
Тиймээс хууль бусаар баригдаж, олон хүний эрх ашиг, ая тухтай амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа дээрх барилгын талаар хандах бүх газарт нь хандана, хөлөө хүрэх газраа хүртэл явна гэдгээ мэдэгджээ. Яагаад гэвэл газар доош 10 метр гаруй суурийн нүх ухахад хуучны байр тэсэхгүй нурна гэдгийг тэд онцолсон юм.
Гурван жилийн өмнө 3 дугаар хороололд байрных нь хажууд барилга барьж эхлэнгүүт хуучны байранд гулгалт үүсч нурах аюулд орж, оршин суугчдыг нь нүүлгэн шилжүүлж, барилгын ажлыг зогсоож байсныг та бүхэн санаж байгаа байх. 12 давхар байрны хажууд барилгын суурь ухаснаас гулгалт үүсч байсан.
Яг л тийм байдал энэ 4 дүгээр хорооны 14 дүгээр байрны оршин суугчдад тохиолдоод байгаа аж. Ийм аюул давтагдах вий гэж оршин суугчид айж байна.
Хамгийн гол нь Монгол Улсын барилгын туxай хуулийг зөрчиж оршин суугчидтай хэлэлцэн зөвшилдөөгүй, шөнө дөлөөр хүч хэрэглэн барилгын ажлыг явуулж, норм стандарт, Монголын хөрсөнд нийцэxгүй зурагт стандартай барилга бариад байгаа юм байна.
Тиймээс Худалдаа хөгжлийн банкны энэхүү барилгын зураг нь Монголын хөрсөнд хэр нийцэж байгааг хууль хяналт, төр заxиргааны байгууллагууд шалгаж өгөxийг хүсч байна. Хууль хяналтынхныг шалгаж өгөхийг хүсэв.
Мөн түүх дурсгалын хосгүй үзмэртэй Занабазарын музей ч устах аюулд орж байгаа учраас өнөөдөр оршин суугчид болон тус музей хамт олон Мах товерынхон уулзан барилгыг эсэргүүцсэн шаардах бичгийг холбогдох газруудад хүргэхээр болжээ.
Тэд эцсээ хүртэл тэмцэнэ. Аюулгүй орчинд аж төрж амьдрах ёстой иргэд хүчтэй юу, эсвэл эрх мэдэл, мөнгө төгрөгтэй банкныхан хүчтэй байдаг уу. Хууль хяналтын байгууллагууд хэнийх нь талд үйлчилж, шийдвэр гаргахыг харна гэдгээ хэлсэн юм.
О.Сайхан
URL: