Нэг их сургуулийн уршгаар хоёр ч хүүхэд зам тээврийн осолд өртжээ

40261784_516365928803143_6464286330099597312_nНийтийн зориулалттай талбай болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газрын гарц, зорчих хэсгийг хааж, галын болон эмнэлгийн машин орох боломжгүй болгосон аж ахуйн нэгжид төр төмөр нүүрээ харуулах болсныг хотын дарга С.Батболд онцолж, энэ дагуу ажлыг шуурхайлан хийж эхэлсэн. Тэгвэл хотын даргын сонорт дуулгах мэдээлэл байна. Нийслэл Улаанбаатарын төв болон Сүхбаатарын талбайгаас ердөө 700-хан метрийн зайд буюу таны тухлан суудаг Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас нэг буудал хүрэхгүй зайд сурагч, оюутнууд, эцэг эхчүүдийн эрх ашиг зөрчигдөж, тээврийн хэрэгслээр битгий хэл явган зорчих боломжгүй болж, амь насанд нь ч гэнэтийн ослын аюул, заналхийлэл учирчихаад байна.

Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн хашаа, хашлага бусдыг бухимдалд хүргэж, авто замын түгжрэлийг нэмэгдүүлэхэд нөлөөлөхөөр байгааг хотын удирдлага, газрын албад, замын цагдаагийнхан гэхчлэн холбогдох төрийн байгууллагууд яаралтай анхааралдаа авахгүй бол болохгүй болж. Зүй нь тус сургуулийн ойр орчимд ерөнхий боловсролын 25, “Үй-Цай”, “Этүгэн” их сургууль, “Хобби”, МУБИС-ийн Боловсрол судлалын сургууль болон оюутны дөрөвдүгээр байрууд оршдог.

Гэтэл Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль зүүн талдаа төмөр ногоон хашаа хатгаж, баруун талдаа байрлах нийтийн эзэмшлийн авто замын талбайг гинжээр цоожилсон нь дээрх сургуулиудын сурагч, эцэг, эх, багш, сурган хүмүүжүүлэгчид болон бусад зорчигчдыг ч зорчих хэсэггүй болгож орхих нь тэр. Юун сургуулийн бүсэд аюулгүй байдлыг бүрэн хангах. Хоёр ч сурагч үүнээс үүдэлтэй зам тээврийн осолд өртжээ. Нэг их сургуулийн уршгаар нийтийн эрх ашиг хөсөр хаягдсан жишээ нь энэ. Сурагчдыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих асуудлыг шийдвэрлэх хүрээнд “Сургуулийн автобус” төсөл хэрэгжүүлэхээр болсон билээ. Гэвч явган зорчигч зорчих боломжгүй энэ хэсэгт сургуулийн автобуст цухуйх зай ч алга.

Нийтийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байгаа Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль /хуучнаар/ өнгөрсөн жил буюу Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед дээд сургуулийн статусаа гээж, Монгол Улсын ууган сургуультай нэгдсэн юм. Сонирхуулахад, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат тус сургуулийг 1992-1995 онд төгссөн нэгэн. Хардсан нэгэнд суралцаж байсан сургуулиа дээд биш их хэмээн өргөмжилсөн байж ч мэдэх юм. Ийнхүү их сургууль хэмээн өргөмжлөгдөх болсон нь ч өөр шалтгаантай гэх.
Ямартай ч ийнхүү их сургуулийн статустай болсон тус сургуулийг удахгүй хувьчлах тухай яриа ч газар авчээ. Тиймдээ ч хашаа хайсаа янгинатал хатгаж, үүд хаалгаа төмөр гинжээр цоожлоод амжсан тухай ойр хавийнх нь оршин суугчид хэлж байна. Тэр бүү хэл, кадастрын зургаа өөрчилж, талбайгаа тэлэхдээ нийтийн эзэмшлийн авто замын талбайг ч хааж байна, Х.Болорчулуун дарга аа.

Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль хичээлийн нэг, хоёрдугаар байртай ч нэгийг нь түрээслэдэг. Нөгөө байранд нь 200 орчим оюутан суралцдаг хэмээн ойр тойрныхон нь ярьсан. Тус сургуульд хэдэн оюутан суралцдаг байхаас илүүтэй тэр хавийн сургуулийн сурагчид хичээлийн шинэ жилийн эхний өдрөөс эхлээд хэрхэн сургуульдаа аюулгүйгээр очиж, суралцах вэ, Ц.Цогзолмаа сайд аа.

Тээврийн хэрэгсэл битгий хэл явган зорчигч явах боломжгүй энэ газраас болж есдүгээр сарын 1-нээс эхлэн төв замын ачаалал хэд дахин ихсэхийг эрх биш Замын цагдаагийн албаныхан тооцоолсон л байх. Түгжрэлээс үүдэлтэй эцэг, эхчүүдийн бухимдал, эрсдэлтэй, аюултай орчныг туулж сургуульдаа хүрэх сурагчдын асуудлыг шийдвэрлэж, өөрийн гарын үсэгтэй захирамжаа хэрэгжүүлээч хотын дарга аа.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр та “Аж ахуйн нэгж байгууллага, иргэд эзэмшлийн талбайн хэмжээгээ дур мэдэн тэлж, хашаа хатгаснаар галын болон эмнэлгийн машин орох боломжгүй болсноор иргэд тусламж авч чадахгүйд хүрэх эрсдлийг бий болгож байна” хэмээн хэлж байсан удаатай. Энэ нөхцөл байдал, аюулын харанга тус их сургуулийн гайгаар энд ч мөн нүүрлэжээ.

Нийслэлийн дэд бүтэц хариуцсан орлогч дарга Ц.Баярхүү хотын даргын захирамж гарсан даруйд сургууль, цэцэрлэгийн ойролцоох авто зам хийгээд зорчих хэсэгтэй газар дээр нь танилцаж, асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэж байсан удаатай. Тиймээс Ц.Баярхүү дарга таныг албан тасалгаанаасаа 1 км хүрэхгүй зайд орших энэхүү нөхцөл байдалтай танилцаж, асуудлыг шийдвэрлэж, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдарч, суралцах эрхийг нь хангаж өгөхийг оршин суугчид болоод сургуулийн удирдлагууд хүсч байна.
Өдгөө “Үй-Цай” сургууль руу гэхэд нэвтэрч орох ямар ч боломж алга. Тиймээс тус сургуулийн 1000 гаруй сурагч, мөн “Этүгэн”, “Хобби”, ерөнхий боловсролын 25 дугаар сургуулийн сурагчдын аюулгүй байдал, амь нас, эрүүл мэнд Ц.Цогзолмаа сайд хийгээд, хотын удирдлагуудын гарт байна

 https://www.facebook.com/permalink.php?story_fbid=516365955469807&id=178163569290049

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.