Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе

5b1b608a70b0cАйл айлын хөөрхөнүүд алба албандаа гарцгааж өдрийн хугаст гэр эзгүйрнэ. Зунжин тоглосон тоглоом ширээний дэргэд ханьгүйдэж, зуны маажиг шаахай үүдэн тушаа уйтгарлана. Үдийн хойноос дуугаан хадаасаар өнгийн цэцгүүд гэртээ ирцгээнэ. Өнөөдөр болсон өхөөрдөм түүхийг нь сэтгэлдээ эрхлүүлэн сонсоно. Аз жаргалын үнэ цэнэ угтаа хаана оршдогийг аажим аажмаар ойлгох болно. Амьдралыг инээдээр дүүргэгч тэдэнгүй бол амьдарсан гээд ч яахын билээ. Ай даа, амьдын аргамжаа алаг зүрхний гэрэлт ирээдүй гэж…

Өнөөдөр хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг есдүгээр сарын 1. Монгол орон даяар 2018-2019 шинэ хичээлийн жилийн нээлт болно. Дүрэмт хувцсаараа гоёсон бяцхан үрс энэ өдөр баяр хөөртэйгээр сургуулийнхаа зүг, аав ээждээ хөтлүүлэн, инээд хөөр дагуулсаар зунжин уйтгарласан анги танхим дүүргэх өдөр.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны наймдугаар сарын 25-ны өдөр зарлиг гаргаж жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон зарласан юм.

Зарлигт дурдсанчлан “Эх хэлний өдөр”-ийг угтаж, эх хэлээ сурталчлах, түүгээр бахархах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн эх хэл соёл, түүх, зан заншил, өв уламжлалын тухай мэдээ, мэдээлэл зэргийг нэвтрүүлэх, бүх шатны сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд жил бүрийн “Эх хэлний өдөр”-ийн хичээлийн нэгдүгээр цагийг монгол хэл, уран зохиол, Монголын түүхийн хичээлийн сэдэв агуулгад багтаан явуулах ёстой юм.

Энэ хичээлийн жилд БСШУСЯ-наас “Суралцагч бүрийн сурлагын чанарт ахиц” гаргах жил байхаар үндсэн зорилгыг дэвшүүлж байна. Энэ зорилгоо хангахад сургууль, цэцэрлэг, багш, удирдах ажилтан, эцэг, эх, асран хамгаалагчийн түвшинд ямар зорилго тавьж ажиллахыг тодорхойлж өгсөн байгаа. Тухайлбал, эцэг, эхчүүд маань хүүхдийнхээ нас, хөгжлийн онцлог, зан төлвийг таньж мэдэн, хүүхдээ ойлгож дэмжин туслах замаар боловсрол эзэмших, авьяас чадвараа хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажиллахыг уриалж байна.

 Энэ хичээлийн шинэ жилд улсын хэмжээнд нийт 30,0 мянган багш ажиллана. Тэдний 27.3 мянга нь төрийн өмчийн сургуульд, 2.7 мянган нь хувийн өмчийн сургуульд тус тус ажиллах юм.

Ийнхүү 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн анхны хонхны дуу өнөөдөр цангиналаа. Оюутан, сурагч,  багш сурган хүмүүжүүлэгчид болон боловсролын салбарын нийт ажилтнууддаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.